Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Баярхүү: Сүүлийн таван жилд төгрөгийн ханш жил бүр 20 хувиар унасан

Л.БАТБААТАР

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаснаар валютын зээлтэй иргэд, аж ахуйн  нэгжүүдэд шууд хохирол учруулж, төгрөгийн зээлтэй хувь хүн, хуулийн этгээдэд алдагдал үүсдэг аж. Мөн төрөөс цалин тэтгэвэр авдаг болон бага орлоготой эмзэг давхаргын иргэдийг ядуурал руу  түлхдэг байна. Тухайлбал, орон сууцны ам.долларын зээлтэй, төгрөгийн орлоготой хувь хүнд шууд хохирол болж тусдаг. Учир нь, ам.долларын ханш 1158 төгрөгтэй тэнцэж байх үед орон сууцны зээлд хамрагдсан иргэд өнөөдрийн ханшаар хүү төлж байгааг арилжааны банкны боловсон  “дээрэм” гэж үзэхээс өөр аргагүй юм.

Төгрөг валютын ханшны хэлбэлзлээс үүдэн эдийн засгийн алдагдал гарч болзошгүйг  тухайн үеийн УИХ урьдчилан харж,  2002 онд баталсан Иргэний хуулийн 218.1-д  “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалт оруулсан байдаг. Энэ хуулийн заалтыг иргэд тэр бүр  мэддэггүй, арилжааны банкууд  ч хэрэгжүүлдэггүй нь нууц  биш.

Тэгвэл дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан  “281.1 Үндэсний хөдөлгөөн”-өөс өчигдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийг санаачлагч, судлаач Т.Баярхүү “Ам.долларын зээлтэй хувь хүн, хуулийн этгээдүүдийн ханшийн өсөлттэй холбоотой алдагдал, хохирлыг Монгол Улсын Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу шийдвэрлүүлэх, арилжааны банкуудын ам.долларын зээлүүдийг зээл­­дэг­­чид болон банкинд алдагдалгүйгээр хуульд заасан ханшаар төгрөгийн зээл болгон шилжүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах монгол төгрөгөөр орлого олж ашиг хүртдэг нийт ард түмнээ өрийн хямрал дарамтаас чөлөөлөх гэсэн гурван шаардлагыг эрх баригчдад тавьж байна.

Валютын зээлтэй хүмүү­сийн хохирол, төгрөгийн зээлтэй иргэдийн алдагдал, эмзэг давхаргын ядуурал нь нийгмийг хямралд хүргэлээ. Санхүүгийн хямралыг зохиомлоор үүсгэж тухайн үндэстнийг ядууруулж улмаар төрийн хямралд хүргэдэг. Таван жилийн өмнө нэг ам.доллар 1200 төгрөгтэй тэнц­дэг байсан. Одоо нэг ам.доллар 2050 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн таван жилийн дотор төгрөгийн ханш жил бүр 20 хувиар унасан гэсэн үг. Үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг жил бүр 20 хувиар унагаадаг боллоо” гэсэн юм.

Тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь  үнэгүйдэхээр гадаадаас валюттай хүмүүс ирж боолчилж, мөлждөгийг Африкийн улс орнуудын жишээн дээр харж болно. Төгрөгийн ханшийн уналт нь зээл авсан иргэдэд дараахь байдлаар нөлөөлдөг. Эхний үед зээлээ бага хэмжээгээр төлнө. Дараа нь, зээлийнхээ талыг хүүтэй нь төлдөг болно. Эцэст нь, зээлээ төлж чадахгүй хүүгээ төлнө. Адагт нь, хүүгээ ч төлж чадахгүй өрөнд ордог аж. Яг л хар тамхинд донтож хамаг байдгаа алддаг шиг...  Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар хүрсэн нь эрхбиш нэгийг бодогдуулж байна. “Цахилгаан, дулааны үнэ жил бүр яагаад нэмэгддэг тухай хэлье. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт урт хугацаанд олгосон ам.долларын зээлийг Засгийн газар төлөх ёстой. Гэтэл төгрөгийн ханш унасан тохиолдолд Засгийн газар, цахилгаан, дулааны үнийг хүчээр нэмэн татвар төлөгчдийн нуруун дээр дарамт учруулж төлж байна. Ингэж ам.долларын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт нь  нийгмийн бүх давхаргад нөлөөлдөг. Зөвхөн ам.долларын зээлтэй хүмүүст хамаатай биш, тэтгэврийн хөгшинд ч хүртээлтэй юм. Төгрөгийн ханшийн уналт, инфляц гэсэн санхүүгийн луйвраар бидний мөнгийг нэг жилийн дотор 20 хувиар үнэгүйдүүлэн дээрэмддэгийг  иргэд ойлгодоггүй учраас  Иргэний хуулийн 218.1 гэсэн заалттай  холбож ард түмнээ ухааруулъя, сэхээрүүлье гэж хөдөлгөөн байгуулсан” гэж судлаач Т.Баярхүү онцоллоо.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагана. Төлөх боломжгүй өндөр хүүтэй зээл олгоно. Засгийн газраас нь тухайн бизнесийн орлого ашгаас үл хамаарсан татварын бодлого явуулахаар ямар ч улс 10-15 жилийн дараа өрөнд баригдаж сүйрдэг тухай Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номонд дурдсан нь бий.

