Н.БАТ
Мөнгөтэй л байна даа энэ улс. Хэдэн зуун хүний гарт улаан туг атгуулж хүзүүнд нь, за тэгээд заримынх нь биеийг хүртэл улаан даавуугаар ороогоод поошиг нүдүүлж, цагаан хоолой бариулчихаж. Бослого гараад байна уу гэлтэй нүдэх нь нүдэж, цагаан хоолойгоор орилоод сүртэй сүртэй. Монголоо аврах гэж байгаа юм гэнэ билээ.
УИХ-ын дарга хийгээд Улаанбаатар хотын дарга хоёрыг үзэн ядсан зурагт хуудас барьчихаж. Хэрвээ Монголоо аврах л гэж байгаа бол ганц хоёрхон хүнийг үзэн ядмааргүйсэн. Яг үнэндээ Төрийн толгойд байгаа 76+1 хүнтэй нь хамт л үзэн ядаж, тэднийг “хүмүүжүүлэх” арга чарга хайхыг ард түмнээсээ хүсмээр санагдах.
Харин улаантнуудын хувьд бай нь ганц хоёр хүн л бололтой. Харамсалтай нь залуус маань улс төрийн энэ акцанд цагийн ажилтнаар бөөнөөр оролцжээ. Ялалтын талбайгаас эхэлсэн гэх улаантнуудын жагсаал Чингисийн талбайг дайраад гарсан нь энэ аж. Уг нь дэлхийн хэмжээний чуулга уулзалт хийх гээд энэ сарын 1-нээс жагсаал цуглаан нийслэлд зохион байгуулахыг хориглох тухай тогтоол шийдвэр ч гарсан гэх зүйл сонсогдож л байсан. Харамсалтай нь энэ удаад лав тэр нь үйлчилсэнгүй. Эсвэл бүүр гараагүй ч байж мэдэх.
Уг нь, Засгийн газар шилдэг аймаг хотоо шалгаруулаад, сошиал ертөнцөөр Сүхбаатарын Засаг даргыг М.Зоригт гишүүнтэй хамт магтаад л өглөө дажгүй л эхэлсэн юмсан. Гэтэл бослого гарав уу гэмээр нижигнээд...
Хэрэгт дурлаад Чингисийн талбайгаар орвол улаан пальтотой мань мэт нь Монголыг “аврагчдын” нэг болох нь ээ, юу юугүй. Дунд нь хутгалдаад машинаа дагаад яваарай гэж орилоод түлхэх залуугийн гарт ч “өртлөө”. Энд тэнд стресстэж, хаврын синдром нь хөдөлсөн хүмүүс. Талбайн зурагчин эр, ганган костюмтай залуутай хэрэлдэж, цагдаа тойроод зогсчихож. Хэдэн оюутан бололтой залуус холоос ажиглаад л... Инээгээд л, шоолоод л. Машин дээр зогсоод цагаан хоолойгоор хашгирч байгаа нөхөр хэлсэн үг бүрийнхээ ард урагшаа гэх нь тод сонсогдоно.
Гэтэл Төрийн ордонд толгойдоо тариан түрүү бүхий ногоон даавуу зүүсэн тариалангийн компанийн удирдлагууд МАН-ын гишүүдэд ХХААЯ-ны хэдэн мэргэжилтнээ “ховлоод” сүйд сүйд. Монголчууд бид сонгуулийн жилд хаврын синдромыг ханш нээхээс ч өмнө жинхэнэ утгаар нь сайхан эхлүүллээ гэж.
Үнэндээ энэ бүхний ард МАН гэх улс төрийн хүчин тодоос тод харагдсаар л байна гэж хардахаас өөр яалтай. МАН-ын залуучуудын байгууллагын толгой болоод явсан нэг нөхөр улаантны жагсаалыг удирдаж байгаа бол ордон дотор МАН-ын гишүүд тариаланчдын зовлон жаргалыг толгой дохиж, хөмсөг зангидан байж сонсоод л... УИХ-ын эрхэм гишүүдийн дуулгавартай байдаг үе ч эхэлчихэж. Болдогсон бол энэ үеийг нь ашиглаад гэр хорооллынхон хашаа хороогоо цэвэрлүүлээд авахад ч гэмгүй бололтой.
