Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Жил бүр монголчууд, фэнүүддээ уран бүтээлийн бэлэг барьдаг поп хатагтай энэ жил ганзага дүүрэн байсан гэхэд болно. “Сэхүүн салхи” тоглолтоо өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө фэнүүддээ зориулж, хит болсон дуунуудаараа бэлэг барьсан нь хилийн чанадад амьдарч буй элэг нэгтнүүдээ байлдан дагуулсан. ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Монгол бахархлын өдрөөр “Сэхүүн салхи” цомгийн баяраа хийж Польшийн Брадиславль хотод “Хөх толботон” нийгэмлэгийн урилгаар тоглолт хийсэн тэрээр олон хотод зохион байгуулсан тоглолтын орлогоос Дэлхийн найрал дууны санд хандив өргөж, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эхчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх төвийг тохижуулахад тоглолтын орлогоо зориулсан билээ. Зөвхөн өөрөө дуулаад зогсохгүй залуу үеэ бэлтгэхэд анхаарч ажилладаг дуучин маань энэ хугацаанд залгамж халаагаа ч бэлтгээд амжсан. Түүний гарын шавь Л.Насанбуян өдгөө Улсын Филармонийн Баянмонгол чуулгын гоцлол дуучин болсон. Ийнхүү урлагийн тайзнаа 30 жил дуулж, дахин давтагдашгүй уран бүтээлээр байнга бэлэг барьсаар ирсэн түүний энэ удаагийн сюрприз нь “Төрсөн өдрийн амплагед тоглолт” байх нь. Тэрээр баярын тоглолтоо энэ сарын 19, 20-нд хийхээр зэхжээ.