Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Батнасан: Энэ шалгалт, Энхбаярын баривчилгаа хоёр арга барилын хувьд адил байгаа нь сонин


-Х.Баттулга гишүүний эсрэг “Нүүрсчдийн нам”-аас гадна нэр бүхий улс төрийн томчууд нүүдэл хийж байгаа гэлцэх юм?


-Би гайхаж байна. Элбэгдорж гэдэг хүн Монголоосоо урвачихсан юм уу, нөгөөх ардчиллаасаа ухарч байгаа хэрэг үү. Угтаа төр, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх учиртай хүний нэр энэ мэт хууль, цагдаагийнхны явуулж буй үйл ажиллагааны ард дандаа дурдагдах боллоо. Дөрвөн жилийн өмнө Энхбаярыг аваад явсан, төд удалгүй өршөөл үзүүлээд сулласан. Тэр ч бүү хэл ард түмний өмч хөрөнгөд хууль бусаар халдсан харь хүнийг ч цагаатгасан. Энэ байдал дөрвөн жилийн дараа дахин давтагдах дөхлөө. Би хувьдаа Энхбаярын идэж уусан гэх хэргийг одоо ч ойлгож ухаараагүй явна. Баттулгыг ч мөн адил идсэн уусан гээд байдаг өдий хүртэл яагаад нотлоод гаргаад ирдэггүй юм. Шалгаад, авч яваад хориод л байдаг. Тэр хүн өөрөө ч гүйж очоод шалгууллаа гэх юм. Гэтэл хийсэн хэрэг нь ил цагаандаа гарсан хэр нь огт шалгагддаггүй дархан эрхтэй хүн өчнөөн байна. Оффшор данстай Баяцогтыг яагаад шалгадаггүй юм, долоон хаустай гэх Баярыг яагаад шалгадаггүй юм. Тэгсэн хэр нь Тавантолгойг Монголын ард түмний өмч гэж дуугарсан хүнийг л төрийн цагдаа, хүчнийхнээр далайлгаж дарамтлаад,заавал хэрэгтэн болгох гээд үзээд байдаг. Энэ бүх эзнээ олоогүй баривчилгаа, хяналт шалгалт бол ердөө л нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн арчаагүй арга. Зэр зэвсэг агссан тусгай хүчнийхэн аваад очихоор олон нийтийн хандлага өөрчлөгдөнө гэж төлөвлөсөн хэрэг. “Нээрээ ч идэж уучихсан юм уу” гэж дотроо бодож байгаа нь бий. Гэхдээ ямар ч эрх дархтан байгаад үнэнийг өөрчилж чадахгүй. Эзний алба ээлжтэй ч гэдэг. Хэргийн учир зангилаа удахгүй тайлагдаж хэн нь хэн болох нь харагдана.
Хууль, хүчнийхнээр сүр бараа нэмж хэрэгт унагадаг энэ арга барилаар ажилладаг болоод удаж байна. Арга ядаад хувийнх нь юм руу орж байхав. “Тэндээс л хэрэгт тохчих юм ол” гэж байгаа юм шиг. Үүнээс нь болоод иргэд хууль, цагдаагийн байгууллагадаа итгэл алдрахад хүрээд байна. Төрийн цагдааг өмнөө барьж, нэр сүрийг нь ингэж унагаж, ард түмэнтэй нь талцуулж байх эрхтэй хүн хэн бэ.

-Баривчлах  гэж очоод хүмүүс бужигнаад эхэлмэгц больчихсон, эмээсэн гэж харж байгаа нь бий?

-Шалгаж болноо, бид шалгуулдаг шүү дээ. Үгүй ядаж хэв журмын хэдэн цагдаатай ирвэл нэг өөр. Гэтэл маш онцгой нөхцөлд дайчлагддаг тусгай хүчнийхэн байдаг нь ямар учиртай юм. Хэдэн цаас гүйлгэж харахын төлөө тусгай хүчнийхнийг дагуулж очдог ч гэж юу байхав. Тийм хууль, журам ч байдаггүй юм билээ. Тэгэхээр өөр зорилготой очсон нь мэдээж. Гэтэл Монголд чинь бас шударга хүмүүс байна, хэвлэлийнхэн ч ээлжит баривчилгаа хийгдэх нь гэж харж байсан. Тиймдээ ч Баянголын үүдэнд овоорчихсон хэрэг. Ичсэн хүн хүн ална гэж нөгөөх сүр бараа болсон улс нь ч очсон зорилгоо өөрөөр тайлбарласан юм болов уу даа. Тусгайгийнхныг дагуулж очсоноо “эсэргүүцэл үзүүлж болзошгүй хэмээн сэргийлсэн” гэх байдлаар тайлбарлаж байгаа юм. Оффисын ажилтай хэдэн хүн хууль, хүчний өмнө сөрж зогсохгүй нь ойлгомжтой.
Хэнтэй буудалцах гээд байгаа юм. Эсвэл Баттулга гэдэг хүн чинь тийм айхтар цэрэг, армитай юм уу. Тэгэхээр асуудлыг аль болох томоор харж, дүгнэж цэгнэх хэрэгтэй юм. Юманд өнгөц хандаж, гаднах байдалд нь хууртаж болохгүй. Учиргүй сур дуулиан болгосон энэ шалгалтаар хий хоосон хардлага төрүүлэх гэсэн хэрэг.

