Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Гантулга: Манай сургуульд улс төрийн асуудал үүссэнд харамсч байна

А.АКЭРКЭ

Нийслэлийн 39-р сургуулийн бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Эрхээ хамгаалъя” нэртэй “асуулга” цүнхэлж, гэр гэртээ харьжээ. Улс төрийн зорилготой тэрхүү “асуулга”-ыг эцэг, эхээрээ бөглүүлж ир хэмээн ангийн багш нь “гэрийн даавгавар”-т нь өгсөн юм байна.
“Эрхээ хамгаалъя” гэсэн “асуулгад”,  
Та МАХН-ын Н.Энхбаяр болон МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүйн тулд гаднын гар хөл болсон улс төр, бизнесийн олигарх бүлэглэл, зүсэн бүрийн хуйвалдагчид Сонгуулийн Ерөнхий хороо, АТГ зэрэг хууль хүчний байгууллагыг хууль бусаар ашиглаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон таны эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна уу? гэж бичсэн бөгөөд ганцхан тийм гэсэн хариулттай байгаа юм.

Энэ асуудлаар тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчийн ээж гомдол гаргасан бөгөөд “Ийм бичгээс болоод хүү маань хичээлдээ явдаггүй ээ. Багш заавал бөглүүл гэсэн. Бөглөж өгөхгүй бол явахгүй гээд уйлах нь халаг юм боллоо” гэжээ.

Харин энэ асуудалд дурдагдсан МАХН-тай холбогдож лавлахад Сургалт, судалгааны алба хариуцаж байгаа гэсэн бөгөөд сургалт, судалгааны алба нь “Эрхээ хамгаалъя” төрийн бус байгууллагаас гаргасан судалгаа гэсэн юм. Мөн тус төрийн бус байгууллага өнөөдөр хэвлэлийн хурал зарласан тул урьдчилан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Харин Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39-р сургуулийн захирал Б.Гантулга дараахь байр, суурьтай байв.

-Танай сургуулийн дөрөвдүгээр ангийн хүүх­дийн эцэг, эхийн гомдлын дагуу ярьж байна. Хүүхдүү­­­дээр бөглүүлээд байгаа “Эрхээ хамгаалъя” гэдэг бичиг ямар учиртай юм бэ?
-Наад асуудалтай холбоотойгоор нэг хүн ирж уулзсан. Одоогоор учрыг нь олоогүй л байна. Нэг дэх өдөр (өнөөдөр) багш нарын яриан дээр энэ асуудлыг Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нь танилцуулж шийдэх болно. Надад хэн гэдэг багш энэ бичгийг хүүхдүүдээр бөглүүлсэн нь нэртэйгээ, устайгаа ирчихсэн байгаа. Ийм асуудал дахин давтагдахгүй. Ямар учиртай насанд хүрээгүй хүүхдүүдээр сонгуулийн, улстөржсөн заваан юм бөглүүлээд байгааг ойлгохгүй юм. Ямар ч гэсэн бөглүүлсэн багшдаа холбогдох хуулиудын дагуу арга хэмжээ авна.

-Ямар багш ийм зүйл хийснийг нь мэдсэн юм байна. Тэр багштайгаа уулзаж үзэв үү?
-Уулзаагүй байна. Эцэг, эхчүүд хүүхдээ авах гэж ирэхдээ л энэ талаар хэллээ. Мөн багшийг нь өнөөдөр битгий дуудаж уулзаарай. Хүүхэд дарамталчих вий гэсэн учраас нэг дэх өдөр багш нартайгаа уулзахаар болсон. Мөн албан ёсоор сонгуулийн жилтэй холбогдуулан албан тушаалаа ашиглаж, төрийн байгууллагад ажилладаг хүн ийм зүйлд оролцох ёсгүй гэдгийг нь хууль, дүрэм журмыг нь танилцуулж хэлэх болно.

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээр ийм бичиг бөглүүлж болохгүй гэдгийг мэдмээр л юм?
-Энэ чинь байж болохгүй асуудал. Тэр тусмаа бага ангийн хүүхдүүдийн үзэл бодол төлөвшөөгүй, бие хүн ч болж чадаагүй байгаа шүү дээ. Гэтэл ийм хүүхдүүдээр дамжуулж улс төр хийнэ гэдэг асуудал ерөөсөө байж болохгүй. Тиймээс эрс хориглож байна. Энэ талаар сонсоод хувь хүнийхээ үүднээс ч гэсэн дургүйлэх сэтгэл төрсөн. Бага ангийн багш нар маань “Би тэр намыг дэмждэггүй. Бөглүүлээд өг гэсэн болохоор л хүүхдүүддээ өгсөн” гэх яриа гарсан байна. Ямар ч гэсэн манай сургууль дээр ийм улс төрийн асуудал гарсанд харамсч байна. Таслан зогсоох болно. Аль нэг нам, ер нь юуных ч байсан хамаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан