Б.БУЯНДАЛАЙ
“Энэ тэмцээн олимпын наадам байгаагүй нь бидний аз” хэмээн олимпын гурав, дэлхийн 10 удаагийн аварга, домогт бөх Каори Ичог “Алтан гран при”-д ялагдсаны дараа Японы үндэсний шигшээ багийн захирал Казухито Сакаэ дуу алдан, толгой сэгсэрч өгүүлсэн. Учир нь, Каори Ичо энэ тэмцээнээс өмнө 13 жилийн хугацаанд ганц ч ялагдаагүй, бүр сүүлчийн 25 барилдаанд өрсөлдөгчдөө нэг ч оноо алдалгүйгүйгээр ялж байсан юм. Тэртээ 2003 оны “Klippan Lady Open”-д АНУ-ын бөх Сара Макканд өвдөг шороодсноосоо хойш ялагдал гэдгийг мартаад байсан гэхэд хилсдэхгүй. Харин түүнд хожигдол гэж юу байдгийг мэдрүүлж, 10:0-ээр ялсан бахдам амжилтын эзэн нь олимп, дэлхийн аварга цолтой гадны бөх бус Армийн ДАШТ, Азийн АШТ-ээс мөнгө, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авсан даруухан амжилттай Пүрэвдоржийн Орхон байлаа.
“Риод П.Орхоноос хариугаа авахыг хүсч байна”
Каори Ичо шигшээд шалгарах замдаа манай гол найдварууд болох ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, спортын мастер Э.Гантуяа нарыг ялаад байв. Харин түүнээс П.Орхон нутаг нэгтнүүдийнхээ хариуг авахаар дэвжээнд гарсан. Барилдааны эхнээс хоёр бөхийн барилдаан эн тэнцүү өрнөж, Каори Ичо идэвхгүй барилдсаны улмаас торгуулихад хөгжөөн дэмжигчид гайхаж эхэлсэн. Улмаар барилдааны цаг явсаар, П.Орхон оноо, давамгайллаа ахиулсаар. Эцсийн мөчид 10:0-ээр ялж, 2007 оны Азийн АШТ-д гэмтлийн улмаас Тайванийн бөхтэй барилдаж чадаагүйг нь ялагдсан гэснийг эс тооцвол 13 жилийн хугацаанд 189 удаа дараалан ялсан агуу цувралыг нь зогсоосон юм. Энэ тэмцээний өмнө Каори Ичо “Элдэв эргэлзээ төрсөн үед тэмцээнд оролцох гэж байна. Зайгаа барих, мэдрэх тал дээр асуудалтай байгаа” гэж ярьжээ. Тэгэхээр тэрээр бэлтгэл, сэтгэл санааны хувьд тус тэмцээнд бэлэн биш байсан бололтой.
“Алтан гран при”-гийн дараа чамгүй олон спортын томоохон хэвлэл, олимп, дэлхийн аваргууд Каори Ичогийн ялагдал, П.Орхоны хожлын талаар мэдээлж, онцолсон. Олимпын гурван удаагийн аварга А.Карелин “Би Каори Ичогийн ялагдлыг түүхэн үйл явдал гэхээсээ илүүтэй энэ тэмцээний нэр хүнд, чанар чансааг батлан харууллаа гэж бодож байна. “Алтан гран при”-д үргэлж шинэ од төрөн гардаг уламжлалтай. Харин энэ жилийн баатар нь П.Орхон байлаа. Ямар ч агуу тамирчинд хэзээ нэгэн цагт ялагдал ирдэг. Тэр ялагдлыг нь П.Орхон амсуулах учиртай байж. Гэхдээ би Кари Ичог ялагдсанд баярлаж байгаа юм биш шүү. Харин олимпын өмнө ийм ялагдал амссан нь түүнд ашигтай” хэмээсэн. Харин Каори Ичо “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээс илүү би сул байлаа. Өөрийн барилдаанаа бүрэн гаргаж чадаагүй. Харин ч олимпын өмнө ийм ялагдал амссан нь намайг улам хурцаллаа. Риогийн олимп эхэлтэл нэлээн хугацаа байна. Алдаа, оноогоо сайтар дүгнэж, Риод П.Орхоноос хариугаа авахыг хүсч байна” гэжээ. Харин П.Орхон “Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан үйл явдлуудын нэг. Каори Ичо бол миний төдийгүй спорт сонирхдог хүн бүхний хүндлэлийг хүлээсэн тамирчин. Түүнийг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Монголоос явахад ээж маань “Каори Ичо оролцох гэж байгаа юм байна шүү дээ” гэхэд нь “Надад хожигдох гэж ирж байгаа юм байна даа гэж” тоглоом шоглоомоор хэлээд өнгөрсөн. Түүнийг ялсны орой сэтгэл их хөдлөөд, барилдааны бичлэгээ дахин дахин үзээд л баймаар байсан” хэмээн өгүүлсэн. Бээжингийн олимпод түрүүлснээсээ хойш зодог тайлах тухай бодож эхэлсэн гэх Каори Ичог энэ ялагдал нь улам хурцалж, Риод дахин түрүүлэх хүслийг нь бүр их бадраасан нь мэдээж.
Давхар баяр тохиов
П.Орхон тийнхүү Иван Ярыгинд шуугиулж байхад түүний найз залуу Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа Парист болсон тэмцээнд түрүүлсэн нь спортын ертөнцөд ховорхон тохиох үйл явдал байлаа.