Ямар ч байсан Төрийн ордонд тариалангийн 300 гаруй компанийн төлөөлөл цуглан МАН-ын гишүүдэд хандлаа гэх мэдээлэл ирлээ. Хэдэн өдрийн өмнө тариаланчид ид “сааль сүүний цаг” нь эхлээд байхад хүрзээ бариад жагсана хэмээн “сүрдүүлсэн” хэвлэлийн хурал хийсэн. Энэ удаад ч эрхэм гишүүдэд жагсаалынхаа тухай дуулгав.
Атрын гуравдугаар аяныг зарласнаас хойш бараг 10 жил болж байна. Гэвч тариаланчид маань өнөөг хүртэл хөл дээрээ зогсч чадаагүйгээр барахгүй хөнгөлөлттэй зээлээ олгохгүй бол тариалалтын ажлаа эхлүүлэх боломжгүй хэмээн гомдоллож сууна. Улаанбуудай бол стратегийн бүтээгдэхүүн гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна аа. Гэхдээ... “юманд учир суманд хичир бий” гэж нэг үг байдаг даа. Жил бүр тариаланчдаа дэмжиж байна хэмээн улсын төсвөөс багагүй мөнгө гарч байсныг үе үеийн Засгийн газрын тэргүүн хийгээд салбарын сайдаар ажиллаж байсан хүмүүс батална. Тариаланчид бусад салбарынхнаас хавьгүй олон хөнгөлөлт эдэлж байсан, эдэлсээр ч байгаа. Техник тоног төхөөрөмж, үр бордоо, шатахуунаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар авчихна. Тарьсан буудайгаа урамшуулалтай борлуулчихна.
Гэтэл яг үйлдвэр дээр буудай нь гологддог. Хэдийгээр сүүлийн жилүүдэд буудайны цавуулаг харьцангуй сайжирсан ч хэл ам дагуулсаар л байна. Гурил үйлдвэрлэгчид гаднаас тэр тусмаа хойд хөршийн буудайтай манай буудайг хольж тээрэмдэх нь гурилын чанарт сайнаар нөлөөлдөг гэдгийг одоо ч баталсаар байдаг. Мэдээж тариалангийн салбарт 30 гаруй мянган хүн ажиллаж, тэр хэрээр монголчуудын амьдралд нөлөөлж байгаа ч энэ бол хувийн сектор гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ийм хэмжээнд дэмждэг бол...
Өнгөрсөн жилийн хувьд цаг агаар тариаланчдад үнэхээр том хохирол учруулсан. Төр засаг ч үүнийг ойлгохын дээдээр ойлгосон гэж байсан ч үл ойлголцол үүсч хувийн харилцааны хэрүүл шиг сайд, тариалангийн компанийн захирал хоёр олон нийтийн сүлжээнд түмэн булайгаа дэлгэсэн.
Хэдийгээр “гээндээ ч бий гоондоо ч бий” гэгчээр тариаланчид ийн олон талын хөнгөлөлт эдэлдэг ч салбарын яаманд мэргэжлийн хүн дутагдалтай байна гэдгийг таарсан тариаланч бүр хэлж байгаа нь худлаа биш. Тариалангийн салбар ийм хүнд нөхцөлд байгаа нь зөвхөн Засгийн газраас шалтгаалсан гэвэл өрөөсгөл. УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр л тариаланчдад ийн хайр зарлаад байгаа болохоос хавар намартаа яамны хэдэн мэргэжилтэн л байнга элдвээр хэлүүлдэг ч тарианланчдаа очиж эргэдэг. Хэдэн сэтгүүлч дагуулаад намаржин “тэнэдэг”-ийг биеэр амсдаг бид сайн мэднэ. Тиймээс УИХ-ын эрхэм гишүүдээс тусламж гуйхаасаа өмнө салбарын яамныхантайгаа учраа олбол...
Энэ удаагийн ногоонтнуудын цуглаанаас харахад хамгийн зөв шийдэл нь асуудлыг хүчээр биш эв нэгдлээр л шийдье гэх үгс л санагдав.