Э.ГАНЦЭЦЭГ
“Аабан бээбэн”, “Удаан дуу”, “Сэтгэл хөдөлнө”, “Чөтгөр бид хоёр” гээд 12 дуунаас бүрдсэн тэдний бие даасан дөрөв дэх цомог “Гар хангалга” нэртэй. Мэдээж ийм нэртэй цомгийн эзэд нь “Нисванис” хамтлагийнхан л байж таарна. Үргэлж хэмнэл эвдэж, “хэтэрхий” өвөрмөц байж чаддаг тэд ахин тэсрэлт хийсэн нь энэ.
Гранж, панк, альтернатив метал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Нисванис” хамтлагийн 20 насны ой энэ сарын 9-нд тохиож, энэ өдөр уламжлал ёсоор “Nis nis fest 2016” фестиваль зохион байгуулагдана. Хүнээр бол эрийн цээнд хүрч буй “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-Танай хамтлагийн ихэнх дууны шүлгийг яруу найрагч Б.Галсансүх зохиосон байдаг. Сүүлийн цомогт багтсан таван дууны шүлэг түүнийх. Яагаад заавал Б.Галсансүх гэж?
-Анх Галсансүхийг оюутан байхдаа зурагтаар харж байсан юм. Танилцах завшаан тохиож, нэг л мэдэхэд сайхан найзууд болж. Хэн ч тэр хүн шиг шоргоолжтой найзалж, бурханд зөвлөгөө өгөөгүй. Нэг хүн хэлсэн байдаг юм. Модернист урлагийг бүтээхийн тулд зуу зуун жилийн турш олон хүн амьдралаа үрсэн. Харамсалтай нь, тэдний хэн нь ч амжилтад хүрээгүй гэж. Гэтэл Монголд ганц хүн модернизмыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Тиймээс найзаараа бахархдаг.
-“Эмийн сан руу алхсан нь”, “Сургууль нураасай” гэж гарч ирсэн залуус “Саарал үе”, “Үсчний газар”, “Намайг ав”, “Улаан хэрүүлч” гэж дуулах болсон. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээс “намбажиж” байна уу гэж харсан чинь заримдаа бүр эсрэгээрээ ч юм шиг. Тэгж анзаарч байв уу. Энэ удаагийнх бүр “Гар хангалга” гэж байгаа?
-Бүх зүйл өөрчлөгддөг. Өөрчлөлт нэг бол сайн, нэг бол муу байдаг. Дундаж гэж байхгүй. Бид аль болох сонирхолтой, сайн өөрчлөлт хийхийг хүсдэг. Энэ удаагийн цомог, цомгийн нэр ч үүний илэрхийлэл. 20 жилийн хугацаанд туршлага сууж, төлөвшиж байна. Тэрэнтэй л холбоотой байх. Амьдрал маш баялаг. Бид амьдрал хэмээх тэр далай тэнгисээс шанага ч юмуу, халбага ус авч байна. Дүү нар, дараа үеийн хамтлагууддаа хэлдэг л дээ. Нэг сэдэв дээр эргэлдэх бус, эрэл хайгуул хийж, бүтээлч байх ёстой шүү гэж. Манай хамтлагийн хувьд чадах чинээгээрээ тэр их далайгаас халбагадахад л ийм байна. Бидний дэггүйтэл энэ удаагийн цомгоор хязгаарлагдаж байгаа. Дараа, дараагийн цомгоо нас намбандаа тааруулж, аятайхан хийе гэж бодож байна.
-Танай хамтлаг анх “Өчигдөр ба Өнөөдөр” нэртэй байсан гэсэн. Тийм үү?
-Манай соль гитарчин Цацаагийн аав Багануурт “Өчигдөр ба Өнөөдөр” гэж хамтлагтай байсан. Тэдний хөгжим хэрэгсэлд суурилж бид “Өчигдөр ба Өнөөдөр 2” хамтлаг байгуулж, даралтат хөгжимчин болж байлаа. Поп, рок чиглэлээр тоглодог байсан санагдаж байна. Тэгээд Багануураас Улаанбаатарт СУИС-д суралцахаар шилжин ирж, Цацаа, Дархаа хоёрыгоо дуудан, “Нисванис” хамтлагаа байгуулсан.
-Та саяхан би хормейстер шүү дээ гэж байсан. СУИС-д энэ мэргэжлээр элссэн ч дуучин, ая зохиогч болоод төгсөв үү? Хамтлагийн эхний өдөр оюутны ширээнээс эхэлсэн байхаа?
-1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний 15 цагт бид Соёл-Эрдэнэ хамтлагийнхантай нэг сарын гэрээ байгуулж, анхны бэлтгэлдээ орсон. Мягмар гараг байсныг тодхон санаж байна. Энэ өдөр бид хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг. Хамтлаг байгуулагдах үед би СУИС-ийн хормейстерийн ангид, бусад нь Багшийн сургуулийн хөгжмийн ангид сурдаг байв. Аль хэдийнэ “Хүчилтөрөгч”, “Би тамхиа татаад дуусч байна”, “Үл таних охин”, ”Эсрэг утгаар нь”, “Бадарчин” гээд зургаан дуу зохиочихсон, бас болоогүй Ариунаа эгчид “Хар дарсан зүүд”, “Утасны чинь дугаар” гээд хоёр дуу өгч байлаа. Манай анхны бичлэгийг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн басс гитарчин талийгаач Даймаа ах хийж өгч байсан. Бэлэн байсан зургаан дуугаа бичүүлж, анх удаа хоолойны бичлэгт орж байсан нь тэр.
-Нуулгүй хэлэхэд “Гар хангалга” цомгийн нэрийг сонсоод тийм ч таатай хүлээж авсангүй. Анх “Сэтгэл хөдөлнө” дуугаараа нэрлэнэ гэж байгаагүй бил үү?
-Тэгсэн. Гэтэл манай цомгийн продюсер, найз Орбинзоон “Сэтгэл хөдөлнө” гэдэг бол “Номин талст”-ын цомгийн нэр. “Гар хангалга” гээд өгчих юм бол ивээн тэтгэе” гэсэн. Ний нуугүй хэлэхэд, мөнгөний асуудалтай болохоор ийм юм болчихлоо. Гэхдээ цомгоо ингэж нэрлэсэндээ баяртай байгаа. “Нисванис”-ын “тэнэгүүд”л ийм цомог гаргана. Аль хоёр жилийн өмнө цомгийн дуунууд бэлэн болчихсон байсан. Студид хоёр жил гаруй дарагдсан. Бид хэд авна, авна гээд л нэг мэдсэн хоёр жил болчихож. Манай хамтлагийнхан ийм хариуцлагагүй, менежмент муу. 20 жилийн ой болох гэж байгаа болохоор яалт ч үгүй сандраад хэвлүүллээ. Аль дээр хийчих байсан юм.
-20 жилийн хугацаанд дөрвөн цомог гаргасан гэдэг нь нэг бодлын чамламаар тоо. Та ч сая хэллээ манай хамтлаг менежмент муутай гэж. “Гар хангалга” цомог “Hi-fi” cd shop- оор худалдаалагдахын дээр Itunes-т байршиж байгаа. Энэ бол сайн менежментийн нэг хэлбэр. Цомгоо цаашид өөр ямар хэлбэрээр борлуулж, “муу менежмент”-ээ сайжруулах гэж байна?
-Менежментээ сайжруулна гэж бодож байгаа(инээв). Шинэ цомог дээрээ Hi-fi-тай хамтарч ажиллахаар гэрээ хийсэн. Гэрээний дагуу тэд бидний өмнөөс сурталчилгаа болоод худалдааны ажлыг хариуцаж хийнэ. Манайх гэлтгүй маш олон хамтлагтай энэ зарчмаар ажиллаж байгаа. Орчин үеийн хөгжмийн урлагийн продюсеринг системийг хөгжүүлж, энэ ажилд нь манай хамтлаг багтсанд баяртай байна.
-Танай хамтлагийн дууны шүлэг, цомгийн нэр өвөрмөц байдаг нь зохиолчоосоо болдог уу. Аль эсвэл хамтлагаараа ярилцаж байгаад дууныхаа нэрийг сольчихдог юм уу?
-Бид анхнаасаа бусдаас өөр байхыг зорьсон. Угаасаа өөр. Бид төдийлөн аав, ээж, хайр дурлал дуулаад байдаггүй. Амьдрал баян. Түүнийг бүх талаас нь харж болно. Аль ч өнцгөөс харуулж болно. Тэр ч утгаараа бид сонсогчдодоо амьдралыг арай өөр өнцгөөс мэдрүүлэхийг хүсдэг. Өөрсдөө кайф авч, уран бүтээл туурвиж байгаадаа баярлаж хийдэг гэх үү дээ. Оюун санааны сахилгагүйтэл хийж чаддагтаа өөрсдөдөө сэтгэл хангалуун байдаг. Бид сэтгэл хангалуун байвал сонсогчид маань сэтгэл хангалуун байж чадах болов уу.
-Хамтлагийн нэр хүртэл өвөрмөц “Нисванис”.
-Хамтлагаа анх “Симнус” гэж нэрлэе гэж бодож байлаа. Гранж, панк стилиэр тоглодог манай хамтлагт арай тохирохгүй нэр шиг санагдаад нэлээн юм болж байж энэ нэрээ өгсөн. Америкаас гаралтай “Нирвана” хамтлагийн стилиэр тоглодог, дээрээс нь манай найз урд өдөр нь “Ард аюуш” киног үзэж байхад нисванис гэдэг үг гарсан гээд энэ нэрийг санал болгосон. Тэгээд л найзуудтайгаа ярилцаж байгаад хамтлагаа “Нисванис” гэж нэрлэсэн. Нисванис гэдэг нь “антинирваан” гэсэн утгатай. Муу сэтгэлтэн гэсэн үг л дээ. Уур хилэн, мунхаг сэтгэл, хүсэл тачаал гурав нийлбэл нисванис болдог. Үүнээс ангижирч чадвал нирваан дүрийг үзүүлдэг гэдэг. Харамсалтай нь, бурхан Буддагаас өөр хэн ч нирваан дүрийг үзүүлээгүй. Гэхдээ хүн бүрт уур хилэн, хүсэл тачаал бий.
-Хоёр хоногийн дараа “Нисванис” хамтлаг 20 нас хүрнэ. Хүнээр бол нас биед хүрчихлээ. Харин хамтлаг гэдэг утгаараа нас биед хүрсэн үү?
-Манай хамтлагийн анхны цомог “Хүчилтөрөгч” 1999 онд гарсан. Тэр үеэс хамтлаг шиг хамтлаг болсон гэж боддог.
-Та яруу найрагч, зураач найз олонтой. Энэ нь таны уран бүтээлд нөлөөлдөг үү?
-Яруу найрагч Галсансүх миний багын, дотны нөхөр. Түүнийг манай оюун санааны удирдагч гэж болно. Мөн түүнээс гадна олон сайхан зураач, яруу найрагч найз бий. Мөн сэтгүүлч нөхөд ч байгаа. Мэдээж тэдний үзэл бодол, үйл хэрэг бидний уран бүтээлд нөлөөлдөг. Гэхдээ сайн утгаараа шүү.
-Та хамтлагийнхаа дууны шүлгийг өөрөө бичдэг. Танай хамтлагийн үзэл бодолд таарч, тохирох дууны үг бичдэг хүн Галсансүхээс өөр өнөөг хүртэл олдохгүй байна уу?
-Хамтлаг байгуулагдахад л бид нэг зүйлийг тохирсон. Би дуулж байгаа учраас дууныхаа үгийг хариуцна гэж. Тийм болохоор өөрөө бичихээс өөр аргагүй болсон. Юу дуулахаа би өөрөө шийддэг. Аялгууны тал дээр хамтлагаараа ярьж зөвлөлддөг. Дууны үгэнд хамтлагийн үзэл бодол, философи шингэдэг. Үүнийг удирдан чиглүүлэх үүрэг надад ногдсон. Энэ үүргээ чадах чинээгээрээ давгүй биелүүлж байгаа гэж бодож байна. Тэгээд ч хүний шүлгээр дуу хийх хэцүү. Таалагдах ч юм бий, үгүй ч юм бий. Бас манай хамтлагт зохих уу, үгүй юу гээд. Ер нь манай хамтлагт Галсансүх, Эрдэнэсолонго хоёрын шүлгээс өөр хүний шүлэг ашиглаж бүтсэн дуу ховорхон доо.
-Цомгийн дуунуудаа дүрсжүүлэх үү?
-Мэдээж дүрсжүүлнэ. “Гар хангалга”, “Цаг хугацаа бүгдийг эмчилнэ”, “Сэтгэл хөдөлнө” дуунуудаа дүрсжүүлж, хамтлагийнхаа ютүб сайт дахь албан ёсны сувагт байршуулсан. Удахгүй “Аабан бээбэн” дуугаа дүрсжүүлнэ.
-“Гар хангалга” дууны клипийг үзэхэд телевизээр гаргах хэрэггүй юм шиг санагдсан. Угаасаа цацах ч үгүй байх. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Телевизүүд гаргахгүй байсан ч бид гомдохгүй(инээв). Горьдоод ч хэрэггүй. Манай клипийг угаасаа гаргахгүй. Сонсогчид маань ютүбээс хайгаад үзчих байх гэж найдаж байна.
-1996 он гэхээр нийгэм солигдоод удаа ч үгүй байсан үе. Нийгэм танай хамтлагийг яаж хүлээж авсан нь сонин байна?
-“Болиоч ээ” гэж л хүлээж авсан. Юу гээч дуу вэ. Ийм хамтлаг гэж юу байдаг юм бэ гээд л. Мэдээж энэ бол ирэх ёстой дайралт байв. Гэхдээ бид зөв юм хийж байгаа бол тэрнийхээ төлөө бат зогсох ёстой. “Сургууль нураасай” гээд дуулж байхад бөөн л юм болж байлаа. Тухайн үед шар хэвлэл ч хүчтэй байж. Янз бүрийн буруу ташаа ойлголт зөндөө гарч байсан. Угтаа “сургууль нураасай” гээд байшин, барилга нураагаад яваад байсангүй. Оюутан хүний нэг өдрийн амьдралаар боловсролын системийг шүүмжилж байсан хэрэг. Муу, муухай үг их л чулуудаж байсан. Эрдэнэтэд байсан аав, ээж хүртэл айж, сандарчихсан утас цохиж байлаа. СУИС-д найрал дууны удирдаачаар сурч байсан хүн гэнэт үсээ ургуулаад рок мок болчихоор аргагүй биз. Тэгээд улирлын амралтаараа “Нирвана”-гийн дууг ээж, аавдаа аваачиж сонсгож байсан. Аав, ээж харин “их гоё юм байна” гээд сайхан хүлээж авсан.
-Рок хамтлагийн фенүүд сүрдмээр санагддаг. Ялангуяа тоглолтын үеэр үсээ шидлээд л. Фэнүүдтэй холбоотой олон хөгжилтэй явдал тохиолдоно биз?
-“Эмийн сан руу алхсан нь” дууны клип дээр улаан гитар гардаг даа. Тэр гитар “Топ тэн” диксо клубийн гитар байхгүй юу. Тухайн үедээ нэлээн үнэтэйд тооцогддог байсан юм. “Топ тэн”-д тэр гитараа тэвэрчихсэн тоглож байхад үзэгчдээс нэг залуу ирээд намайг тэврээд салдаггүй. Тэгсэн клубийн хамгаалагчид нөгөө залууг угз татаад, гитараа алдахгүйн тулд нэг их дээр бариад суугаагаараа унаж байсан юм. Надаас үнэтэй гитар шүү дээ. Тоглолтын дараа манай хамтлагийнхан “гэнэт харсан чинь чи байдаггүй. Тэгсэн тэр дороос улаан гитараа тэврээд гараад ирэхээр чинь гайхсан” гээд инээлдэж байлаа. Энэ мэт хөглөх юм зөндөө.
-Яагаад гранж, панк стилиэр тоглох болсон юм бэ?
-Тухайн үед “Харанга”-ын ах нар хард буюу классик, “Хурд”-ын ах нар метал рок чиглэлээр тоглодог байсан. Тийм болохоор тэднийг дуурайвал хэзээ ч амжилт олохгүй, тэдний дээр гарахгүй гэдгээ ойлгосон. Бидэнд нэг цонх харагдсан л даа. Энүүгээр л явъя гэж шийдсэн. Их ч зөв сонголт байсан юм билээ.
-Рок хамтлагийнхан үсээ ургуулдаг “мода” бий. Та ч бас тэр жишгээр үсээ ургуулдаг уу?
-Миний хувьд үс их олон талын ашигтай. Сүрийг үзүүлэхээс гадна ичимхий хүн чинь нүүрээ халхлаад дуулахад амар байдаг. Сэтгэл хөдлөл нүүрэн дээр ил гарчихдаг болохоор түүнийгээ нуух гэж л үсээ ургуулдаг. Нууц шүү.