П.Орхоны хувьд 2016 он амжилтын арвин “ургац” хураасан жил болж байна. Энэ жилийн УАШТ-д жин өгсөн 58 кг-д барилдаж түрүүлсэн. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, энэ жинд сүүлийн хоёр жил финалдсан Б.Шоовдор, С.Цэрэнчимэд, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг тэргүүтэй шилдэгүүдтэй өрсөлдөн аваргална гэдэг амаргүй. Тэрээр эхний тойрогт дотны найз, дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг ялж, томоохон дуулиан тарьсан. Улмаар шигшээд Э.Гантуяаг ялж аваргалсан юм. Энэ бол 2016 онд шуугиан тариад буй олон ялалт, амжилтынх нь эхлэл байв.
П.Орхон гэж хэн бэ
Тэрээр 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Багын сэргэлэн, цовоо, юманд дүйтэй, адтай П.Орхон тэшүүр, шатар зэрэг чамгүй олон спортоор хичээллэжээ. Гэхдээ тэдгээрийн аль нь ч түүний сэтгэлийг чөлөөт бөхөөс илүү татаж, дурлуулж чадсангүй. Үүнд чөлөөт бөхөөр барилддаг байсан төрсөн ах П.Од-Эрдэнэ нь ч чамгүй их нөлөөлсөн байх. Дур сонирхол, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн охин өнөөгийн олон шилдэг тамирчдад чөлөөт бөхийн “А” үсэг зааж буй гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 2007 оноос хойш хичээллэж байна. Дөнгөж хоёр сарын дараа болсон Баянзүрх дүүргийн аваргад түрүүлж, амжилтын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш Азийн АШТ, УАШТ, олон улсын тэмцээнээс чамгүй олон медаль хүртэж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж явна. Тэрээр 2013 онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан. Мөн тус оноос хойш эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, гавьяат тамирчин З.Дүвчин, Т.Сүхбаатар, ОУХМ Д.Батням нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа нь түүний өнөөгийн амжилтад их нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Хоёр найз 58 кг-ын өнгийг тодорхойлсоор
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр бүр арван жилээсээ үерхсэн найзууд. Хожмоо “Алдар” спорт хорооны тамирчин болж, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн нь тэдний үерхлийг бүр их бэхжүүлжээ. Өдгөө тэд манай 58 кг-ын өнгийг тодорхойлж, олон улсын нүүр царай болж байна.
Жин өгссөн нь түүнд амжилт дагуулсаар
Тэр өмнө нь олимпын бус жин болох 55 кг-д зодоглодог байлаа. Энэ он олимпын жил гэдэг утгаараа үзээд алдъя гээд жин өгсч, 58 кг-д барилдсан нь ийнхүү олон амжилт араасаа дагуулсаар байна. П.Орхон өмнө нь ганцхан удаа буюу 2014 оны “Mongolia Open”-д оролцохдоо л 58 кг-д барилдаж байсан юм. Илүү өндөр амжилт гаргах боломжтой гэж тооцоолон, дасгалжуулагч нартайгаа ярилцаад энэ шийдвэрийг гаргасан нь нүдээ олжээ. 58 кг-д барилдаж эхэлснээсээ хойш ОХУ-д болсон олон улсын тэмцээн, УАШТ, “Алтан гран при”-д аваргалж, олимпын эрх олгох тэмцээнд аман хүзүүдэж, “Рио-2016”-г зорих “тийз”-ээ захиалсан нь үүний илрэл.
П.Орхон “Рио-2016”-д оролцох уу
Каори Ичог ялсан гэхээс дутахааргүй “Рио-2016”-д өрсөлдөх эрх авсан нь яах аргагүй бахдам амжилт. Хэдийгээр өнгөтэй байгаа ч “Рио-2016”-г зорих “тийз” захиалж чадах эсэх нь олон хүний анхаарлыг татсан. Харин П.Орхон ид ирэн дээрээ яваа, шилдэг бөх болохоо баталж, тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон манай эмэгтэй тамирчдаас Э.Сумъяатай хамт олимпын эрх авсан юм. Гэхдээ тухайн эрхийг тамирчинд бус улсад нь өгдгийг манай уншигчид андахгүй. Тэгэхээр бэлтгэлээ л сайн базааж, хичээвэл “Рио-2016”-г зорих боломж хэнд нь ч байгаа нь мэдээж. Манай 58 бол хамгийн олон шилдэг тамирчинтай жин. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, энэ жилийн УАШТ-ээс мөнгөн медаль авсан Э.Гантуяа, сүүлийн хоёр жил финалдсан Б.Шоовдор, С.Бямбацэрэн, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг тэргүүтэй олон шилдэг бөх энэ жинд бий. Гэхдээ тэдний дундаас П.Орхонд арай илүү боломж бий. Дээр дурьдсан амжилтууд түүний гол үзүүлэлт, бусдаасаа илүү байгаагийн илрэл. Гэхдээ олимпын эрхийн тэмцээнд П.Орхоныг ялсан Кыргызын Танюбековаг Б.Шоовдор хоёр удаа дараалан ялсан, энэ жилийн Азийн АШТ-д Э.Гантуяа цэвэр ялах дөхсөнг нь дурьдах нь зүйтэй байх. Ер нь П.Орхон энэ эрчээрээ олимпод оролцож яагаад болохгүй гэж. Каори Ичог нэг ялсан юм чинь дахиад дийлэх боломж байгаа нь мэдээж. П.Орхондоо амжилт хүсч, олимпын аварга болохыг ерөөе.