Н.БАТ
Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Улаанбаатар хотын зуслангийн бүсэд хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсаны дараа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх” хэмээн тусгасан аж. Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийн энэ оны зорилтод ч зуслангийн газрыг өмчлүүлэхээр тусгажээ.
НИТХ-ын 2012 оны дөрөвдүгээр сарын тогтоолоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын ерөнхий төлөвлөгөөг, 2014 оны 101 дүгээр тогтоолоор 5 байршил, 181 дүгээр тогтоолоор 21 байршлын зураг төслийг батлан гаргаснаар төлөвлөлт хаягжилтын суурь мэдээлэл бүрдсэн хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэлэв. Зуслангийн газраа өмчлөх хүсэлтээ энэ сарын 8-наас гаргаж болох аж.
Хаана газар эзэмших гэрчилгээтэй иргэн өмчлөх хүсэлт гаргаж болох вэ?
Нийслэлээс батлагдсан 26 байршил нь:
Сүхбаатар дүүрэг 19 байршил: Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод
Чингэлтэй дүүрэг 7 байршил: Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино
Цаашдаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа газар өмчлүүлэх ажил явагдах юм байна.
Зуслангийн газар тань ямар шаардлага хангах ёстой вэ?
Хэрвээ таны зуслангийн газар ойн сан, усны сав бүхий газарт байрладаг бол одоогийн мөрдөж буй хуулиар өмчлөх ямар ч боломжгүй гэдгийг та анхаарах ёстой.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар хот тосгон бусад суурины нутаг дэвсгэр дэх гудамж талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нийтийн эдэлбэрийн газрууд, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний болон зам шугам сүлжээний газраас бусад газарт та зусланд гардаг бол газраа өмчлөх эрхтэй болох юм.
Ойн сан бүхий газар гэж юу вэ?
Ойн тухай хуулиар ойн цоорхой, ойн захаас гадагш 100 метр газар, тарьц суулгах бойжуулах мод үржүүлгийн газруудын эзлэх талбайг ойн сан бүхий газар хэмээдэг. Харин усан сан бүхий газар гэдэг нь усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд заасан хот суурин газрын усан сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд газар өмчлүүлэхийг хориглосон байна.
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн зуслангийн өмчлүүлэх газрын бүсэд 40059 нэгж талбар байгаа ч хуулийн дагуу өмчлүүлэх боломжтой нь 18216 нэгж талбар гэсэн судалгаа Өмчийн харилцааны газраас хийжээ.
Өөрөөр хэлбэл 20084 иргэн ойн болон усны сан бүхий газарт зусланд гардаг юм байна. Эдгээр иргэний зуслангийн байшин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, газар эзэмших эрхтэй байсан ч одоогийн мөрдөж байгаа хуулиар газраа өмчлөх ямар ч боломжгүй. Нийслэлийн зүгээс ойн болон усан сан бүхий газарт газар эзэмших гэрчилгээтэй иргэдийн газрыг өмчлүүлэх боломжтой гэж үзвэл Ойн болон Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал УИХ-д хүргүүлэх шаардлагатай болно. Энэ талаар Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Гадаадын туршлагаас харвал ойн болон усны сан бүхий газрыг хамгаалах зориулалтаар өмчилж болдог юм билээ. Харин өнөөдрийн хувьд бид хуулиндаа захирагдан өмчлөх ажлаа явуулна” гэсэн хариулт өгөв. Мөн иргэд зуслангийн хашаагаа хууль бусаар томруулж, эзэмших гэрчилгээн дээрх талбайгаа зөрсөн, бусдад зарж борлуулчихаад гэрчилгээгээ солиулаагүй зэрэг зөрчилтэй бол өмчлөх эрх хүсэхээсээ өмнө бүх зөрчлөө юун түрүүнд арилгах шаардлагатай.
Түүнээс гадна байгууллагуудын нэр дээр эзэмших эрх нь байдаг зуслангийн газрыг өмчлөх боломжтой юу гэх асуудал гарч байгаа юм. Өмчийн харилцааны газраас энэ удаад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ хэмээн заасан учраас байгууллагын хэрэгцээнд өмчлүүлэхгүй гэв. Хэрвээ иргэн хүсвэл байгууллагын нэр дээрх газраасаа өөрийн газрыг таслан эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж, өмчлөх эрх рүү шилжүүлэх боломжтой гэв.
Энэ нь байгууллагын газар дээр өөрийнхөө байшинг барьчихсан бол эхлээд тухайн байгууллагатайгаа зохицоод газраа өөрийн эзэмшилд шилжүүлж авчихаад өмчлөх хүсэлтээ гаргах ёстой. Хуулиараа бол газар нь үл хөдлөх хөрөнгөө дагаад өмчлөх эрх үүсдэг гэдгийг иргэд маань мэдэхэд илүүдэхгүй.
Хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газартай хамтраад цахим газар өмчлөлийн системийг нэвтрүүлж, иргэдэд цахимаар газар олгож эхэлснээс хойш 600 гаруй мянган иргэнийг хамарсан томоохон мэдээллийн сан бүрдсэн аж. Цаашдаа ч өмчийн харилцааны газраас үзүүлдэг бүх үйлчилгээг цахимаар үзүүлэхээр U-las системийг бэлэн болгожээ. Энэ системийн маань хамгийн анхны үйлчлүүлэгчид нь зуслангийн газрыг өмчлөх хүсэлт тавигсад болно хэмээн нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий хэлэв.
Ирэх баасан гаригаас систем ажиллаж эхлэх нь. Энэ системийн давуу тал нь өмнө бүртгүүлсэн хүмүүс энэ систем рүү шууд нэвтэрч хүсэлтээ гаргах бол бүртгүүлээгүй нь шинээр бүртгүүлж, гар утсандаа нууц дугаар аваад баталгаажуулж бүртгүүлэх юм байна. Иргэд хүсэлтээ www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан өөрийн болон эзэмшил газрынхаа мэдээллийг оруулан бүртгүүлсний дараа танд өмчлөх боломжтой, өмчлөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчилж болно гэсэн хариуг холбогдох тайлбарын хамт авах аж. Хэрвээ шаардлага хангасан тохиолдолд холбогдох материалаа Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Өмчийн харилцааны албанд хүргүүлж, өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна.