Н.БАТ
“Дуэйн Уэйдийг онцлох ёстой” гэсэн гарчигтай нийтлэлд АНУ-ын төдийгүй дэлхийн спортын ертөнц энэ долоо хоногт анхаарал хандуулаад байна. Дөрвөн жилд нэг удаа “шилдгийн шилдэг тамирчин” тодруулах арга хэмжээг АНУ-ын үндэсний хэмжээнд “USA today” сонины спортын хэлтсээс зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад Дуэйн Уэйдийг тэд тодотгожээ.
Яагаад түүнийг онцлох болов хэмээн дэлхийн спортын хорхойтнууд сонирхон асууж байна. Дуэйн Уэйдийн эгэл даруу дүр төрх, амьдралын жирийн хэв маяг, тамирчин хүний амжилт зэрэг нь бусдын анхаарлыг татжээ. Энгийн 1982 оны өвөл нэгдүгээр сарын 17-ны өдөр Дуэйн Сэниор болон Жолинда нарын гэр бүлд энэ хүү мэндэлсэн байдаг.Хэдийгээр Дуэйний эцэг эх хоёр салж, хойд эх, хойд эцгийн нүүр үзсэн ч энэ бүхэн нь хүүгийн ирээдүйн амьдралд сөргөөр нөлөөлөөгүй нь гэр бүлийн хүмүүжил сайн байсныг илтгэнэ.
Амьдрал нь тийм ч хангалуун сайн байгаагүй ч тэрээр ээж, эгч, хойд эцгийн хамт амьдарч байгаад, ээж Жолинда нь хүүгээ эцэгтэйгээ хамт байхыг зөвшөөрч, Дуэйн аав болон хойд эхийн гурван хүүхдийн хамт амьдрах болжээ. Гэр бүлийн харилцааг чухалчилдаг байсан эцэг эх хоёр нь хэдийгээр гэр бүлээ цуцлуулсан ч хүү, охин хоёрынхоо төлөө хоорондын харилцаагаа үл тасалж, хүүхдүүдээ эцэг эхийн хайраас холдуулаагүй нь хожмын Дуэйний гэр бүлийн хүмүүжилд маш том түлхэц өгсөн гэдэг. Түүний гэр бүлийнхэн ихээхэн шүтлэгтэй хүмүүс байсан нь өнөөдрийн амьдрал, сайн сайханд тэмүүлж, муу зүйлээс хол хөндий байх бас нэгэн үндэс суурь нь болсон аж.
Тамирчин болох мөрөөдөлгүй байсан ч хар багын сагсан бөмбөг, америк хөл бөмбөг хоёрт дуртай, авьяастай нэгэн байсан гэж түүний тухай ээж нь ярьдаг. Гэвч түүнийг мэргэжлийн тамирчин болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй аж. Эцэг нь гэр бүлээ тэжээхэд хангалттай хүрэхүйц мөнгө олдог байсан нь Дуэйнийг сагсан бөмбөгийн спортод үндэс суурьтай суралцах боломжийг олгосон. Харин хойд эхийн хүү Демитрис Мкданиелс сагсан бөмбөгт дуртай нэгэн бөгөөд Дуэйний сургуулийн сагсан бөмбөгийн багийн шилдэг тоглогч нь байж. Эцгийнхээ дэмжлэгтэй, хойд эхийнхээ хүү Демитрисийн нөлөөтэйгээр Дуэйн хүүгийн сагсан бөмбөгийн авъяас чадвар өдрөөс өдөрт өсөн , сагсан бөмбөгийн өлгий болох Чикаго хотоос төрсөн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг болох боломж нээгдсэн байдаг.
Бага балчир байхаасаа л Чикаго хотын бахархал болсон Майкл Жорданын тоглолтыг үзэж, түүнийг шүтэж өсчээ. Ахлах сургуульд байхдаа өөрийнхөө авъяас чадварыг олонд төдийлөн сайн таниулж чадаагүй Дуэйн хүүд гуравдугаар курсээс тэтгэлгийн санал ирсэн байдаг. Дуэйн Маркуиттийг сонгож өсөн дэвших гараагаа эхлүүлсэн юм. Коллежид Дуэйн сагсан бөмбөгийн замналдаа эргэлт хийж, өөрийн сургуулийн багийг шинэ оюутан байхдаа улиралд 26 хожиж, 7 ялагдал гэсэн амжилттай дуусгахад голлох үүргийг гүйцэтгэж, багийнхаа 1993-1994 оны улирлаас хойш хамгийн шилдэг амжилтад хүргэсэн сургуулийн тамирчин болж чаджээ. Дараа улиралд 2002-2003 оны үеэр коллежийн сагсанбөмбөгийн чансааны шилдэг зургаа дахь баг болгож, өөрөө “Бүх Америкийн нэгдүгээр баг”-т сонгогдсон байна. Үүнээс өмнө 1977 онд Маркуитт их сургуулиас “Бүх Америкийн баг”-т гишүүн элсүүлж байж. Өөрөөр хэлбэл Дуэйн Уэйд түүхэн амжилт үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэжээ. Эндээс л тамирчин болох хүсэл мөрөөдөл нь эхэлж өөртөө боломж байгааг мэдэрсэн байна.
Ингээд коллежоос Дуэйн АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн лигт улмаар 2003 оны драфтын тав дахь сонголтоор Майами Хит багт сонгогдож, өөрийн тамирчны он жилүүдээ эхлүүлсэн. Маркуитт их сургуулиас өмнө нь гуравхан тоглогч Үндэсний сагсанбөмбөгийн лигт драфтын эхний тойргоос сонгогдож байсан бөгөөд Дуэйн дөрөвдэх тоглогч нь болсон байдаг. Эхний жилдээ тоглож буй Дуэйн 2003-2004 оны улиралд Майми Хит багийн гарааны хамгаалагчийн байрлалд сонголтгүйгээр нэрлэгдэж, Лэброн Жэймс, Кармэло Энтони, Крис Бош нарын хамт Үндэсний сагсанбөмбөгийн лигийг доргиож эхэлсэн. Эхний улиралдаа 16,2 оноо 4 самбараас бөмбөг авалт, 4,5 оновчтой дамжуулалт дундажласан бөгөөд Майами Хит баг улирлыг 5-15 гэсэн тааруу амжилтаар эхлүүлсэн ч, 42-40 гэсэн амжилтаар дуусгаж плэй-оффд орсон байдаг.
Гэвч 2004-2005 оны улиралд Лос Анжелос Лэйкерс багаас төвийн тоглогч Шакил О`Нил Майами хотод ирснээр Дуэйн Уэйдийн баг лигийн аваргын төлөө хүч үзэх боломжтой хүчирхэгжиж, 59-23 гэсэн амжилттайгаар гайхалтай улирлыг дуусгаж, бүсийн финалд өмнөх улирлын аварга Дэтройтын “муу” залууст долоо дахь тоглолтонд ялагдаж байсан юм. Тухайн жил Дуэйн лигийн дасгалжуулагчдын сонголтоор анх удаагаа бүх оддын тоглолтонд оролцжээ. Ингээд 2005-2006 оны улирал Дуэйний хувьд онцгой байж хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрч 24 насандаа лигийн аварга, лигийн финалын “үнэ цэнэтэй тоглогч” хэмээх алдрыг давхар хүртэж, дэлхий дахин өөрийн нэрийг тунхаглан зарласан залуу ирээдүйтэй тамирчин болсон. Түүний Даллас Мавериксын эсрэг хийсэн зургаан тоглолтыг ихэнх мэргэжилтэн финалын цувралд гаргасан бүх цаг үеийн хамгийн гайхалтай хувь тоглолт хэмээн үнэлсэн аж.
Аваргын дараа 2006-2008 оны улирлуудыг гайхалтай төгсгөсөн Дуэйн замнал зогсонги байдалд орж бэртэл гэмтлийн улмаас түүний багт плэй-оффын өрсөлдөөнөөс хасагдаж, 2008 онд бүр багтаагүй юм. Аваргын дараах хоёр улиралд Дуэйн нийтдээ 62 тоглолт өнжсөн юм.Харин 2008-2010 бэртэл гэмтлээсээ ангижирч, хуучны Дуэйн эргэн ирсэн ч түүний баг хоёр жил дарааллан плэй-оффын эхний шатыг давж чадсангүй. Дуэйн хүү сэтгэлээр унаж байсан ч 2011 онд Өмнөд эрэгт түүний найзууд Лэброн Жэймс, Крис Бош нар ирснээр дөрвөн жил дарааллан Дорнод бүсийг “эзэгнэж” лигийн түүхийг эргүүлсэн билээ. Ингээд Дуэйний хувьд аль хэдийнээ лигийн гурван удаагийн аварга болж таван удаа финалын тоглолтонд хүч үзэж бүх цаг үеийн шилдэг хамгаалагч болоод амжсан юм.
Шинэ цаг үе ирж, залуу тамирчид ч лигийг өнгөлж эхэллээ. Дуэйн Уэйдийн Майами Хит багтай өнгөрүүлсэн он жилүүд түүнийг алдрын танхимд багтах нь тодорхой. Хит түүнийг драфтаар авсан цагаас хойш арваннэгэн удаа бүх оддын багт сонгогдож, гурван удаа аваргын цом хүртэж, 2006 онд шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж байсан нь түүхэн амжилтын эзэн гэдгийг нь гэрчилнэ. Мөн тэрээр бүхий л амжилтаа нэг багт зориулсан цөөхөн шилдэг тоглогчдыг нэг. Яг л Коби Брайнт Лейкерстэй, Дирк Новицски Даллас Маверикстай, Тим Данкан Спүрстэй замналаа холбосон шиг Уэйдэд бас боломж бий. Гэхдээ тамирчны мөнгө, цалинтай холбоотой Майами Хит болон Дуэйн Уэйд нарын арванхоёр жилийн нөхөрлөл дуусч магадгүй хүнд байдалд энэ жилд тулгараад байсан. Нөгөөтэйгүүр Уэйд гэмтлээсээ болж 2013-14 оны улиралд 28 тоглолт, өнгөрсөн жил 20 тоглолтыг өнжсөн.
Жил ахих тусам түүний өнжих тоглолтын тоо нэмэгдэх магадлалтай боловч, тэр урт хугацааны гэрээ хүсч байгаа. Уэйд гурван жилийн 45-50 сая долларын гэрээ хийх сонирхолтой байсан ч гэдэг. Харин Майами үүнийг хүсэхгүй дараагийн үеийг хүлээх болсон. Тэрээр энэ жил сүүлчийн удаа ч тоглож байж магадгүй гэх яриа лигийн өмнө гарсан. Гэвч ирэх жил тэрээр тоглох нь тодорхой болоод байна. Спортын сэтгүүлчид, яагаад сагсанбөмбөгийн супер одыг ийнхүү онцолж түүнийг түүхийг хэвлэлүүд бичиж байна гэхээр даруу төлөв энгийн атлаа тамирчин хүний хувьд “бэртэл гэмтэлгүй” гэдэг зүйл ямар хор хөнөөлтэй байдгийг давхар харуулахыг зорьж.