Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Баярсайхан: Анкажигийнхаа гэгээн дурсгалд зориулж бичсэн


“2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө 6:45 минутад Эверестэд цасан нуранги болсон гэх мэдээг сонсонгуут “Анкажи тэнд яваа. Яасан бол” гэх түгшүүр төрөв. Хачин муу совин татсан ч, арай ч тийм юм гэж байх ёсгүй шүү дээ гэж суутал төдөлгүй сураггүй алга болсон уулчдын нэр дотор түүнийх байгааг мэдлээ. Харууслын нулимс хацар даган урсахад, түүний өндөр настай аав, ээж, зургаан сайхан хүүхэд нь нүдэнд харагдаж байлаа. Энэхүү тэмдэглэлээ өндөрлөж байхад Анкажи шерпагийн даруухан инээмсэглэсэн царай, эгэл дүр  төрх сэтгэлд минь улам тодорч, хацар даган нулимс урсана. Би чамайг үргэлж санан, дурсана. Би ямар ч оргилд авирсан, чи үргэлж миний зүрх сэтгэлд хамт авирах болно” хэмээн уулчин Л.Баярсайханы анд найз Анкажидаа зориулж бичсэн “8000-тай хоёр оргилд авирсан тэмдэглэл” номын нээлт өчигдөр болов. Түүний энэ номд “Чо Оюу”, “Шишапангма” гэсэн хоёр оргилд авирсан тухай тэмдэглэл, дурсамж нь багтжээ. Л.Баярсайхан дэлхийн дээвэр гэгддэг “Эверест”, эрсдэл, огцмоороо зартай “Ама Даблам”, “Лобуче Ийст”, “Монт Бланк” зэрэг оргилд мөрөө гаргасан манай улсын шилдэг уулчдын нэг. Номынх нь нээлтийн үеэр цөөн хором ярилцлаа.

-Энэ номыг бичих санаа танд хэзээ, хэрхэн төрсөн бэ?
-Би багаасаа тэмдэглэл хөтөлдөг байсан. Аз жаргалтай, уйтгар гунигтай гээд л амьдралдаа тохиолдож буй бүхий л үйл явдлыг тэмдэглэдэг. Ялангуяа ууланд авирах бүртээ тэмдэглэл хөтөлж, зураг авах дуртай. Миний дотны найз Анкажи 2014 онд Эверестэд авирч байгаад 15 уулчны хамт амиа алдсан юм. Үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Тэр үеэс л түүний гэгээн дурсгалд зориулж ном бичих юмсан гэж мөрөөдсөн маань өнөөдөр /өчигдөр/ биеллээ. Би зав зайгаараа Балба, Непаль руу явж, гэрийнхэн дээр нь очдог. Энэ номынхоо ашгаас Анкажигийн гэр бүлийнхэнд өгнө.

-Хоёуланд нь та Анкажитай хамт авирсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хамт авирч байх үедээ авахуулсан гэрэл зураг, дурсамжаа бүгдийг нь оруулсан. Би “Хөн тэнгэр” багтай хамт Эверестэд 2012 онд гарсан. Тэгэхэд уулчдын хамгаалалтын олсыг Анкажи тавьсан юм. Тэр хүний тавьсан олсоор бид Эверестийн оргилд гарсан хэрэг. 

-Энэ номыг бичихэд хэр хугацаа зарцуулав?
-Өдрийн тэмдэглэлээ эмхэтгэж гаргасан болохоор хавьгүй хялбар байлаа. Хэчнээн сайхан үйл явдал тохиолдсон ч мартчих гээд байдаг гэмтэй. Тиймээс тэмдэглэж байх нь их ашигтай.

-Өндөр оргилд авирч явахдаа гэрэл зураг авч, бичлэг хийн, тэмдэглэл хөтлөх амаргүй нь мэдээж?
-Хэцүү шүү. Аппаратаа зарцаахгүй, хамгаалж байх нь чухал.

-Номынхоо аль хэсгийг бичихэд сэтгэл тань хөдөлж эсвэл уй гашууд автаж байв?
-Анкажигийн тухай дурсамж, төгсгөл хэсгийг бичих хамгийн хэцүү байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан