Б.БУЯНДАЛАЙ
Дэлхийн дээвэр гэгддэг Эверест оргилд “Сүлд” спорт хорооны менежер, ОУХМ Б.Цэвээндаш авирах гэж байгаа билээ. Тэрээр өмнө нь энэ оргилд 2012 онд гарсан туршлагатай уулчин. Өнгөрсөн жил гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамт дахин Эверестийг зорьсон ч газар хөдлөлтийн улмаас авиралтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин энэ жил тус оргилд гурав дахь удаагаа авирах гэж буй Б.Цэвээндаштай ярилцлаа.
-Хоёр жил дараалан Эверестэд авирах амаргүй. Замын зардал нь ч их. Энэ жил яагаад дахиж авирхаар болсон юм бэ?
-Өнгөрсөн жил маш амжилттай авирч байтал газар хөдлөлтийн улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Уг нь тийм харамсалтай үйл явдал болоогүй байсан бол Эверестийн оргилд гарах боломж байсан юм. Тиймээс энэ жил “шарх”-аа нөхмөөр байна.
-Авиралтын бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Би энэ спортоор 2008 оноос хойш тасралтгүй хичээллэж байна. Мэдээж бэлтгэлээ ч бас өдөр бүр хийдэг. Энэ жил бэлтгэлээ сайн базаасан. Хоёр удаа авирсан туршлагадаа чамгүй их найдаж байгаа. Тэнгэр ивээх болтугай.
-Та өнгөрсөн жил Т.Гүррагчаа гавьяаттай хамт авирсан. Энэ жилт хамт авиръя гэж хэн нэгэнд санал тавьсан уу?
-Гүррагчаа ахад хамт явъя гэж хэлсэн. Харамсалтай нь энэ жил явж чадахгүй гэнэ лээ.
-Та энэ оргилд өмнө нь хоёр удаа авирсан. Нэг удаа бүр оргил дээр нь гарсан. Энэ нь танд томоохон туршлага болж байгаа нь дамжиггүй.
-Тэгэлгүй яах вэ. Би их азтай хүн. Үе үеийн мундаг уулчидтай хамт хоёр удаа авирсан. Миний хувьд өнгөрсөн жил бэлтгэлээ арай хэтрүүлж хийсэн байна лээ. Үндсэн авиралт эхлэхэд бие их буларч байсан л даа.
-Уулчин бүхний хүсэл мөрөөдөл болсон Эверестийн оргилд гарах мөчид юу бодогддог бол?
-Тэгэхэд би Эверестэд Л.Баярсайхан, Ц.Цогзолмаа нартай хамт анх удаа авирсан юм. Уулчин бүрийн мөрөөдөлд хүрч, оргилд нь гарахад их сайхан санагддаг юм билээ. Өөрөөрөө, монгол хүн болж төрснөөрөө өөрийн эрхгүй бахархдаг.
-Авиралт хийхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол цаг агаар. Үүнийг хэр судалж байна вэ?
-Энэ бол хамгийн чухал зүйл нь. Хэчнээн сайн бэлтгэлээ базаасан ч байгаль дэлхий аашаа хувиргавал авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болно. Тиймээс цаг агаар сайтар судлах хэрэгтэй байдаг. Энэ жил тэнгэрийн цонх онгойх үеэр буюу тавдугаар сарын 5-25-ны хооронд авирахаар төлөвлөж байна.
-Энэ оргилд авирахад хэчнээн төгрөг шаардагддаг вэ?
-Хамгийн үнэтэй, чанартай үйлчилгээг нь аваад авирбал 65 мянган ам.долларын хураамж төлдөг. Би хамгийн хямдаар нь буюу 25 мянган ам.доллараар авирахаар төлөвлөсөн. Энэ бол зөвхөн уул, шерпагийн түрээсийн зардал. Үүн дээр онгоцны зардал, авиралтны хувцасны түрээсийг нэмбэл 30-35 мянган ам.доллар шаардагдана.
-Эверестэд хавар, намрын улиралд л авирдаг. Таны хувьд аль нь илүү ашигтай байдаг вэ?
-Энэ оргилд урдаас нь буюу Балба, хойноос нь Түвдийн талаас авирдаг. Миний хувьд байнгын бэлтгэлтэй байдаг болохоор аль ч улиралд авиралт хийх боломжтой. Бэлтгэл, сэтгэлзүй, цаг агаарын байдал үүнд их нөлөөлөх нь мэдээж. Би энэ удаа хойд талаас нь авирна.
-Та өмнө Эверестийн оргилд гарахын төлөө зүтгэж байсан болов уу. 2012 онд мөрөөдлөө биелүүлсний дараа дараагийнхаа зорилгыг хэрхэн тодорхойлсон нь сонин байна?
-Тамирчны амжилт хямдхан олдохгүй ч амжилтдаа ханаж болохгүй. Эх орныхоо нэрийг улам цуурайтуулахын төлөө бүр их хичээх хэрэгтэй. Бусад спортын тамирчид олимпын аварга болсон ч дахиж түрүүлэх, хошой аварга болохын төлөө зүтгэдэг шүү дээ. Би ч гэсэн амжилтаа батлах зорилготой.
-Хэзээ Эверестийг зорих вэ?
-Энэ сарын 7-нд хүлгийн жолоо зална.