Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Болд: Усны салбар Яамаа байг гэхэд ядаж л агентлагтай болох ёстой

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Усны салбарын боловсон хүчний бодлого, энэ салбарт тулгамдаж буй асуудал, гадаргын болоод гүний усны ашиглалт, олборлолтын тухай ШУТИС-ийн хүндэт профессор П.Болдтой ярилцлаа.

-Та хэлэхдээ ус бол улс орны эдийн засаг, дэд бүтцэд шууд нөлөөлдөг хүчин зүйл гэсэн. Эндээс яриагаа эхлэх үү?
-Аль ч салбарын хөгжилд үндэс суурь болдог анхдагч түүхий эд нь ус юм. Байшин барих хүнд мод, чулуунаас өгсүүлээд багагүй барилгын материал хэрэгтэй биз. Мөн газар тариалан эрхлэх нэгэнд нь үр, суулгац гээд нэрлээд байж болно. Гэхдээ энэ бүхний цаана байдаг үндсэн түүхий эд, хүчин зүйл нь ус. Байшин барих хүн шавраа усаар зуурна, тариа тарих нэг нь усаар л усална биз дээ. Энэ мэт эдийн засгийг хөдөлгөгч хүч, энэ их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үндэс нь ус юм. Тиймдээ ч ус бол улс орны эдийн засаг, дэд бүтэц, хөгжил дэвшлийн үндэс суурь гээд байгаа хэрэг. Ус хэрэглэдэггүй ямар ч амьд организм байхгүй. Үүнтэй адил ус ашигладаггүй, уснаас ангид оршдог нийгмийн салбар гэж үгүй. Ус бол улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн чадавхи, нөөц боломж цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог чухал зүйл. Тиймдээ ч усны асуудал төр засгийн бодлоготой шууд холбогдож байх ёстой юм.

-Гэтэл Усны хэрэг эрхлэх газрыг татан буулгаад удаж байна. Товчхондоо усны талаар баримтлах бодлого боловсруулж, ашиглалт, олборлолт, нөөцлөх гээд хамаг л асуудлыг нь хариуцдаг байгууллагагүй болсон гэсэн үг?
-Манайхан том, жижиг гэлтгүй гаднаас шидсэн чулуу болгонд оногдчихоод байх юм. Шуудхан хэлэхэд усны хэрэг эрхлэх газрыг татан буулгасан нь гадны нөлөөтэй. Манайх шиг хөгжиж буй орныг эдийн засгийн хувьд жаахан өсч өндийгөөд ирмэгц гаднаас чулуу шидээд байдаг тал бий. Бид л алттай, мөнгө төгрөгтэй бол болоод байх юм шиг сэтгэдэг. Гэтэл их гүрнүүд амьдралын эх үүсвэр болсон усанд гол анхаарлаа хандуулах болж. Би хувьдаа Усны хэрэг эрхлэх газрыг татан буулгасан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг гэж боддоггүй, энэ бол холоос шидсэн чулуу. Товчхондоо, усыг баялаг гэж үзвэл эл баялгийг харж хайхарч, хамгаалж байх учиртай эзнийг нь аваад хаячихсан хэрэг.

-Одоо тэгээд усны асуудлыг хэн хариуцах ёстой юм бол?
-Мэдэхгүй юм даа, хөдөө аж ахуй, бэлчээрийн усалгаа гэх мэт ашиглалт талаас нь ярихаар Хүнс, хөдөө аж ахуйн яам мэдэх болчихдог. Сав газар гэвэл байгаль орчин хариуцсан яам нь мэдэх учиртай. Бохирдол, эрүүл ахуй гэхээр Эрүүл мэнд, спортын яаманд хамаатай болчихдог. Хөт, тов суурингийн усан хангамж, шугам сүлжээ гэхээр Барилга, хот байгуулалтын яам, эрчим хүч болоод ирмэгц цахилгаан станцуудад хамаарчихдаг. Ингээд усны салбарыг тал тал тийш нь зулгаагаад байгаа учир эзэнгүйдээд, энэ талын асуудалд анхаарч ажиллах газаргүй болчихож байгаа биз. Угтаа захиран зарцуулах, ашиглалт, сэргээлт, олборлолт гээд хамаг л асуудлыг нэг гарт, гэхдээ бүр хатуухан гарт зангидах учиртай юм. Ийм эрх үүрэгтэй ганц газар нь гаднаас шидсэн чулуунд оногдчихсон хэрэг. Та нар мэднэ дээ, Усны хэрэг эрхлэх газар битгий хэл 1996 онд Тагнуулын ерөнхий газрыг татан буулгасан жишээ бий. Үүнтэй жишиж бодохоор зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байгаа биз.

-Салбарын боловсон хүчний эрэлт, хүрэлцээ ямар байдаг юм бол?
-Эрэлт их. Тэр хэрээр усны чиглэлээр их, дээд сургууль дүүргэсэн нь цөөнгүй. Уг нь бид энэ талын боловсон хүчнээр тэгж их гачигдаад байхааргүй улс л даа. Даанч чадвартай нэг нь өөр салбар руу урвачихаад байх юм. Нэг хэсэг нь цалин хөлсөө голдог өвчин тусчихсан. Тиймдээ ч манай төгсөгчдийн бараг 40 гаруй хувь нь пүүс компанид ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт инженер хийж байгаа усны барилгын инженер зөндөө. “MCS” компанийн Ухаахудаг дахь ус хангамжийн систем дээр ч тав, зургаан төгсөгч ажиллаж л байна. Өөр салбарт ажиллаж байгаа нь цалин, хангамжийн асуудлаас ч болдог байх. Нөгөө талаас энэ талын дэд бүтэц сайн хөгжөөгүйтэй холбоотой.

-Танай мэргэжлийн тухайд ямар байгаа бол. Хоёр, гурван ч газар усан цахилгаан станцын бүтээн байгуулалт өрнөж байна шүү дээ?
-Сүүлийн үед манай усны барилга, байгууламжийн чиглэлээр элсэлт нэмэгдэх хандлагатай байгаа ч яг төгсч байгаа нь цөөн байна. Учир юу вэ гэвэл дургүй мэргэжлээ сонгочихсон хүүхдүүд дундаас нь хаяна, шилжинэ, чөлөө аваад алга болно. Бүр нэг зориод “Би усны барилга, байгууламжаар л сурч төгсөнө” гээд ороод ирдэг нь гарын таван хуруунд багтахаар цөөн байна. Ингээд бодохоор энэ талын мэргэжил, мэргэжилтэн боловсон хүчний тухай ойлголт, мэдээлэл муу байгаа нь харагдаад байдаг. Би барилгынханд “Та нар газар дээр л барилга барина уу гэхээс усан дотор чадахгүй” гэж хэлдэг. Гэтэл манай төгсөгчид усан дотор, газар дээр ч тэр барчихна. Энэ нь давуу тал мэт боловч нэг талаар сөрөг нөлөө үзүүлээд, энгийн иргэний барилга руу урваад байгаа хэрэг. Түүнчлэн, дээр хэлсэнчлэн усны барилга, байгууламжийн дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой. Сүүлийн хэдэн жил л усан цахилгаан станц гэж ярьж байна шүү дээ.
Өнөөдөр манайд усны барилга, байгууламжийн чиглэлээр 59 хүн сурч байна л даа. Гэтэл анх элсэлт авсан бүртгэл нь 181 хүн гэж тэмдэглэсэн байх жишээтэй. Мөн усны нөөц, экологи гэдэг мэргэжлээр 70 хүн элссэн ч одоо 40 нь л сурч байна. Ер нь тэгээд усны менежмент, усны нөөц, экологи, гидромеханик, гидрологи, гидрогеологи гээд устай холбоотой мэргэжилтэн, боловсон хүчний эрэлт их байдаг ч ийм мэргэжил байдаг тухай мэддэгээсээ мэдэхгүй нь их байна даа.

-Хоёр хөршөөс авахуулаад их гүрнүүд эрдэс баялаг гэхээс илүү ус нөөцлөх болж. Далан, сан байгуулж цэвэр усыг их хэмжээгээр нөөцөлж, эргэлтэд оруулж байна л даа. Манайд хэрэглээний цэвэр усны нөөцийг хэрхэн тогтоосон юм бол. Мөн нөөц бүрдүүлэх тухайд ямар нэг бодлого бий юу?
-Усны менежментийн талаар хуучин нийгмийн үед ч тэр нэг их авч хэлэлцээд байдаггүй байлаа. Яахав усны нөөцийг тохируулах гэдэг утгаар нь социалист орнууд гэж байхад усан цахилгаан станц, усан сан байгуулж байсан түүх бий. Энэ тухайд манайхан одоо л өнгөц ойлголттой болж байна. Тиймдээ ч Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулж байна. Хэдхэн хоногийн өмнө дөө, Баян-Өлгийд бас нэг цахилгаан станцын шав тавилаа. Ер нь гадаргын усыг боломж л байвал эрчим хүч гаргах чиглэлээр ашиглаад байх ёстой. Эсвэл тэрүүхэнд нь жаахан боомт маягийн юм бий болгоод хуримтлуулж, үйлдвэрлэлд ашиглаад байж болох ч ямар ч бодлого төлөвлөлтгүйгээс сая сая кубээр хэмжигдэх ус зүгээр л урсаад байна.

Заавал станц ч гэлтгүй үерийн усыг ч хонхорт хуримтлуулах замаар хөрсөнд шингээж гүний усны нөөцөө баяжуулж, нөхөн сэргээж болдог. Тэр ч бүү хэл уулын аманд хашилт хаалт хийж байгаад усалгааны зориулалтаар хурааж хуримтлуулж ч болно. Тариаланчид бороо хур орсонгүй, ургац алдлаа л гэдэг. Угтаа бид асар их усыг хий урсгаад, алдаад л байна.Тиймээс энэ салбарт баримтлах бодлого, ерөнхийлөн захирах толгой байгууллага байж гэмээнэ энэ их сул асгаад байгаа усыг эмхэлж цэгцлэх ёстой юм. Тэр газар нь бодлогоо ч боловсруулдаг, төсөв хөрөнгө нь ч тэнд төвлөрдөг байх ёстой. Түүнээс усны асуулалд хэн дуртай нь том толгойлоод оролцоод байж болохгүй. Бид өлсч, цангаж үзээгүйдээ л ийм цамаан байна. Угтаа ус нөхөн сэргээгддэг ч гэлээ үрэгдэж барагдаж, үгүйрч хоосордог зүйл. Усны бодлого, зохицуулалтгүй байна гэдэг үндэсний аюулгүй байдлын бодлого алдагдсанаас өөрцгүй. Тиймдээ ч яамаа байг гэхэд ядаж нэг агентлагтай байх ёстой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан