Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Цэцгээ: 14 дүгээр сургуулийн барилга ирэх жил ашиглалтад орохгүй л болов уу

Баянзүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 1949 онд байгуулагдан эдүгээ 67 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй ууган сургуулиудын нэг. Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 179 тоот тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулиудын дунд явуулсан сонгон шалгаруулалтад хамт олны амжилт, үйл ажиллагааны чанарын үзүүлэлтээрээ шалгарч БСШУ-ы сайдын тушаалаар Олон улсын стандартыг хэрэгжүүлэх үндэсний лаборатор сургуулиудын нэгээр батлагдаж, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн гээд тус сургуулийнханд олон сайхан үүх, түүх бий.
Харамсалтай нь, тус сургуулийн “А” байрны ашиглалтын хугацаа дуусч, нурж эхэлснээр 2013 оны арванхоёрдугаар сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт гарч үйл ажиллагаа явуулахыг нь бүрэн зогсоосон. Энэ цагаас хойш олон сургуульд хуваагдан хичээллэж байгаа  тус сургуулийн хамт олон шинэ барилгыг нь хурдан барьж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, мөн багш ажилчдын ажиллах таатай орчинг бүрдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч өгөөч хэмээн удаа дараа хүсэлт тавьсан ч тусыг эс олоод байгаа.

Тиймээс барилгын ажил хэдийд эхлэх, Концессын гэрээ хийгдсэн эсэхийг тус сургуулийн захирал В.Цэцгээгээс тодруулсан юм.
 
-Танай сургуулийн шинэ барилгыг барих Концессын гэрээ юу болж байгаа вэ?


-Ямар ч гэсэн зураг төсөв нь дуусч байх шиг байна. Концессоор барина гэдэг нь хэвээрээ байгаа. Энэ өвөл сургуулийн маань барилгыг буулгачихсан. Тиймээс барих ажил нь эхлээсэй гээд л хүлээгээд байж байна. Энэ ажил яагаад хүлээгдээд байна вэ гэхээр барих гэж байгаа компани нь Хөрөнгө оруулалтын газартай Концессын гэрээгээ байгуулаагүйтэй холбоотой. Тиймээс л хүлээгдээд байна.

-Ямар компаниар бариулахаар болсон юм бол?

-Сургуулийг буулгасан компани нь “Цамхаг” байсан шүү дээ. Тэгэхээр энэ компани нь барих ёстой байх. Гэрээгээ хийгээгүй учраас хүлээгээд байгаа хэрэг.

-БСШУЯ-ны удирдлагуудаас та нарт ямар мэдээлэл өгч байх юм. Өмнө нь БСШУ-ы сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлж байсан санагдана?

-Бид чинь өдөр болгон сайдтай уулзаж чадахгүй юм. Ер нь, уулзалдаад байдаггүй. Өнөөдөр /өчигдөр/ хүртэл манай сургуулийн асуудалд анхаарлаа хандуулаад, ажлыг нь хурдан эхлүүлэхэд дэмжлэг үзүүлээчээ гээд хүсэлт тавьсан. Яахав яамны зүгээс ажил хариуцсан хүмүүс нь зураг төсөв нь хурдан дуусаад Барилгын хөгжлийн төвөөр орж магадлал, шинжилгээ хийлгээд дүгнэлт нь гарчихвал болох гээд байна. Хөрөнгө оруулалтын газар “Цамхаг” компанитай гэрээ байгуулсан цагт ажил нь эхэлнэ гээд байгаа юм. Харамсалтай нь, энэ гэрээ байгуулах ажил нь л удаашраад байна.

-Тэгвэл гэрээ хийхийг л хүлээгээд байгаа байх нь. Тийм үү?

-Тийм ээ. Гэрээ нь хийчихвэл барилгын ажил эхлэх байх гэж горьдоод байна. Хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын газар гүйцэтгэгч “Цамхаг” компани хоёр төсөвт өртгөн дээрээ бас таарахгүй байгаа юм шиг байна билээ. Өөрөөр хэлбэл, хэлэлцээр дээрээ тохирч чадахгүй байгаа юм болов уу гэж миний хувьд ойлгосон. Тэгэхээр энэ ойлголцол нь бий болоод, хэлэлцээрээ хийгээд, гэрээ байгуулчих юм бол өнөөдөр ч гэсэн ажлаа эхлүүлэхэд бэлэн байна гэдгээ “Цамхаг” компанийн удирдлага бидэнд мэдэгдсэн.

-11 дүгээр сургуулийн нээлтэд оролцсон нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд танай сургуулийг 2017 онд гэхэд ашиглалтад оруулчихна гэж ярьсан. Ийм боломж бололцоо нь бий болов уу. Та юу гэж бодож байна вэ?


-Телевизээр гарсан мэдээгээр бол ирэх жил 14 дүгээр сургуулийг ашиглалтад оруулна гэж байсан. Ороосой л гэж бодож байна.  Урин дулаан цаг ирчихлээ. Аль хэдийнэ барилгын ажил эхэлчихсэн үйл ажиллагаа нь явагдаад байна. Гэтэл манай сургуулийн барилгын ажил эхлээгүй байгаа юм чинь ирэх жил ашиглалтад орно гэдэгт итгэлтэй биш байна. Миний хувьд шүү дээ. Гэхдээ ажил нь эрт эхлээд эрчимтэй явагдах юм бол намар биш юм аа гэхэд 11 дүгээр сургуулийн хэмжээнд ашиглалтад орчих болов уу гэж горьдож сууна. 11 дүгээр сургуулийн барилгын ажил яг л өдийд эхэлсэн. Хамгийн гол нь 11 дүгээр сургууль цөөн хүүхэдтэй жижигхэн сургууль шүү дээ. Манайх бол 1500 хүүхдийн хүчин чадалтай том сургууль байх юм. Тэгэхээр ажлын цар хүрээ нь хоёр, гурав дахин их байж таарна. Тиймээс ирэх жилийн хичээлийн дундуур ашиглалтад орно гэдэг нь худлаа байх гэж бодож байна.

-Сурагчдын хувьд таван сургуульд тарж хичээллэж байгаа хэвээрээ юу?

-Хэвээрээ, хэвээрээ. Бага ангийнхан маань “Шавь” цогцолбор болон өөрийн сургуулийн “Б” байранд гурван ээлжээр хуваагдаад хичээллэж байна. Дунд ангийнхан маань 44 дүгээр сургуулиас хөөгдөөд 53, 92 дугаар сургууль дээр хуваагдаад хичээллэж байгаа.

-Төгсөх ангийн хүүхдүүддээ яаж давтлага өгч байгаа вэ. Ийм боломж бололцоо олдож байх юм уу?

-Төгсөх ангийн хүүхдүүд 92 дугаар сургуулийн стандартын барилгатай өргөтгөлд нь хичээллэж байгаа учраас ямар ч асуудалгүй байна. Багш нар маань ирж очих нь төвөгтэй байгаа болохоос биш төгсөх ангийнханд ямар нэгэн бэрхшээл байхгүй. Ганцхан хичээлийн бус цагаад нэмэлт давтлага авах боломж, нөхцөл муу байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан