Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрх чөлөөний одон”-т Нийслэлийн Ардчилсан намын “Улаанбаатарын хавар”

Л.НОМИН

“Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан нам 26 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Нийслэлийн есөн дүүргээс 6000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж баяртаа оролцсон юм. Анхдугаар их хурлаа хийсэн 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс хойш жил жилийн хавар Ардчилсан намын хийсэн бүтээснээ ярилцаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж иржээ. Тиймээс ч “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын ойн арга хэмжээ баяр гэхээсээ илүү өнгөрсөн дөрвөн жилд нийслэл Улаанбаатарыг хэрхэн өөрчилсөн, юу хийхээр төлөвлөснөө танилцуулсан гэж болно.

Нийслэлийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга П.Нүрзэд “Улаанбаатарын хавар” арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Энэ өдөр бид өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээснээ дүгнэж, хийх ажлаа тодорхойлохоор цуглаад байна” гэж тодотгосон. ”Ардчилсан хувьсгалаас төрөн гарсан “Ардчилал” сонины анхны ерөнхий эрхлэгч С.Амарсанаа тэртээ 26 жилийн өмнөх дөрөвдүгээр сарыг, ардчилсан хувьсгалыг дурссан юм. Шинээр байгуулагдсан Ардчилсан нам 50 гаруй хоногийн дараа анхдугаар хурлаа хийжээ. 26 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 7-ны Анхдугаар их хуралд эх орны өнцөг булан бүрээс 865 төлөөлөгч оролцсон байна. Энэ 865 төлөөлөгчийн хамгийн залуу нь 18 настай байсан бол хамгийн ахмад нь 74-тэй , дунджаар 32 настай хүмүүс анхдугаар их хуралд оролцсон байдаг. Тэр хурал дээр Э.Бат-Үүл хүнийг дээдлэх үзлийн талаар илтгэл тавьж. Хүчирхийлэл, дарангуйллаас татгалзаж хүний эрхийг дээдлэх нийгэм байгуулахаа мэдэгдсэн. Анхны хурлаа хийж байхад гадаа нь чөлөөт хэвлэлийн анхдагчид болох “Ардчилал”, “Шинэ толь” сониныг тарааж, чөлөөт хэвлэл мэндэлсний баярыг давхар хийж байсныг С.Амарсанаа дурссан юм. “Ардчилал”, “Шинэ толь” сонин Монголд зах зээлийн эдийн засаг ирлээ гэж зарлаж байжээ хэмээн дурсамж хүүрнэв.

Харин дараа нь Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд 26 жилийн ойн мэнд дэвшүүлээд “26 жилийн тэртээ байгуулсан Ардчилсан нам маань иргэдээ эрх чөлөөтэй, өмч   хөрөнгөтэй, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрхтэй болгож, ардчилсан төрийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн тогтолцоог байгуулж чадсан юм. 2012 оны  сонгуулиар  ард түмнийхээ дэмжлэгээр УИХ-д олуулаа, нийслэлд үнэмлэхүй, орон нутагт 12 аймаг, 184 суманд ялалт байгуулсан Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг дааж, дэлхийн эдийн засаг хямарсан энэ жилүүдэд эх орондоо бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшлийн шинэ суурийг тавьж чадсан билээ. Энэ бол үгүйсгэх аргагүй үнэн. Үр шим нь өнөөдрөөс илүү ирээдүйд тод  харагдах бат суурийг эгзэгтэй энэ үед бид тавьж чадлаа. АН бол ухрагч биш урагшлагч, үгүйсгэгч биш санаачлагч хүчин” гэж тодотгосон юм.

Ардчилсан нам шийдвэр гаргах түвшинд олуулаа, төрийн эрх баригч болж байж санаачлан хэрэгжүүлсэн олон ажлаас ганцыг нь жишээ болгон хэлэв.  Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг санаачлан 76 мянган айлыг хамруулаад буй. Ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийн нэгдүгээр шатыг эхлүүлж, 18 мянган өрх хамрагдаад байна. Үүнийг бүтээн байгуулалт талаас нь харвал зөвхөн 2013-2015 онд нийт 2.5 сая ам.метр орон сууц шинээр ашиглалтад орж, 5.2 их наяд төгрөгийн  орон  сууцны  барилга  угсралтын  ажил хийснийг тэрээр хэллээ. Зөвхөн энэ  бүтээн байгуулалтыг  дагаад барилгын салбарт  ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрчээ. Эл бүтээн байгуулалтын ихэнх нь  нийслэлд өрнөж буйг дурдаж, Нийслэлийн шинэчлэлийн баг Ардчилсан нам шинийг   санаачлагч, хэрэгжүүлэгч гэлээ.

