Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Интернэт худалдааны томоохон сайтуудын нэг “ebay.com”-ын хайлт хийх хэсэгт “Mongolian antique” буюу “Монголын эртний үнэт эдлэл, урлагийн бүтээл” гэх утгаар хайлт хийж үзлээ. Хайлтын дүн, илэрцийг хараад хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Өмд, гутал төдийхөн худалдаалдаг мэтээр сэтгэж байсан эл сайтад XVIII, XIX зуунд хамаарах, хосгүй үнэт, үнэт хэмээн үнэлэгдэх бурханы хөрөг, судар ном, алтан бурхан, элдэв эрдэнийн чулуун гоёл чимэглэл, алт мөнгөний орцтой металл хийц, эд агуурс, тавилга сэлт тавигджээ.
рлагийн бүтээл уншиж таних тал дээр маруухан мань мэтийн нүдэнд ч гарцаагүй ховор нандин зүйл гэдэг нь илт. Гэтэл алтаар ч үнэлж зүрхлэмгүй, эцэг өвгөдийн минь эдэлж хэрэглэж асан эдгээр соёлын биет өвүүдийг жирийн нэг интернэт худалдааны сайтад хэдхэн ногооноор арилжиж байна. Зүү ороох, зээхт наамал, уран хатгамал, уран дарх гээд “Монголын” гэх ур хийц, уран нарийн арга, ухаанаар бүтсэн дээрх өвүүд ямар замаар эл сайтад тавигдсан нь эрхгүй сонирхол татав. Улмаар “amazon.com”, “alibaba.com” тэргүүтэй ижил төстэй сайтуудад нэвтэрч үзээд энэ төрлийн сайтууд соёлын өвийн “хар зах” болсныг ойлголоо.
Интернэт худалдааны салбарт анхдагч гэж болох “amazon.com” сайтад “Монголын” гэх тодотголтой урлагийн бүтээл, эртний үнэт эдлэлтэй холбоотой 295 илэрц гарсан бол урд хөршид данстай “alibaba.com”-д 605 бүртгэгджээ.
65 см өндөр, 12 кг жин татах алтаар өнгөлсөн ногоон дарь эх бурхан “alibaba.com” сайтад 5.8 мянган ам.доллараар үнэлэгдэж. “Place of origin” буюу тухайн барааны байгаа газрыг заах хэсэгт “Непал” хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд худалдан авагчид илгээмжээр хүрэх хугацааг “долоо хоног” хэмээн хавсаргажээ. Төсөөлөхөд бэрх ч нэн ховор ур хийц бүхий, ойролцоогоор XVII зууны үед хамаарах, алтадсан бурханыг авахыг хүссэн хүн эзэмшигчийн дансанд мөнгө байршуулаад л долоо хоногийн дотор илгээмжээр хүлээн авах боломжтой. Худалдааны сайтуудыг “нэгжих” явцад дээр дурдсан “place of origin” хэсэгт ихэвчлэн АНУ, Монгол гэх хоёр нэр зоолттой байсан нь эрхгүй сонирхол татав. Жишээ нь, “ebay.com” сайтад гурван долоо хоногийн өмнө байршуулсан 15х21 см хэмжээтэй Богд хааны гэрэл зургийг нэр нь үл мэдэгдэх хүн “original” хэмээн тодотгоод, байршлыг нь Монгол Улс, Улаанбаатар хот хэмээн тэмдэглэсэн байх юм.
“alibaba.com” сайтад хамгийн өндөр үнээр тавигдсан алтадсан бурхан 15 мянган ам.доллараар үнэлэгдсэн нь дээрх гурван сайтын дээд үнэ. Харин хамгийн бага нь 4.99 ам.доллараар үнэлэгдсэн ямар нэг судрын хуудас цаас байв. Түүнчлэн, хамгийн эртнийх нь Юань гүрний үед холбогдох хөх өнгийн хээтэй шаазан, XIII зуунд холбогдох баатарын дуулга, XIX зууны үеийн монгол цоож, ширээ, сийлбэр, баримал гээд тоочоод баршгүй соёлын өвүүд байв. Энэ бүхнийг хараад хэрхэн гадагш гарч ийн зарагдах болсныг гайхаж цөхөв.
Ер нь, соёлын биет өвийн тухай асуудал ярихаар ээдрээтэй зүйл олон. Тухайлбал, дээр өгүүлсэн Богд хааны гэрэл зургийг хэн нэгний өмч гэхэд хэцүү ч өдгөө хадгалагдаж буй хүнийхээ нэр дээр “данс”-тай явдаг. Тиймдээ ч захиран зарцуулах эрх нь тухайн хүний эрх. Энэ мэт энгийн иргэдийн гар дээрх соёлын өвийг салбар яам болон Үндэсний түүхийн музей, аймаг орон нутгийн музей, Соёлын өвийн төвийнхөн худалдан авах санал тавидаг ч хэтэвчинд битгий хэл аманд багтахгүй тоо хэлдэг. Тиймдээ ч гадны цуглуулагчдын гарт очих нь их. Түүнчлэн, ашиг хонжоо харсан нэг нь хил давуулан өв соёлоо худалдаж байгаа нь элбэг. Ийм замаар харьд очсон соёлын өвүүд ихэвчлэн хулгайнх байх бөгөөд музей, сүм дуган, цуглуулагчдын сан хөмрөгөөс алдагдсан байдаг.
Товчхондоо соёлын өвийн бизнес өнгөрсөн 26 жилийн хугацаанд ийн цэцэглэсэн гэж болно. Өдгөө өндөр зохион байгуулалттай бүлэглэлийн бизнес болсон гэх нь ч бий. Монголчууд бид 1990 оноос өмнө буюу хуучин нийгмийн үед худалч хүнд шунал гэх ойлголтгүй, тэр хэрээр түүхэн дурсгалт өв соёлоо ч бодитоор үнэлж чаддаггүй, хайрхарч ойшоодоггүй байв. Угаас шашин ном, үүх түүх сөхвөл өөрөө хэрэгт орж мэдэх хатуу чанга “гарт” базуулж байв. Улмаар социализм задарч, зах зээлд хөл тавьсан хүмүүс амар хялбараар амь зогоох арга олсны нэг нь соёлын өвийн наймаа.
Сүүлийн хэдэн жил л энэ талын гэмт хэрэгт анхаарч, хяналтыг нь ч чангатгаснаас 2000-аад он хүртэл Монгол Улсын хилээр соёлын биет өв авч гарах нь дэлгүүрээс талх сугавчлаад гарахтай адил байсан гэхэд хилстэхгүй. Өнгөрсөн жил Өвөрмонголын Манжуур, Хайлаар хотуудаар бяцхан жуулчлал хийж явахдаа музейгээр нь ороод гарсан юм. Үнэт чулуу танимхайрах аяддаг хоёр циймэрт минь туссан хөөрөгнүүдийн хийцийг ажаад монгол дархны хийц гэдэгт бат итгэлтэй байснаа нуух юун. Тэр ч бүү хэл боржигон хийцийн эмээл, толгойн гоёл, соёмбо үсэгтэй бурхан, монгол хээ хуар бүхий ваар, сав ч байж билээ. Алт, мөнгө, эрдэнийн чулуун хийцтэй эдгээр биет өвүүд ямар замаар хилийн дээс давсныг тайлбарлахад илүүц биз ээ.
Угтаа энэ мэт мөнгөн тэмдэгдээр үл үнэлж болох үндэсний өв, соёл болсон гайхамшигт урлагийн бүтээлүүдийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоон үнэлэх, хамгаалахад чиглэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хууль бий. 2014 оны тавдугаар сарын 15-нд шинэчлэн найруулсан уг хуулийн гуравдугаар бүлэгт “Соёлын өвийн талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх”-ийг тусгаад зүйл ангиудад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас соёлын өвийн тухай баримтлах бодлого, бүрэн эрхийг тус тус тусгасан байдаг.
Хуулийн гуравдугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 1.2-т “Хууль бусаар алдагдсан соёлын өвийг Монгол Улсыг төлөөлөн гадаад улс, иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр олгох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох” гэх заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүргийн хэсэгт тусгажээ. Ингээд харахаар эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагийн адил бидний хэмээн тодотгож болох үнэт өвүүдээ эргүүлэн авах боломжтой ч энэ тал дээр төрөөс баримтлах бодлого сул, соёлын өвийг хамгаалах, эрэн сурвалжлахад зориулдаг төсөв хөрөнгө нь ч чамлалттай байна. Цаашид энэ мэт интернэт худалдааны “хар зах”-уудаас үнэт өв соёлоо өөрсдөө худалдаж авах цаг ирэх вий.