Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөр


Ф.Д.Рузвельт, И.В.Сталин, У.Черчель нар “НҮБ-ыг байгуулж ядаж тавин жил дайн гаргахгүй байх юмсан” гэж хоорондоо ярилцаж байсан гэдэг. 1945 онд НҮБ-ыг байгуулах талаар олон улсын дипломатууд цугларч эв санаагаа нэгтгэн байхдаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, ярилцсаны үндсэн дээр НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн байгууллага болох ДЭМБ үүсэн байгуулагдах түүхэн эх үүсвэр тавигдсан юм.  Дэлхий нийтийг дайн дажингүй, амар амгалан, эрүүл саруул байлгахын төлөө тэр үеийн удирдагч нарын зорилго, эв санаагаа нэгтгэж НҮБ-ыг байгуулж байсан нь хүн төрөлхтний өмнө тэдний байгуусан том гавьяа юм. НҮБ байгуулагдаад өдгөө далан нэгэн жилийг ардаа орхижээ.

1946 оны зургаадугаар сарын арван еснөөс долдугаар сарын хорин хоёрны хооронд Нью Йорк хотноо болсон Олон улсын эрүүл мэндийн хурал дээр жаран нэгэн орны төлөөлөгчид ДЭМБ-ын дүрмийг батлаж, хоёр жилийн дараа 1948 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр НҮБ-ын хорин зургаа дахь гишүүн улс нь уг дүрмийг соёрхон батласны үндсэн дээр ДЭМБ энэ өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн түүхтэй. 1950 оноос дөрөвдүгээр сарын долооны өдрийг ДЭМБ-ын өдөр болгон дэлхий дахины тэмдэглэж ирсэн уламжлалтай. ДЭМБ нь эгнээндээ 194 орныг элсүүлэн, 6 бүсэд долоон мянга гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

ДЭМБ нь НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн түвшинд эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, судлах, түүнтэй холбоотой хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний стандарт нормуудыг боловсруулах, улс орнуудад техникийн дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээ явуулах, нотолгоонд суурилсан тухайн улс орны онцлогт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг явуулахаас гадна эрхийг хамгаалдаг байгууллага юм. ДЭМБ, Монгол улсын хамтын ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын арван наймнаас эхлэн өнөөг хүртэл тавин дөрвөн жилийн түүхэн замналтай юм. Монгол улс 1963-1995 он хүртэл Зүүн Өмнөд Азийн Бүсийн гишүүн орон байж байгаад 1995 оноос Ази Номхон Далайн Бүсэд шилжин орсон. Монгол Улс ДЭМБ-ын үйл ажиллагаанд зохих хэмжээний хувь нэмрийг оруулсаар ирсэн. Монгол улс нь Дэлхийн Эрүүл Мэндийн Ерөнхий Чуулганы Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Номхон Далайн Баруун бүсийн Хорооны  Хуралдааны дарга, Дэд Даргаар, хэд хэдэн удаа сонгогдож байсан бөгөөд 2009 оны ДЭМБ-ын арван хоёрдугаар чуулганд миний бие оролцох үеэр Монгол улсыг ДЭМБ-ын Гүйцэтгэх Зөвлөлд оруулах саналыг Ерөнхий Чуулганы даргад уламжлан улмаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн чуулганаас Монгол Улсыг Гүйцэтгэх Зөвлөлд нэр дэвшүүлж 2010 оны тавдугаар сард ДЭМБ-ын жаран гуравдугаар чуулганаар батлагдан, гурван жилийн хугацаатай /2010-2013/ гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр Монгол улс сонгогдсон юм.  Монгол Улс 1967, 1977, 1994 онуудад Бүсийн Хорооны Хуралдаануудыг, 1984 онд Хөвсгөл аймагт “Анхан шатны тусламж үйлчилгээний Бүсийн семинар”-ыг, мөн 1994 онд “Бүсийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хуралдааныг Зүүн Өмнөд Азийн Бүсийн гишүүн, тус бүсийн Шинжлэх Ухааны Зөвлөх Хороонд  байхдаа зохион байгуулж байсан.

2010 оны тавдугаар сард Монгол Улсын ЗГ-аас ДЭМБ-тай хамтран ажиллах дунд хугацааны  стратегийг /2010-2015/ боловсруулж ДЭМБ-ын 63-р Ерөнхий Чуулганы үеэр батлуулан, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн  бүсийн захирал Др.Шин ЁН Су Монгол улсад албан ёсны айлчлал хийж, дээрх стратегийн баримт бичгийг Монгол Улсын ЗГ-т албан ёсоор хүлээлгэн өгч, мөн Монгол улс нь ДЭМБ-ын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн болсон тогтоол батлагдсаныг албан ёсоор мэдэгдсэн.

