Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын залуучуудын холбоо хэний төлөө ажилладаг вэ, А.Мөнхбат дарга аа


Монголын залуучуудын холбоо хэмээх зуу орчим жилийн түүхт байгууллагын тухай та юу мэдэх вэ. Ахмад үеийнхэн бол Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэдгээр нь төсөөлдөг. Харин сүүлийн үед элдэв улс төрийн акц хийдэг хэтэрхий улстөржсөн байгууллага гэсэн ойлголт төрөх боллоо.  2012 оны байдлаар нийт хүн амын 66,5 хувийг 15-59 насныхан эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийгмийн амьдралд оролцдог хэсэг нь гэж болно.

Харамсалтай нь залуучуудыг төлөөлж буй улсын хэмжээний байгууллагын өнөөдрийн байгаа байдал нийгэмд хар буруугаар л төсөөлөгдөж байна. Залуучуудын мэдлэг боловсрол, нийгмийн асуудалд анхаарал хандуулдаг байсан Монголын Залуучуудын холбоо 2012 оноос хойш нүд аньсан гэхэд буруудахгүй. Улс төрийн хар жагсаалт, гуталтай жагсаал гэх мэтчлэн арга хэмжээнүүд нь хэн нэгэн, хэсэг бүлгийн захиалгаар хийсэн ажил шиг харагдаж эхлэв.

Монголын түүхэнд ч гэж дээ сүүлийн хэдэн жилийн үйл явдлуудыг хар, цагаанаар нь ялгаж суудаг ажил залуучуудын энэ байгууллагад ногдож. Тэгэхдээ бас хар, цагаанаа салгаж ойлгож чадахгүй байгаа бололтой. Ямартай л “Нүүрс” хөтөлбөрөөр нийслэлийн иргэдэд 280 мянган тонн нүүрс нийлүүлж, 47,6 тэрбум төгрөгийг хэмнэсэн хүмүүс хар жагсаалтад оржээ. Мөнгө хэмнэсэн гээд  хар жагсаалтад оруулсны  учрыг ойлгосонгүй. Боловсролын салбарын шинэчлэл үр дүнгүй байгаа учир салбарын яам, сайд, дэд сайд нар нь хар жагсаалтад бичигдсэн гэнэ. Ингэж сонин хэвлэж, үнэгүй тарааж байхаар боловсролын салбарын шинэчлэл, алдаа оноогоо засахыг шаардаж МЗХ-ныхон жагсаал хийсэн бол харин ч дэмжлэг хүлээж, олноос өндөр үнэлгээ авах байв. Даанч хуучин хувцас худалддаг газруудаас шуудай шуудайгаар нь комиссын гэх гутал бөөндөж аваад “үг хэлүүлсэн” нь дэндүү явуургүй бас ядсан арга байлаа.

Эзэн холбогдогч нь хэргээ хүлээгээд, хариуцлага үүрчихсэн Хадгаламж банк, Анод банкны дампуурал, Хадгаламж зээлийн хоршооны хэрэг, Цэвэр агаар сангийн хэрэг гэх мэтийг  хар үйл хэмээн  сануулж. Ажиллаж чадаагүй учир огцруулсан Засгийн газруудыг хар үйл явдал, шийдвэр гаргасан УИХ-ын бүх гишүүн хараар будуулах ёстой юм гэнэ. М.Энхсайханыг 1996-2008 он хүртэл Засгийн газрын тэргүүн байхад нь огцруулж гэж бичсэн байна. 1996-2000 онд дөрвөн Засгийн газар солигдсон түүхийг Залуучуудын байгууллагын тэргүүн мэддэггүй юм байна. Ж.Наранцацралтын, М.Энхболдыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс унагаасан, Н.Алтанхуягийг кноп дарж огцруулсан нь жагсаалтад орж. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хоёр Засгийн газрыг огцруулсан болохоор хар жагсаалтад бичигдэнэ гэжээ.  

Жагсаалтаас шүүрээд үзвэл бас их сонин зүйл гарч ирнэ. Жишээ нь, АСЕМ-ын уулзалтад шаардагдах 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хөнгөлөлттэй зээлийн 120 тэрбум төгрөгийг “М СИ ЭС” ХХК-нд олгосон нь бас л хар жагсаалтад орох хар үйл явдал. Энэ шийдвэрийг гаргасан Засгийн газрын гишүүд, хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад бүртгэж. Гэхдээ шийдвэр гаргагчдаас нэг нь ч хар жагсаалт гээчид нь алга.    
 
Паркаа аваръя гэж гарч ирсэн МЗХ-ны даргын тэмцэл ердөө л анхаарлын төвд орох гэсэн цаг зуурын шоу байсан уу. Үндсэний соёл амралтын хүрээлэнгийн газрыг “Мон Уран” ХХК 1,1 га, “М СИ ЭС Хотел” 3 га, “Сөүл” ресторан 0,9 га, “Бодь” групп 32 га-г эзэмшиж байна гэсэн. Гэвч тэгсгээд дуу хоолой нь намжиж, парк гэж хэлэхээ ч больж.

Бас болоогүй 2015 оны тавдугаар сард Арабын нэгдсэн Эмиратад байгуулсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг тусгасан гэрээг дурдсан. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг тооцож үзэхээр жилийн татварын хэмжээг 40 сая ам.доллараар бууруулж 10 жилд 400 сая ам.доллар болно. Нийтдээ 1,3 тэрбум ам.долларын шууд алдагдал учруулж байгаа болохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээг бэлтгэсэн ажлын хэсгийн гишүүд хар жагсаалтад оржээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор бүсэд  нэг сая ам.доллар хадгалуулсан байснаа мартсан явдал УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хууль зөрчсөн үйлдэл. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаагүй С.Баярцогт хар жагсаалтад орно гэж зарлажээ. Энэ мэтчлэн зуун хар үйл явдал гээчдээ багтсан, онцолж хар жагсаалтад орууллаа гэж цагаан дээр хараар бичиж, тусгай сонин болгож хэвлүүлсэн. Тэгвэл хар жагсаалт гээчийн эхний 10-т оруулсан хүмүүс нь хар үйл явдалтайгаа яаж холбогдож байгаа бол.

Монголын залуучуудын холбооны нэрийг урдаа барьж, А.Мөнхбат дарга нь хар жагсаалтад П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, З.Энхболд, М.Энхболд, С.Баяр, Н.Алтанхуяг, Сү.Батболд, Х.Баттулга, Н.Золжаргал нарыг нэрлэв. Эхний гурван хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, дараа нь УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга хоёр орчихож. Тэдний арын гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Харин УИХ-ын сул гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч хоёрыг оруулсан байх. Хачирхалтай нь дээр дурдсан хар үйл явдалд гар бие оролцсон түшээдээс хэн нь ч алга. Оффшор дансаа мартдаг ЗГХЭГ-ын дарга, Дубайн гэрээ байгуулсан Ерөнхий сайд, хүүхдийн паркийг чөлөөлж өгөхгүй байгаа хүмүүсийн нэр хаачив. Ганц хоёрхон долоо хоногийн өмнө жагсаалтыг өнгөлж байсан нэрс хаашаа алга болов оо. Магадгүй албанаасаа буухаар нь нэг Ерөнхийлөгч, дахиад нэг Ерөнхий сайдын нэрийг нэмэх үү. Эсвэл тэр үед тэдний жагсаалт нь хар биш цав цагаан болсон байх ч юм бил үү.  
 
Жагсаалт гаргадаг юм байж, харин хэдэн хүн санал өгч, ямар байдлаар байр эзлүүлсэн нь ёстой хэн ч таашгүй. Ядаж ганц ч болов хүний нэр усыг бичсэн цаас, цахим судалгааны материал харуулсан ч үгүй. Бодоход гутал жагсаадаг нэг нөхөр л ганцаараа сууж байгаад биччихсэн бололтой. Гутал гэснээс хэзээ ч өмсч байсан юм бол гэмээр “нөхөд”-үүд талбайд жагсаал болгон сүрийг үзүүлэхээр хэдэн шуудай гутал, хаанаас авч өрсөн юм бол гэдэг асуулт гарна.

Энэ талаар олон нийтийн цахим сүлжээгээр маш их асуулт явж, “Нарантуул” захын хуучин хувцас зардаг хэсгээс авсан гэдэг мессэж гараад байгаа. Хар жагсаалт гэж зохиож хийчихээд Монголын залуучуудын нэрийг барих эрхийг хэн түүнд өгөв. Адаглаад л МЗХ-ны гишүүдээсээ асуусан уу. МЗХ-ны гишүүн Э.Батшугар гэхэд л аавыгаа хар жагсаалтад оруулахаар санал өгмөөргүй л юм.

МЗХ ер нь юу хийдэг байгууллага вэ. 1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн 10 дугаар хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойболсан тэргүүтэй арав гаруй залуу хуран цугларч “Бошгыг халах залуучуудын эвлэл” гэж байгуулахаар тогтож, тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгожээ. Үүнээс хойш 1990 оныг хүртэл нэг намын анхан шатны аппарат мэт ажиллаж байсан ч Монголын залуучуудын төлөө олон ажил хийж, бүтээсэн.

Харин өнөөгийн энэ байгууллага Залуучуудын мэдлэг боловсролд зориулсан шилдэг оюутан шалгаруулах “Алма Метр”, “Next stop”, “Эврика” эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаанууд, Залуучуудын хөдөлмөрийн бирж зэрэг юу болсон бэ гэж дахин дахин асууъя. Улс төрд хэт автаж, шуудай шуудайгаар нь гутал худалдаж авч жагсаал цуглаан хийж, хар, цагаан жагсаалт үйлдэж суух нь залуучуудын ажил мөн үү. Залуу хүний тоонд багтаж байгаагийн хувьд надаас МЗХ гэж ирээд ганц ч асуулт асуугаагүй.

Хар жагсаалтад хэнийг оруулах талаар залуучуудаас санал асуусан уу. Нийгмийн асуудлыг нь хөндөхгүй мөртлөө шууд улс төр рүү шумбан ордог нь залуучуудын хүссэн зүйл гэж үү. Улс төрийн агуулгатай сонин хэвлэж, ганган костюмтай залуус хаа тааралдсан газраа тарааж яваа нь залуучуудын хийхийг хүссэн  үйл ажиллагаа мөн үү. Чухам яг хэнд зориулсан, хэний төлөө ажилладаг байгууллага юм бэ А.Мөнхбат дарга аа...

Нэгэнт залуусын гэж тодорхойлоод байгаа юм бол дансаа ч бас залуустаа нээж шилэн болговол ямар вэ, дарга аа.

0 Сэтгэгдэл
Хар жагсаалт мөнгөний бизнес юм байна даа. Анхааралтай ажиглах л хүн байна.
Hudlaa uls tor hiihee boli.nogoo huuhdiin parkiin gazar geed bsan heden jil ongorloo yu bolob,odoo tsaaduul chini il tsagaan gazraa bulaaldaal bj bna
мөнхбат бууны нохойшдээ
Хамгийн их уншсан