Санхүүгийн хямрал болж иргэд  стресст орсноор нийгмийн хямрал үүсдэг аж. Үүний бодит жишээ болох ам.долларын зээл авч хүүгээ төгрөгөөр төлснөөр эдийн засгийн хувьд хохирсон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн О.Ариунаатай  ярилцлаа.

-Та ямар зорилгоор ам.долларын зээл авсан бэ?
-2008 оны зургадугаар сард  орон сууцтай болох зорилгоор “ХАС” банкнаас  20 мянган ам.долларын зээл авсан. Тухайн үед ам.долларын ханш унаж байсан учраас хүүг  төгрөгөөр төлнө гэсэн гэрээг банкны зүгээс тулгаж байгуулсан юм.

-Тухайн үед хэдэн хувийн хүү төлөхөөр  гэрээ байгуулсан бэ?
-2008 онд нэг ам.доллар 1158 төгрөгийн ханштай байсан. Төгрөгөөр зээл авъя гэхэд “Ам.долларын ханш буурч байгаа. Ам.доллараар зээл ав” гэж ХАС банкны зүгээс тулгасан. Тухайн үед орон сууцыг ам.доллараар борлуулж байсан. Тэгээд ч орон сууцны зээлийг ам.доллараар олгож байв. Банкны зээлийн эдийн засагч хэлэхдээ “Та 10 жилийн турш сар бүр 415 мянган төгрөг төлснөөр 20 мянган ам.долларын зээл чинь дуусна” гэж хэлсэн. Ингээд тооцохоор 10 жилийн турш 49 сая  800 мянган төгрөг төлж зээлээ дуусгана. Би найман жил зургаан сарын турш “ХАС” банкинд 42 сая төгрөг төлсөн. Гэтэл 12 мянган ам долларын зээлийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, найман мянган ам.долларыг 42 сая төгрөгөөр төллөө. (мөнгө тушаасан төлбөрийн баримтаа харуулав)
“ХАС” банк 12 мянган доллар төл гэсэн. Ингээд “218.1 Үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж Иргэний хуулийн 218.1 заалтыг биелүүлэхийн төлөө тэмцэхээр шийдсэн.

-Энэ талаар та шүүхэд  ч юм уу өөр байгууллагад хандаж байсан уу?
-Би “Монголбанк”-д хандаж “Их хэмжээний мөнгө төлчихөөд байхад 12 мянган ам.долларын өр гарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү“ гэж өргөдөл гаргасан. Монголбанкнаас нэг өдрийн дараа л “Өөр газарт ханд. Монголбанк энэ асуудлыг шийдвэрлэхгүй” гэсэн хариу өгсөн. Мөн  “ХАС” банкнаас “Зээлээ төл. Төлөхгүй бол Монголбанкны хар дансанд муу зээлдэгч гэж бичнэ” гэж дарамталдаг.

-Таны зээлийн асуудлыг уян хатан нөхцөлөөр шийдэх ямар нэгэн саналыг банкны зүгээс тавьсан уу?
-Саяхан банкин дээр очиж “Ам.долларын ханш 2000 төгрөгөөс давлаа. Одоо яах вэ” гэхэд “Та 12 мянган ам.долларын зээлээ манай банкны ханшаар төгрөг рүү шилжүүлчих. Тэгээд сар бүр 1.7 хувийн хүүтэй байрны зээлэнд орж хамрагдаж болно” гэсэн сэтгэлд багтахгүй санал тавьсан.
2008 онд  нэг ам.доллар 1158 төгрөгийн ханштай байсан гэж бодоход 20 мянган ам. доллар нь  23 сая 160 мянган төгрөгтэй тэнцэж байсан юм. Ингээд зээлээ найман жилийн турш төлөхөд үлдэгдэл нь 12 мянган ам.доллар буюу 24 сая 600 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, найман жилийн өмнөх мөнгөн дүнтэй адил. Энэ хугацаанд төлсөн 42 сая төгрөг  ханшийн уналтад өртөж салхинд хийссэн гэсэн үг хэмээн ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан