Н.БАТ
Нью-Йорк болон Лондонгийн бирж дээр нефтийн үнэ унасаар байна. Өчигдөр Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн нефтийг ирэх сард баррелийг нь 35,75 ам.доллараар худалдахаар гэрээлсэн нь энэ сарынхаас 2,75 хувиар унасан үзүүлэлт болж. Тэгвэл Лондонгийн бирж дээр бидний сайн мэдэх брэнт маркийн нефтийг баррелийг нь 37,78 ам.доллараар худалдахаар гэрээлсэн нь өмнөх сарынхаасаа 2,3 хувиар унасан ханш болж байгаа аж.
Нефтийн үнэ өнгөрч буй гуравдугаар сард л баррель нь 41 ам.долларт хүрсэн нь арай дөнгүүр үзүүлэлт болов.
Тэгвэл манай нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш шууд хамаардаг зах зээл болох хойд хөршид ч нефтийн үнэ уруудах графиктай байна. Гэвч шатахууны үнэ нь дагаад уруудах уу гэвэл эсрэгээр бололтой. Энэ сарын 1-нээс татварын системдээ өөрчлөлт хийснээр нефтийн бүтээгдэхүүний үнэ уруудах биш өсөх үзүүлэлттэй гарахад нөлөөлөх нь. Хойд хөршийн зах зээл дээр брэнт маркийн нефть баррель нь 37,52 ам.доллар байгаа бол шатахууны үнэ АИ 92 тонн нь 39731 рубль буюу монгол төгрөгт шилжүүлбэл 1211795 төгрөг байна.
Үүнийг нэг литр шатахуунд хувааж тооцвол 1211 төгрөг болж буй юм. ОХУ-ын монополийн эсрэг холбооны албанаас гаргасан мэдээллээр энэ жилийн хувьд шатахууны үнэ уруудахгүй гэнэ. Тэд татвартай холбоотойгоор АИ 92 шатахууны үнэ 10-12 хувиар, АИ 95 нь 5-6 хувиар өссөн бол ирэх саруудад литр тутамдаа 2-3 рублиэр өсөх магадлалтай гэсэн тооцоо гаргажээ. Хэдийгээр шатахууны борлуулалт бүхэлдээ 18,7 хувиар буурсан ч үйлдвэрлэгчид цаашид бүтээгдэхүүнийхээ үнийг буулгахгүй гэж үзсэн бололтой.
Харин манай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арай өөр судалгаа өнгөрсөн сарын сүүлээр танилцуулсан билээ. Тус газраас өгсөн мэдээгээр А80 шатахуун литр тутамдаа 50, АИ 92 нь 100, дизель 100 төгрөгөөр буурах боломжтой гээд импортлогч компаниудад ямар ч хохиролгүй гэсэн мэдээлэл өгсөн.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50-60 хувиар уначихаад байхад Улаанбаатарт ч шатахууны үнийг бууруулах боломж нь бий хэмээж байв. Харин шатахуун импортлогчид болоод Газрын тосны газраас шатахууны үнийг цаашид буулгах ямар ч боломжгүй гэсэн мэдээлэл өгсөөр байлаа. Учир нь хэдийгээр шатахууны хил үнэ буурсан ч өмнө нь эдэлж байсан татварын хөнгөлөлтүүд үгүй болсон. Мөн онцгой албан татварт бүтээгдэхүүн болсон гэх зэргээс үүдэн шатахууны үнийг бууруулах боломжгүй. Харин ч үнэ нэмэхгүй барьж чадвал их юм гэж буй.
Тэгвэл Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос салбарын яам, агентлаг мөн шатахуун импортлогч компанийн төлөөлөл хийгээд ШӨХТГ-ын мэргэжилтнүүдийг урин цаашид шатахууны үнэ буулгах боломж буй эсэхийг хэлэлцэхээр товложээ. Учир нь, төрийн өмнө хариуцлага хүлээж байгаа хоёр байгууллагын мэдээлэл зөрсөөр буй нь иргэдийг төөрөгдөлд оруулж, компаниудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байна гэж үзсэн учраас ийн бүгдээрээ цуглаж хэлэлцэх нь чухал гэв.
Өмнө нь бид ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компаниас 100 хувь хараат байсан. Өөр эх үүсвэргүй учир хэлсэн үнээр нь дуулгавартай нь аргагүй толгой дохиод шатахуунаа авдаг байлаа. Харин одоо бол ядаж Нью-Йоркийн бирж дээр нефтийн үнийг сонсчихоод импортлогчидтойгоо цэц булаалдах дайны болж.
Уул уурхайгаас мөнгө олж чадахгүй байгаа Засгийн газарт дэлхийн зах зээл дээр буусан нефтийн үнэ нэг талаараа татварын орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж болсон гэхэд хилсдэхгүй. Мэдээж шатахууны үнэ буурлаа гэхэд маргааш өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй учраас нэг хэвэнд нь торгоож тогтоох нь Засгийн газрын хувьд асуудал биш. Импортлогчдын хувьд ч ялгаагүй. Хэдийгээр хямд үнээр авсан ч дотооддоо түмэн янзын татвар төлчихөөр орлого нэмэгдэхгүй бас хасагдахгүй.
Өнөөдөр хамгийн өргөн хэрэглээний АИ 92 шатахууныг зах зээлд литрийг нь 1580-1500 хүртэл төгрөгөөр борлуулж байгаа нь шатахууны үнийг нэг төвшинд хүргэх боломж байна гэж харахад хүргэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл АИ 92 шатахуунаа литрийг нь 1500 төгрөгөөр борлуулж буй импортлогч нэг биш байгаа учраас 1580 төгрөгөөр борлуулж байгаа олон түгээх станцтай компаниудад шатахууны үнээ бууруулаач гэх хүсэлт хүргүүлж болох. Гэхдээ энэ бол зах зээлийн өрсөлдөөний зарчмаар зохицуулагдах л зүйл. Заавал төр оролцож, иргэд шахалт үзүүлэх ч албагүй.
Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх нь сайхаан. Ядаж л талх өндөгний үнэ өсөхгүй. Харин шатахууны үнэ буурчихвал талх өндөгний үнэ буурахгүй ч өрхийн төсөвт багагүй хэмжээний хэмнэлт гарна. Айл бүхэн машинтай болчихсон энэ үед өрхийн төсвийн багагүй хувийг шатахууны зардал эзэлдэг нь тодорхой. Үүнийг магадгүй Засгийн унаа, засгийн шатахуунтай дарга нар ухахгүй байх л даа. Талх, өндөгний чинь үнэ л нэмэгдэхгүй бол болоо юм биш үү хэмээн ам руу алгадаад сууж байгаа биз. Татвар нэмэгдсэн юм чинь шатахууны үнийг бууруулах боломжгүй гэдгийг хэн хүнгүй маш сайн ойлгож байгаа. Гэхдээ л шатахууны үнийг бууруулчихвал гэх бодол хүн бүрт л байна. Литр тутамдаа 100 төгрөгөөр буурахад л 10 литрээс 1000 төгрөг буюу нэг талх хэмнэнэ. Гэртээ ганц талх, машиндаа 10 литр шатахуун хийдэг байсан бол гэртээ 2 талх, машиндаа 10 литр шатахуунтай болно. Тэгэхээр Шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд үнэ тогтворжуулах бодлого баримталж болсон юм чинь буулгахын тулд ядаж татвараа нэмэхгүй байх уян бодлого барьж болмоор санагдах.
Уг нь бид чинь удахгүй шатахуун боловсруулах үйлдвэртэй болно гэж мөрөөдөөд, хонхоо цохьчихсон.Газраасаа тосоо олборлоод үйлдвэртээ боловсруулаад дотоодынхоо хэрэгцээнд нийлүүлчихнэ гээд сайхан мөрөөдөл тээж яваа. Тэр үед ядаж шатахууны үнэтэй орооцолдож, хэл амаа билүүдэх нь багасах биз. Харин одоохондоо гаднаас авч, гадныхныг царайчилсаар л байна. Эх үүсвэрээ гарын таван хуруунд эргэлдэхээр болгож, Роснефтийг уян хатан болгож чадсан ч бид бусдаас хараат зах зээлтэй хэвээр байгаагаа мартаж болохгүй.
Гэхдээ МАН-ын гишүүн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн шиг “Шатахууны үнэ буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ буурна” гэх ойлголт хэзээ ч үгүй гэдгийг ухаарах л хэрэгтэй байх. Учир нь шинэ үеийн түүхэнд шатахууны үнэ нэмэгдэхэд дагаж өссөн бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ буурахад дагаж буусан “азтай” тохиолдол нэгээхэн ч үгүй билээ.