-Ингэж ээлж дараалан баривчилгаа хийж, шалгалт явуулж байгаа нь цаагуураа Баттулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зорилготой гэж харж байгаа хүмүүс олон. Энэ нь хэнд ашигтай вэ гэдэг асуулт урган гарч байна л даа?

-Ер нь олон хүний амнаас сонслоо. Баттулга гэдэг хүнийг их хуралд гаргахгүй байх, мөн 2017 оны сонгуулиар Ерөнхийлөгч болчихож магадгүй хэмээн эмээсэндээ Энхбаяр шиг эртхэн дарж авъя, ямар нэг хэрэг үүсгэе гээд байна. Энхбаярыг 2017 оны наймдугаар сар хүртэл элдэв алба тушаалд орж болохгүй гээд яриад байгаа. Үүн шиг Баттулгыг нэг юмаар аваачиж хийчихээд тэдэн оны тэдэн сар хүртэл ямар нэг юманд орж болохгүй гэх гээд байх шиг. Дээр хэлснээр асуудлыг арай өөр өнцгоос, бүхэлд нь харвал энэ шалгалт, Энхбаярын хэрэг хоёрын арга барил адил байгаа биз.
Тэгэхтэй зэрэг нөгөө нүүрсчдийн нам гэж яриад байгаа хүмүүс дураараа дургих нөхцөл боломж бүрдэх нь ээ гэсэн үг. Энэ ажиллагаа зөвхөн Баттулгаар хязгаарлагдахгүй байх. Зандаахүүгийн Энхболд, Эрдэнчимэг, Гансүх тэргүүтэй хүмүүс ч Тавантолгойн асуудлаар ярьж, дуугарч байгааг санах хэрэгтэй.

-Х.Баттулга гишүүнийг “Шинэ сум” төсөл, Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр замаас мөнгө завшсан байж магадгүй хэмээн шалгаж байгаа. Танай аймагт анхлан хэрэгжсэний хувьд “Шинэ сум” төслийн тухайд та юу хэлэх вэ?

-Баттулга гэх хүн Монголын төлөө, Баянхонгорын төлөө юм хийсэн, хийж байгаа цаашид ч хийх ёстой хүн. Хийсэн бүтээснийх нь үр дүнг Монголын ард түмэн ч хүртсээр өдий хүрсэн. Хамгийн энгийн жишээ бол Баянхонгор аймагт бий болгосон шинэ сум. Саяхан Бууцагаан сумаар ороод гарахад “Ийм сайхан байр сууцанд орсноос хойш сургуулийн хүүхдийн гутал хувцсанд өгдөг зардал багассан” гээд жирийн малчин өвгөн хуучилж сууна. Яасан гэхээр нөгөө гутал хувцасны дайснуудын маань сургууль, дотуур байрыг нэг дор цогцоор нь шийдэж өгсөнд байгаа юм. Гадагш гарч бие засах шаардлагагүй, дотроо боловсон бие засах газартай. Тэндээ усанд орчихно. Худалч хүнд хотын зарим нэг сургууль үүнээс дор байгаа. Энэ мэт их олон жишээ хэлж болно.

-Шинэ сумыг говь шахуу газар, асар их хөрөнгө зарж бүтээн байгуулалт хийчихээд тэнд нь суурьшсан хүнгүй, эзэнгүй шахуу байна гэх нь бий. Ойр байгаа хүний хувьд энэ тухайд юу хэлэх вэ?

-Тиймэрхүү мэдээ мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Уншчихаад ирж үзчихээд ингэж мэдэмхийрдэг болоосой гээд инээд хүрч л суулаа. Үнэндээ барааг нь ч хараагүй юмаа л бичиж суугаа улс шүү дээ. Ер нь, шинэ сум бол маш зөв зүг рүү хандсан бүтээн байгуулалт. Хөгжлийг сумаас эхлүүлье гээд л хөдөө хотгүй өчнөөн жил ярьсан. Энэ ажлын эхлэл, жишиг болсон ажил бол шинэ сум. Гэтэл яагаад энэ чухал ажлыг ингэж бичээд байна гэхээр Баттулга гишүүний хийж бүтээснийг харлуулах гэсэн явуургүй ажил юм л даа. Тэгэж бичээд байгаа улсад нэг л юм хэлье, манай шинэ суманд ирж үзчихээд хэл амаа билүүд. Мөн шинэ сумын төсвөөс мөнгө идсэн гээд байдаг. Би өөрөө шинэ сумын төвийн ажилд хяналт, шалгалт хийсэн багт багтаж ажилласан хүн. Угтаа улс төсөвлөсөн мөнгөө ч хугацаандаа өгөөгүй юм шүү дээ. Тэр хооронд Баттулга гишүүн хувийн компани, банк гээд хэд хэдэн газраас хүүтэй мөнгө зээлж байж ажлаа цагт нь дуусгасан байгаа юм. Магадгүй Баттулга гишүүн анхаарч ажиллаагүй бол өнөөдөр тэр хоёр сумын ажил дуусаагүй, балгас болоод хоцрох байсныг үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан