Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогтын холбогдоод байдаг оффшор гэж юу вэ

Х.ӨЛЗИЙБАЯР

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум / ICIJ / оффшор компаниудад их хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийг зарласан нь дэлхий даяар дуулиан тарьж байна.
“Панамын архив” нэртэй энэ илтгэлд  хуульзүйн “Moossack Fonseka” гэх компани 1970-аад оны эхнээс 2016 оны хавар хүртэлх материалуудаа оруулсан байна.
Манайхаас ч гэсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт энд нэг сая доллартай байснаа нуун дарагдуулж байсан  нь илэрч  УИХ-ын дэд даргын албанаасаа мулталсан түүх бий.

 
Энэ бүхэн яаж дэлгэгдэв

Олон улсын хэмжээнд хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгддөг, татварын хөнгөлөлттэй, татваргүй энэ бүсийн тухай мэдээлэл яаж алдагдав хэмээн дэлхий дахин гайхширч байна. Оросын сөрөг хүчний төлөөлөгч, том зүтгэлтэн Алексей Навальный энэ тухайд нэгэн сонин таамаг дэлгэжээ.
Хэдийгээр оффшор бүс, компаниудын талаарх мэдээллийг нууцалдаг ч яагаад ийм мэдээлэл олон нийтэд тархав. Навальныйхаар бол оффшор бүсүүдийн талаар мэдээлэл хадгалдаг панамын хуульзүйн Mossack Fonseka фирмийн нэлээд голлох үүрэг бүхий нэг ажилтны амраг нь түүнтэй муудалцаад өшөө авах гэж энэ бүх мэдээллийг олон днийтэд дэлгэж цацсан гэж хэлж байна. Чухамдаа үнэн эсэхийг бүү мэд ерийн л хоёр хүний өөр зуурын муудалцаанаас болоод дэлхийн баячуул, улстөрчдийн нууц бизнес, мөнгө угаасан хэрэг, улс орныхоо эсрэг ажиллагаа ил болж байгаа нь энэ аж.

ОФФШОР гэдэг ер нь юу вэ

Офф-шор гэдэг нь off-shore буюу “эргээс гадна” гэсэн утгатай англи үг юмсанж. Дэлхийн санхүүгийн төв, банкны ажиллагааны зарим хэлбэр гэнэ. Энд бүртгүүлснээр татварын хөнгөлөлт эдлэх юм уу, татвараас бүрэн чөлөөлөгддөг байна. Оффшор компани, олон улсын бизнесийн компани гэх нь ч бий. Татваргүй бүс ч гэдэг.

Түүх нь

Анх оффшор гэдэг нэр томъёог 1950-иад онд АНУ-д хэрэглэж эхэлж. Америкийн нэг фирм татвараас зугтааж татварын илүү таатай нөхцөлтэй өөр улсад бүртгүүлснээр анх оффшорын түүх эхэлсэн гэдэг. Уг нь бол  бүр эртний Афинд баячуул нь татвараас зугтааж бараагаа татваргүй арлууд руу зөөж байсан түүхтэй юм байна. Өнөө ч гэсэн оффшор бүс нь эдийн засгийн хөгжлийн нөөц баялаггүй Кипр, Кайманы арлууд, Бермуд зэрэг  дулаан орны арлууд дээр байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн орон, арлын хөгжлийн гол хэрэгсэл нь гадаадын энэ хөрөнгө болдог байна. Татварын таатай энэ орчныг off shore буюу  “эргээс гадна” гэж нэрийдсэн нь ч үүнтэй холбоотой.

Яаж ажилладаг вэ

Ийм бүс нь хамгийн бага татвар оногдуулдгаараа гадаадын бизнесмэнүүдийн хөрөнгийг татаж үүгээрээ төсвөө бүрдүүлэн ард түмнээ тэжээдэг байна. Үндсэн үйл ажиллагаа нь тухайн оронд л явна. Олон улсын хууль тогтоомжийн дагуу тухайн компани тэнд бүртгэлтэй болохоор тэндээ татвараа төлнө. Тэр нь хамгийн бага.

Давуу тал нь

Татварын хөнгөлөлтөөс гадна оффшорт олон давуу тал бий. Оффшор бүсийн  олон оронд  санхүүгийн элдэв тайлан бүртгэл бага шаарддаг бол заримд нь бүр хэрэггүй. Энд бас жинхэнэ эзнийг ямагт нууцалдаг болохоор хэн ч мэдэх боломжгүй. Тэгэхээр оролцогч талууд аль аль нь сэтгэл ханамжтай, бизнес эрхлэгч татвараас зугтаах, ядахнаа хөнгөлүүлнэ, харин оффшор бүс нь жил бүр урамшуулал авна. Оффшор фирм байгуулж бүртгүүлэх нь ч хялбар, төвөггүй. Ердөө л орж ирж байгаа их мөнгөний төлөө компани байгуулах, түүнээ худалдах бол тэр  ажлыг нь хуульчид тун амархан бүтээгээд өгдөг.

Яаж нээдэг вэ

Фирм, компани байгуулах гэж улс орнуудад долоо хоног бүр хэдэн сар, хэдэн арван бичиг баримт  шаардлагатай байдаг бол  оффшор бүсэд сайндаа л нэг цаг байхад хангалттай. Яг үүнийг хийдэг тусгай агентлаг бүгдийг нь амжуулаад өгнө. Үүний тулд та Кариб руу, өөр нэг тийшээ, тухайн компани байдаг газар руу  нисэх ч хэрэггүй, гэрээсээ л бүхнийг амжуулчихна.

Яаж ашигладаг вэ

Хамгийн энгийн. Таньд хоёр компани байдаг гэж бодоход нэг нь оффшор бүсэд, нөгөө нь эх орондоо. Оффшор бүс дэх таны түнш фирм таны бүхий л ажлыг тэнд амжуулаад байхад та эх орон дахь компаниасаа татвар төлнө. Гэхдээ маш бага, таны ашгийн ихэнх нь өнөөх оффшор бүс дэх компани руу л орно.

Татвар

Оффшор бүсэд татвар аль ч улсынхаас бага. ОХУ-д гэхэд л ашгийн 20 хувь байдаг бол оффшор бүсэд бага. Тухайлбал Кипри 10 хувь. Багамын арлуудад бүр ч бага.


Оффшор бүсэд ямар хүмүүс байна

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум / ICIJ / гэж нэг байгууллага Панамын хуульзүйн Mossack Fonseca компанитай хамтраад оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг улс төрийн зүтгэлтэн, төрийн тэргүүн нарын мөнгө угаадаг, санхүүгийн махинацийг нь дэлгэчихэж.

Хууль бус зүйл биш болохоор дэлхийн бүх хөрөнгийн ойролцоогоор 10 орчим хувь нь энэ бүсэд байрлаж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
Энд янз бүрийн тоо хэлж байгаагийн дотор дэлхийн улс орнуудын 140 төрийн зүтгэлтэн, улстөрчийн оффшор санг илчиллээ гэсэн нэг тоо байна. Эднийхээ заримынх нь буюу нэр нөлөө бүхий 128 зүтгэлтний санхүүгийн нууц ажиллагааг бүр тодорхой баримтуудтай нь дэлгэсэн гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины нэр энд огт байхгүй ч, түүний амраг, ойрын хүрээллийнхэн ямар нэрээр хэдий хөрөнгө яаж шилжүүлж байсныг нэгд нэгэнгүй баримтаар илчилжээ.
Тайлан бичигт нэр дурдагдсан хүмүүсийн эх орон, улсын эрх баригчид, татварын байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд талархал илэрхийлэн эдгээр мэдээллийг судлах ажилд орсон байна.

Нэр дурдагдаж, хөрөнгөө нууцаар байршуулсан хүмүүсийн дунд хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын иргэд төдийгүй Ойрхи Дорнод, Латин Америк, Африкийн хүмүүс ч байна. “Панамын баримт”-д Их Британийн лордын танхимын зургаан гишүүн, Ирландын ерөнхий сайд Сигмундур Гуннлёйгссон, түүний засгийн газрын сайдууд, Испанийн хаан зургадугаар Филиппийн хадам эх, Францын социалист засгийн газрын Төсвийн сайд асан Жером Каюзак нар байна.
Үүнээс үүдээд барууны орнуудын төрийн тэргүүн, хууль хяналтын байгуулагууд энэ баримт бичгийг үнэлж, талархан хүлээж авч байна.


Исландын Ерөнхий сайд огцорлоо

“Панамын архив”-т нэр нь дурдагдсан бас нэг хүн Исландын Ерөнхий сайд Сигмундур Гюннлёйгссон үүнээсээ болоод албан тушаалаасаа огцорлоо. Mossack Fonseca-ын баримтад байгаагаар бол тэрээр сүйт бүсгүйн хамт оффшорын Wintris компанид Исландын томоохон банкнуудын 3,6 сая евротой тэнцэх үнэт цаасыг хадгалж байж. 2008 оны хямралын үеэр улсынхаа  банкуудыг үндэсний болгосны дараагаар Гюннлёйгссон өртэй зээлдэгчдийн тоонд орж байсан юм. Үүнээс сарын дараа тэрээр шведийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө оффшор компанитай гэдгээ няцаагаад 2010 оны эхээр Wintris дахь өөрийн хувиа сүйт бүсгүйдээ шилжүүлж байсан юм.

Оффшорын тухай мэдээлэл гарсны оройноос л исландчууд гудамжинд гаран эсэргүүцлээ илэрхийлж интернетээр санал сэтгэгдлээ бичсэнээр ёсзүйтэй энэ улстөрч албан тушаалаа өгч байна.


“Энэ бол Францын хувьд маш сайн мэдээ”

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ийм ажил хийсний нь төлөө эрэн суралжлагч сэтгүүлчдэд талархал илэрхийлжээ.Тэрээр  энэ жагсаалтад францын мянга гаруй хүний нэр байна гээд  “Энэ бол Францын хувьд маш сайн мэдээ” гэсэн байна. Францын татварын байгууллага, хууль сахиулагчид энэ баримт бичгийг шалгаж нягтлах, мөрдөн шалгах ажлаа эхлүүлжээ.
Францын парламент Сангийн сайд Мишель Сапеныг хуулийн төсөл боловсруулахыг даалгасан гэнэ. Энэ хуулиар ингэж мөрдөн шалгаж, баримтуудыг ил болгосон сэтгүүлчдийг, тэдний мэдээлэгчдийг хамгаалах юм гэж La Marianne сэтгүүлд бичсэн байна.

Австрали, Шинэ Зеландын татварын байгууллагууд ч  энэ тайланд анхаарал хандуулж хөдөлгөөнд орж эхэлсэн байна. Энэ жагсаалт тайланд австралийн 800 гаруй татвар төлөгчийн нэр байгааг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай комисс шалгахаар шилжүүллээ гэж Австралийн татварын байгууллагын тэргүүн  Майкл Крэнстон мэдэгдсэнийг Reuters агентлаг мэдээлж байна.
Европын холбооны еврокомиссар Пьер Московиси “Энэ бол маш сайн мэдээ, энэ нь улстөрийн зэвсэг болно. Хангалттай, үүнээс ч илүү ил тод байгаасай” гэснийг францын L’Opinion хэвлэл иш татаж нийтэлжээ.

Хэдийгээр өөрийнх нь талаар зарим мэдээлэл энд байгаа ч Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон оффшортой хийх тэмцэлд татварын байгууллага, хууль сахиулагчдыг уриаллаа. Британийн татварын болон гаалийн байгууллага ICIJ-ын тайлан илтгэлийг нарийвчлан судалж эхэлжээ.
Британийн татварынхан сүүлийн таван жилд л гэхэд гадаадын оффшорын мэдээллийг үндэслэн 11 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэж  The Times хэвлэл тэмдэглэсэн байна.

Барууны удирдагчид оффшор дахь нууц хөрөнгөтэй бодитойгоор тэмцэхэд улс төрийн эр зориг, улс орнуудын хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэж байна.
Австрийн канцлер Вернер Файман мөнгө угаахын эсрэг дэлхий нийтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод “Хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа гуравдагч орнуудтай харилцахдаа хатуу хандах шаардлагатай. Тэр орнууд авлигачдын бизнесийн түнш болж, оффшороор дамжуулан татвараас нуугдахад нь тусалдаг байна. Тэдэнд хориг тавих хэрэгтэй” гэсэн байна.


Энэ бүхнийг эсэргүүцдэг хүмүүс бас байна

Пакистаны ерөнхий сайд Наваз Шарифын хүүхдүүдтэй холбоотой оффшор дансны тухайд тус улсын Мэдээллийн сайд Первез Рашид бас “Өөрийн хөрөнгөний талаар хэн юу хүснэв, дуртайгаа хийж болно” гэж мэдэгдсэн байна.
“Далайд хаячихаж болно, худалдаж болно.Энэ бол пакистаны хуулиар ч, олон улсын хуулиар ч гэмт хэрэг биш” гэж тэр онцолсныг The Guardian сонин дамжуулсан байна.

Уг нь тайланд  дурдсанаар бол Шарифын гурван ч хүүхэд Британийн Виржиний аралд хамгийн багаар бодоход дөрвөн ч оффшор компани, Лондонгийн Гайд-паркт сая сая долларын үнэ бүхий зургаан тансаг байшинтай гэнэ.
Украины авлигын эсрэг үндэсний товчоо бас ерөнхийлөгч Петр Порошенког мөрдөн шалгахгүй, тэгээд ч бидэнд тийм эрх байхгүй гэж мэдэгдсэн байна. Гэтэл илтгэлд дурдсанаар бол Британийн Виржини аралд байх Prime Asset Partners Ltd компани 2014 онд украин, киприйн бүтэцтэй “Рошен” корпорацийг Порошенкогийн эзэмшлийнх гэж бүртгэсэн байна. Украины ерөнхийлөгч түүний цорын ганц эзэн нь атлаа 2014, 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй өнгөрчээ.

Манай умард хөрш ОХУ-ын Ерөнхийлөгчийн талаар ч ноцтой баримтуудыг дэлгэсэн байна. Энд Банк, компани, Путины ойрын хувь хүмүүсийг шалгах  нууц ажлаар нэг удаа л гэхэд Оффшор компанитай холбоотой 200 сая долларын ажил илэрсэн гэж тэмдэглэжээ. Баримт бичигт өгүүлснээр бол Путины ойрын хүмүүс нь төлбөр, баримт бичгийг нууцалж, ийм байдлаар Оросын автомашин, хэвлэлийн зах зээлд нөлөөллөө нууцаар тогтоодог гэсэн байна.

Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Путины эсрэг мэдээллийн дайн хийж сенсаац дэгдээх гэж байна гэж өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Ийм мэдээлэл бэлтгэж байгаа нь бидэнд тодорхой боллоо гэж тэрээр мэдэгдсэн юм.

Тэрээр ийм асуулга Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас ирж ерөнхийлөгчийн хувийн мэдээлэл, гэр бүл, хүүхэд ахуйн найз нөхөд, бизнесменүүд, оффшор компаниуд тэр бүү хэл Путины огт тааралдаж байгаагүй бизнесменүүдийн тухай сонирхож байна гэж мэдээлсэн юм.
Эцэст нь олон улсын сэтгүүлчдийн энэ тайланг ерөнхийлөгч Владимир Путины эсрэг мэдээллийн ээлжит дайралт гэж хүлээн авч энэ нь Тагнуулын төв газрын агентуудын  хийсэн зүйл гэжээ.


Оффшортой монголчууд танил болсон нь

Оффшор бүстэй монголчуудыг танилцуулсан эрхэм бол УИХ-ын эрхэм  гишүүн С.Баярцогт. Анагаах ухааны дээд сургуулийн Эвлэлийн хороон дарга байгаад АИХ, Улсын Бага хурлын гишүүн болж суга дэвшиж байсан энэ эрхэм оффшор бүсэд нэг сая ам.доллар байршуулсан нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн тайлангаар ил болж “булайгаа дэлгэсэн”. Энэ бол 2013 он.

Гэхдээ татвараас зугтаадаг энэ бүсийн тухай ойлголт тун багатай манай хууль тогтоогчид, эрх баригчид үүнийг С.Баярцогтыг энэ хөрөнгөө мартсан гэсэн үгэнд нь хууртаад УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцоръё гэсэн хүсэлтийг нь хүлээн авсан төдийгөөр өнгөрсөн.

Гэтэл үүнийг дагаад Татвараас зугтаасан, Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зэрэгт нь ямар ч хариуцлага тооцоогүйгээр үл барам,  энэ их / тухайн үед нэг тарбум гаруй төгрөг / хөрөнгийг УИХ-ын жирийн нэг гишүүн хаанаас яаж олсон гэдгийг хэн ч сонирхоогүй. Хэвлэл мэдээллийнхэн л Оюутолгойн гэрээтэй холбоотой байх гэж хардсан ч эрх баригчид болоод хууль тогтоогчид үүнийг огтоос тоож шиншлээгүй.

Энэ дансыг С.Баярцогтын нууц зөвшөөрлөөр Portcullis TrustNet (BVI) Limited гэсэн нэртэй нөгөө л зуучлагч Виржиний арлын компани Credit Suisse банкинд нээсэн байна гэж тухайн үед бичиж байв. / 2013 оны мэдээ /
С.Баярцогт ч 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд хэвлэлийн хурал зарлаж “Миний нэр дээр “Legend Plus Capital” компани 2008 оны 5 сараас бүртгэлтэй байгаа.
Өөрөөр хэлбэл оффшор данс гэсэн үг л дээ. Ийм байдалтай байгаа. Одоогийн байдлаар энэ компаний дансанд 1658 евро буюу монгол төгрөгөөр 3 сая төгрөг байгаа. Энэ бүгдийг би Хөрөнгө орлогын мэдүүлгийн орлого талд нь өөрийнхөө дотоодын 3 компаний орлоготой хамт бүрдүүлээд бүртгүүлчихдэг” гэж тайлбарлаж байж.


Гэтэл одоо....Оффшор бүсэд Монголоос 46 хүн байгаа юм биш биз

Олон ул­сын эрэн сур­валж­­лах сэт­гүүлч­дийн консорциум / ICIJ / хэмээх бай­гууллага Панамын хууль­­­зүйн Mossack Fonseca компанитай хамтраад оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг улс төрийн зүтгэлтэн, төрийн тэргүүн нарын нэрийг зарлачихлаа. Оффшор компани бүхий, татвараас зугтаагсад аль улсад хэд байгааг бүр газрын зураг дээр улс бүрээр нь тоо гаргаад дэлгэчихэж. Монгол ч бас хоцорсонгүй улаан толботой, түүн дээр нь дарахаар хувьцаа эзэмшигч  46 гэсэн тоо гарч ирж байна.

Ингэвэл  орлогоо нууж, татвараас зугтаасан, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэдгээс гадна, тэр хөрөнгийг хэрхэн яаж олсон бэ гээд олон асуулт, асуудал гарч байна, харин хэн хариу өгөх вэ....
Хууль ёстой, түүнээ хэрэгжүүлдэг улс орнууд бол энэ мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваад хянаж шалгаад эхэлчихэж.......
Манайд яах юм бол........Тэр жилийн С.Баярцогтынх шиг “мэдүүлэхээ мартчихаж ээ” гэхээр нь “өө тийм үү” гээд толгойг нь илээд, энхрийлээд өнгөрөх юм уу, эсвэл бүүр огт дуулаач үгүй юм шиг өнгөрөх юм болов уу.

0 Сэтгэгдэл
оффшортой хэн хэн гэж 46 этгээд байна. нэр усыг зарлаад өгөөч ард түмэндээ.
Эрүүгийн хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл гэмт хэрэг гэж үзэх тухай нэг заалт байгаа байхаа. тэр 46 хувьцаа эзэмшигчийг шалгаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг хурааж улс орныхоо өр төлбөрт өгье өө
Офшорт хаанаас монго олж хийсэн орлгын эх ийг. Шалгаач
Баярцогт тэргүүтэй мэдээж маш олон хүмүүс байгаа. Эд нар энэ орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж өгөх ёстой. Хэрвээ хууль бус орлого байгаа бол хураалгаж хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ бизнес орлого бол орлогын албан татвараа монголдоо тушаах ёстой. Өөр ярих юм байхгүй.
яаж Баярцогт шиг их мөнгөтэй болох вэ....
Баярцогт өөрөө сайн дураараа огцрох хэрэгтэй..ичих булчирхай гэж алга даа..хаанаас тийм мөнгөтэй болсоныг АТГ,ШӨХГ шалгаачээ...хариуцлага тооцох хэрэгтэй...
Bayartogt gej nobsh uhbel taarna
Би эртээд ХОМ-ээ өгөхдөө Виржиний аралд шилжүүлсэн хэдэн сая доллар мартчихаж. СӨХ-ийн даргаасаа өөрийн хүсэлтээр огцорно оо
Хамгийн их уншсан