Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Хөлгүй хүнтэй таарах хүртлээ гуталгүйдээ гутардаг байв” гэдэг байх аа. Энэ үгийг байгаадаа бах ханаж сураагүй, үргэлж үглэн дуулж, элдэв зовлон тоочиж суудаг тариалан эрхлэгчдэд хамаатуулмаар санагддагаа нуух юун. Үргүй, мөнгөгүй, шатахуунгүй гээд л хаврын хаварт хамаг л зовлонгоо хамж шимэн тоочиж суудаг энэ хүмүүс салбар яамаа “саалийн үнээ” мэт сэтгэдэг болж. Ямар сайндаа л “Хаврын тариалалт эрхлэх мөнгөгүй” хэмээн зуу зуун тэрбумаар нь нэхэж суухав. Угтаа үр тариа эрхлэгчдэд өгдөггүй биш өгдөг. Өгөх өгөхдөө жил болгон урамшуулал олгодог. Тэр ч бүү хэл тариалан эрхлэлтэд шаардлагатай шатахууныг татвараас чөлөөлөх тухай ч ярьж байна.
Гэтэл “Бид л тарьж, ургуулж та бүхнийг хоолтой хонуулж байгаа” хэмээн “даам гарах” нь энүүхэнд. Угтаа газар тариалангийн салбарыг ганц Үр тариа эрхлэгчдийн холбоо, хэдэн тариалан эрхлэгч, уяач, “томчууд”-аар хэмжиж болохгүй. Үр тариа эрхлэгчдийн цаана өдий хүртэл элдэв гомдол, зовлон тоочилгүй бор зүрхээрээ болгож ирсэн хүмүүс бий. Хүрзнээс өөр “хөрөнгө”-гүй гэхэд хилсдэхгүй энэ хүмүүс бол Монголын хүнс, хөдөө аж ахуйн ассосиаци (МХХААҮА)-д харьяалагдах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч өрх, аж ахуй нэгжүүд.
Өчигдөр МХХААҮА болон салбарын олон улс, төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд “Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ. Хуралд ассосиацийн тэргүүн Р.Мөнхбат, “Органик Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Онон, Төв аймгийн ХАА-н ассосиацийн гүйцэтгэх захирал Ч.Жадамбаа, ХАА-н машин техник эзэмшигчдийн холбооны тэргүүн Г.Батдэлгэр, Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал нар оролцсон юм. Р.Мөнхбат “Хөдөө аж ахуйн салбар гэхээр л хэдэн үр тариа эрхлэгчдээр сэтгээд байдаг. Угтаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид гэх мянга мянган иргэн, өрх, фермер, аж ахуй нэгж бий. Бид ч жилийн жилд тариалан эрхэлж, ард иргэдээ хоолтой хонуулахад хөлс хүчээ зориулдаг. Өдий хүртэл овойж оцойсон их мөнгө олж, түүгээрээ хурдан морь худалдаж авсан нь үгүй. Үнэндээ урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ирлээ. Гэтэл хөдөө аж ахуй, газар тариалан гэхээр л үр тариа эрхлэгчдэд элдэв зээл, тусламж олгоод байхаас энэ хүмүүс орхигдсоор удлаа. Яамнаас ч тэр бидэнд чиглэсэн бодлого боловсруулж, дэмжиж байгаа юм алга” хэмээн онцолсон.
Үнэхээр ч энэ хүмүүс хүрзнээс өөр хөрөнгө, техник хэрэгсэлгүй байгаа нь үнэн. Ядаж л ажлын хүндийг нугалдаг үрлэх, суулгах, газар хагалах машин, техниктэй нь цөөн байна. Хуралд оролцогсодын дунд зээлээр олгосон ногоон трактор нь ч шаардлага хангадаггүй тухай учирлах нь байв. Үнэндээ өдий хүртэл төмс, хүнсний ногоо тариалагчдад “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд төмсний сорт сайжруулах нэрээр үр төдийхөн өгсөнөөс өөрцгүй. Өндөр үнэтэй сорт тариалж, техник хэрэгслийн хүрэлцээ муугаас хүний хүчээр тарьж ургуулсан ногоо түүндээ тохирсон үнэтэй байх нь мэдээж.
Угтаа сүүлийн хэдэн жилд манай тариаланчид дотоодын жилийн хэрэгцээт төмсөө 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах болсон. Гагцхүү тариалах, хураах, арчиж тордох зардал нь өндөр тусаад байгаа учир үнэ ч тэр хэрээр өсөөд байгаа хэрэг. Тэр хэрээр зах зээлийг нь импортын хүнсний ногоо эзэлчихсэн.
Хэрэв төмс, хүнсний ногоо тэргүүтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, үнийн өсөлтийг барьж, ард иргэдээ эрүүл хүнсээр ханагахыг хүсвэл үр тариа эрхлэгчдэд “өгдөг” шигээ хөдөө аж ахуй эрхлэгчдийг ч “тоох” цаг болсон.