2013-2015 онд буюу Ардчилсан нам олонхи болсон гуравхан жилд шинээр 83.63 км авто зам тавьж, 175.77 км авто замд өргөтгөл шинэчлэл хийжээ. 12 жилд шинээр тавьж,  өргөтгөсөн замын урттай тэнцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрөв дахин богино хугацаанд дөрөв дахин их ажил амжуулсан гэсэн үг хэмээн УИХ-ын дарга онцлон хэлж байлаа.

Үүний дараа энэ их бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж, эрс шинэчлэл хийж чадсан нийслэлийн Ардчилсан намын баг, хамт олныг “Эрх чөлөөний одон”-гоор шагнаж буйгаа тэрээр дуулгав. Ардчилсан намын дээд шагнал болох “Эрх чөлөөний одон”-г гардуулах тушаалыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр уншиж танилцуулсан. Үүнийхээ өмнө “Шагнал гардуулахын өмнө нэгэн сонирхолтой тоог дуулгая. Нийслэлийн иргэдээс авсан санал асуулгаар 70 орчим хувь нь автомашины дугаарын хязгаарлалтыг зөв ажил болсон хэмээн үзэж” гээд хоггүй Улаанбаатар болгож өгөхийн төлөө ажилласан баг, хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ. “Гудамж” төсөл, цахим карттай нийтийн тээвэр, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх ажил, цахим газар өмчлөл, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг олон ажил санаачилж, амжилттай хэрэгжүүлсэнд талархаж Нийслэлийн Ардчилсан намыг “Эрх чөлөөний одон”-гоор ийн шагналаа. Энэхүү хүндэт одонгоо Нийслэлийн Ардчилсан намын удирдлагууд, дүүргүүдийн Ардчилсан намын дарга нар хамтдаа гардан авч, тугандаа залж мандуулсан юм.

Дээрд дурдсан судалгааны дүн гэдэг нь Нийслэлийн Засаг даргаас хотын иргэдэд санал хүсэлтээ илэрхийлэх ил захидал илгээж, түүнд нь өгсөн хариулт. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга иргэдийн хариултыг танилцуулав. Нийслэлийн 320 мянган өрхөөс есөн ажилд иргэдийн өгсөн хариултаар өнгөрсөн хугацаанд нийсэн ажлаа дүгнэж үзжээ. “Гудамж” төслийг 51, дугаарын хязгаарлалтад 60, гэр хорооллын дахин төлөвлөлтийг 49, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг 51, ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэлийг 55 хувь нь зөв зүйтэй ажил болсон гэж дүгнэсэн байна. Мөн төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, хүнд суртал, чирэгдэлгүй болгосонд 62, цэцэрлэг, сургуулийн барилгын ажилд 55, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 49, цахим газар өмчлөлд иргэдийн 59 хувь нь сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлжээ. Иргэдийн энэ дэмжлэгийг 100 хувьд хүргэж, илүү их бүтээн байгуулах гэрийн даалгавраа нийслэлийнхнээс авсан ч гэж болно.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатарын хавар”-ын арга хэмжээний үеэр журмын нөхдөө дурссан юм. Тэрээр “Энэ индэр дээр би ардчиллын төлөө мөр зэрэгцэн явсан журмын нөхдөө дурсмаар байна. “Хонх”-ын С.Цогтсайхан агсан, С.Зориг агсан гэх мэтчлэн. Тэд энэ мөчийг харсан ч болоосой. Гэхдээ тэд маань биднийг тэнгэр дээрээс үргэлж харж байгаа гэдэгт би итгэдэг” гэлээ.

Хотын удирдлагууд өн­гөр­сөн хугацаанд “Бүтээн байгуулалтын бослого гар­гаж, бүтээн байгуулалтын хувьс­гал хийхийн төлөө ажилласан” хэмээв. Тэр бүтээн байгуулалтын хувьсгалыг, өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт дэлгэн үзүүл­сэн учир тэнд үүнээс өөр тайлбар үгүй байсан юм. Ингээд Ардчилсан намын 26 жилийн ойн баярыг тохиол­дуулан 1000 залуус элсч буйг дуулгаад энэ удаад 26-д нь батлахыг нь гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан