Н.ТҮВШИН
Ж.Эрдэнэ-Уул тэргүүтэй МоАХ-ны партизануудын төлөөлөл ардчиллын төлөө мөр зэрэгцэж явсан анд Л.Гансүхийгээ өчигдөр эргэжээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 417 дугаар ангид ял эдэлж байгаа юм. Түүний биеийн байдал, сэтгэл санаа нь ямар байгаа талаар МоАХ-ны партизан Ж.Эрдэнэ-Уулаас утсаар тодруулахад, “Ерөнхийдөө биеийн байдал нь гайгүй ээ. Бөөр нь өвдөөд байгаа болохоор жаахан хавантай байна. Сэтгэл санааны хувьд гайгүй байна билээ. Одоо нэгэнт ял эдлэх нь тодорхой болчихсон болохоор хугацаагаа дуусгаад гарна гээд шийдчихсэн байна” гэв.
Түүнд ял оноосон шүүх хурлын дараагаар Н.Алтанхуяг “ичсэн хүн хүн ална гэдэг боллоо” хэмээн цахим хуудсаараа мэдэгдэл хийж байсан. Үүний араас Л.Гансүх Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн бол Н.Алтанхуяг зохиомол гэх энэ хэргийн буруутанг нэрлэн мэдэгдэл хийсэн билээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр Л.Гансүх ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр 3,6 жилийн хорих ял сонсоод буй. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд шүүж, 4,6 жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хагас сарын өмнө болсон Хяналтын шатны шүүх хурлаар зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хугацаа өнгөрөх тусам чухам ямар хэрэг болох нь ойлгомжгүй болж, өөрчлөгдөж, бүдгэрсээр байгаа “нүүрс”-ний хэрэг гэж юу байв гэдгийг тодорхойлоход хэцүү болсоор. Юутай ч МоАХ хэзээд нөхдөөсөө нүүр буруулдаггүй учир Л.Гансүхийгээ эргээд иржээ.