ЭМЯ нь Манила дахь ДЭМБ-ын “Ази Номхон Далайн бүс болон Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин Төлөөлөгчийн Газартай нягт холбоотой ажиллаж ирсэн. Миний бие ЭМ-ийн дэд сайдаар 2007-2012 онд ажиллах хугацаанд   Манила дахь ДЭМБ-ын “Ази Номхон Далайн бүсийн захиралаар ажиллаж байсан Др.Шигеру Оми /1999-2009/,  Др. Шин ЁН Су /2009 оноос/ нартай биечлэн уулзаж  Монгол улсын эрүүл мэндийн салбарын өмнө тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг цаг алдалгүй шийвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар асуудлыг дэвшүүлэхэд найрсагаар хүлээн авч асар хурдтай арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлж байсныг дурьдан талархал илэрхийлэхийг хүсэж байна. Монголын хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахын төлөө хүчин зүтгэж, эрүүл мэндийн үндэсний бодлогыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулж, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэчлэх явцад тал бүрийн техникийн туслалцаа үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн хүчин зүтгэж ирсэн үе үеийн суурин төлөөлгч нар тэр дундаа надтай хамтран ажиллаж байсан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Хаген /2000-2009/, Др. Виват /2009-2012/, өнөөдөр Монголын ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэж буй Др.Су Нюунт-У тэргүүтэй суурин төлөөлөгчийн газрын хамт олонд ДЭМБ-ын өдрийн баярын халуун мэндийг хүргэе. Мөн хөдөөний хүү, АУИС-ийг төгссөн жирийн эмч  дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, анх удаа Монгол хүн ДЭМБ-д үндсэн ажилтнаар орж улмаар дэлхийн хүн амын гуравны нэгийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг хамгийн том бүс болох Зүүн Өмнөд Азин бүсийн дэд захиралаар томилогдож олон арван монголчууд НҮБ-д ажиллах эх гарааг нээж өгсөн миний аав Др.З.Жадамба, мөн бүсэд ажллаж байсан Др.М.Отгон болон ДЭМБ-д ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа монголчууддаа энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе.

Жил болгон ДЭМБ-ын өдрийг тодорхой уриатайгаар тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Диабетийг ялъая” уриан доор тэмдэглэж байна. Дэлхий дээр хагас сая орчим хүн диабет өвчнөөр шаналаж байгаагийн гуравны нэг нь Ази Номхон далайн баруун эргийн бүсэд бүртгэгдэж, 2040 он гэхэд диабетээр өвчлөгсдийн тоо хоёр их наядад  хүрнэ гэсэн тооцоолол байна.  Диабет нь жилд  1,5 сая хүний амь насыг авч байгаа бөгөөд 2030 он гэхэд үхэлд хүргэдэг долоон өвчний нэг нь болох талаар ДЭМБ мэдээлж байна. Манай орны хувьд 2015 оны байдлаар ерэн зургаан мянган хүн  диабетээр өвчлөөд байна. Диабет өвчин нь урьдчилан сэргийлэгддэг өвчин юм. Хүн бүр жингээ хэвийн хэмжээнд нь барьж, зөв хооллож, зохистой хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал бид энэ өвчнийг тусахгүй байх бүрэн боломжтой юм. Диабет өвчин нь эдгэрдэг, эмчлэгддэг өвчин юм. Хувийн амьдралаа зөв зохион байгуулж, эрүүл мэндийн мэдлэгээ байнга дээшлүүлж, зөв эмчилгээг цаг алдалгүй авч, эмчийн зааврыг чанд дагах юм бол бид энэ өвчнөө бүрэн эмчлэх боломжтой.  

Хүн бүрийн диабет өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх эрмэлзэл нь Тогтвортой хөгжлийн гуравдугаарт заасан халдварт өвчний гаралтай нас баралтыг 2030 он гэхэд гуравны нэгээр бууруулна гэсэн зорилтыг биелүүлэхэд асар их хувь нэмэр оруулах юм. Дан ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй бүхий л салбарууд, иргэд, хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллах  нэн чухал байна.  

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан