“Нарантуул” олон улсын худалдааны төвд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны 03:00 цагийн үед гал гарч, бөс барааны худалдааны хэсэг галд автсан билээ. Нийт 5700 орчим ам.метр талбайтай бөс барааны хэсгийн 2500 орчим нь галд өртөж, наймаачдад багагүй хохирол учраад байна.
Гэхдээ галын улмаас хэд, хичнээн төгрөгийн хохирол учирсан, гал гарах шалтгаан нь юу байв, хохирлыг хэрхэн барагдуулах вэ, зэрэг асуултад холбогдох байгууллага эцсийн хариултыг өгөөгүй байна. Энэ байдлаараа сар гаруйн хугацаанд үйл ажиллагаа нь тасалдсан тул “Нарантуул” худалдааны төвийн бөс барааны худалдаачид Өргөдлийн байнгын хороонд хандаж, гомдол гаргажээ. Энэ дагуу өчигдөр холбогдох байгууллагынхан болоод худалдаа эрхлэгчид Төрийн ордонд уулзлаа.
“Нарантуул трейд” компанийн түрээслэгчдийн эвлэлийн тэргүүлэгч Амаржаргал
Түрээслэгч болоод түрээслүүлэгч нарын хооронд хийсэн гэрээ гэж бий. Тэр гэрээнд заасан үндэслэлд тулгуурлан гал гарсан шалтгаан, хэн хохирсон, хэдээр хохирсон, гэм буруутан нь хэн байв зэрэг албаны мэдээлэл гарсны дараа хохирол барагдуулах асуудал шийдэгдэх байх. Одоогийн байдлаар бидний бараа, таваарыг зах руу оруулахгүй хашчихсан байгаа. Бид 72 цагийн хугацаатай тайван суулт хийсэн. Тайван замаар энэ асуудлыг шийднэ гэж бодож байсан. Гэвч, түрээслэгч нарын бараа, таваар эвдэрч, хэмхэрсэн тохиолдол гарсан. Тиймээс үйлдвэрчний эвлэл энэ асуудалд оролцож байна. Түрээслэгч бүр УИХ-ын гишүүнтэй уулзах боломжгүй тул бид түрээслэгчдийн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд уламжилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нэг ч хүн хохирлоо барагдуулаагүй. Бидэнд холбогдох байгууллагын дүгнэлт гартал хохирол барагдуулахгүй л гэсэн хариу өгч байгаа.
“Нарантуул трейд” компанийн захирал Д.Түвшинбат
Манай төвийн бөс бараа зардаг хэсэгт гал гарч, их хэмжээний хохирол гарсан. Цагдаагийн болоод бусад хянаж, шалгах чиг үүрэгтэй байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа болохоор хохирол болоод галын шалтгааны талаар тодорхой хэлэх боломжгүй. Худалдааны төв өөрөө тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан бол түрээслэгчид мөн тэрбум гаруй төгрөгийн хохиролтой гэж байна. Худалдаа эрхлэгчид маань өөрсдөө лангуун дээрээ бараа бүтээгдэхүүнээ боогоод орхидог. 2013 онд хүнсний захад гал гарч, хүний амь эрсдэж байсан харамсалтай тохиолдол гарснаас хойш бид бараа бүтээгдэхүүнийг лангуу, тавиур дээр үлдээхгүй байх шаардлага байнга тавьж ирсэн. Гэтэл энэ гэрээний үүргээ биелүүлэхгүй байснаас болоод энэ удаад ч гэсэн үлэмж хохирол гарлаа.
Түрээслэгчдийн зүгээс бараа, бүтээгдэхүүнээ агуулах сав гаргаж өгөөч гэж хэлдэг. Гэтэл “Нарантуул” худалдааны төв байгуулагдаад 20 орчим жил болж байна. Бүрэн чадлаараа ажиллаж байгаа. Тиймээс дахин агуулах гаргаж өгөх боломжгүй. Харин худалдааны төв дотор буй чингэлгийг бид давхарлаж өгсөн. Даанч, бөс барааныхан газар дээр нь боогоод л орхисоор байна. Хоёр давхар чингэлэгт хийх хэцүү учраас лангуун дээрээ л үлдээгээд яваад байна л даа. Түрээсийн гэрээн дээр зориулалтын чингэлэгт бараа, таваараа хадгалах ёстой гээд заачихсан.
Харин галын хохирлыг цагдаагийн байгууллага, онцгой байдлын газар зэрэг байгууллага албан ёсны хариу өгч, эзэн холбогдогчийг тогтоосны дараа ярих нь зөв гэж бодож байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Нарантуяа
Түрээслэгч, худалдаа эрхлэгчдэд нэлээд гарз хохирол учирсан. Галын хэрэг дээр Онцгой байдал, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа тул бид эцсийн дүгнэлтийг хүлээж байна. Тухайн үед юу болсон, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, онцгой байдал, цагдаа хэрхэн ажилласан бэ, гэсэн тайлан мэдээг Нийслэлийн Засаг даргад ирүүлж байгаа. Одоо эцсийн дүгнэлтийг хүлээж байна.
Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан
Бидэнд 200 гаруй хүний бараа, таваар шатсан, ажлын байраа алдсан, хэвийн амьдрах нөхцөлгүй байна гэсэн гомдол ирсэн. Өнөөдөр (өчигдөр) ч гэсэн өргөдөл нэмэгдэж ирлээ. Галын дүгнэлтийг яаралтай гаргах шаардлагатай байгаа юм байна. Энэ асуудал дээр Өргөдлийн байнгын хороо ажиллана.
Мөн “Нарантуул трейд” компани нь түрээслэгч нартай хийгдсэн гэрээний үндэслэлээр хохирлын асуудлыг ярих юм байна. Тиймээс энэ гэрээ шударгаар хийгдэж чадсан уу, гэдгийг нь шалгана. Ялангуяа худалдааны томоохон төвүүд дээр лангуу түрээсэлдэг иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой зүйл заалт гэрээнд байх ёстой. Даатгалд хамрагдах, даатгалын шимтгэлийг хэн нь төлөх вэ зэрэг асуудлыг мөн тусгасан уу, гэдгийг нь харна. Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо нь галд бараа, таваараа алдсан иргэдийг төлөөлж дорвитой дуугарахгүй байгаа юм байна.