Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой”-г “цаасны” компани болгох нь хэнд ашигтай вэ

Б.ШИРНЭН

“Эрдэнэс Тавантолгой” олны яриагаар бол аль эрт дампуурчихсан компани л даа. Хоёр ч засаглалын тэргүүн муу, муухайгаар нь дуудсан тул нийгэм даяар тэгээд л ойлгочихсон. Төр муу менежер, чадамжгүй, хувийн компани л Тавантолгойн ордыг ашиглаж чадна гээд л...

Энэ хүснэгтээр борлуулалтыг сая
тонноор харуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”
компанийн албан ёсны борлуулалтын мэдээнээс авав.


Жишээ татвал, Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа тус компанийн талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “”Эрдэнэс Тавантолгой” ер нь аль дээр л дампуурчихсан” гэж хэлсэн удаатай. Дараа нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Танайх “цаасны” компани болно. Танай эзэмших 51 хувийг “Энержи Ресурс”-т өгнө. Асуудал өөр хувилбараар явахаар боллоо” гэж тус компанийн захирал Я.Батсуурьт хэлж байсан юм билээ. Тэгвэл аль ч засаглалын үед нүд үзүүрлэгдэж байсан “Эрдэнэс Тавантолгой” гэдэг төрийн өмчит компани үнэхээр дампуурчихсан юм уу, эсвэл тус компанийн захирлууд үнэхээр чадамжгүй байсан юм уу, гэдэгт хариулт нэхье.

ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулах  тухай  УИХ, Засгийн газрын тогтоол батлагдсанаар тус компани 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр ажилладаг. Энэ нь, нүүрсээ ухаж гаргаад, борлуулна л гэсэн үг. Тэгвэл, тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш буюу 2011-2015 онд дараах байдлаар борлуулалт хийж байжээ.

Энэ графикаас 2014 онд 5.6 сая тонн нүүрс экспортолсон жишээг иш татвал, тухайн үедээ БНХАУ-ын нийт нүүрсний импортын 10, Монгол Улсын нийт нүүрсний экспортын 30 хувийг эзэлж байгаа юм. Харин өнгөрсөн 2015 онд 4.2 сая тонн нүүрс экспортолжээ. 25 хувийн бууралт гарсан байгаа нь Хятадын гангийн үйлдвэрүүдийн нүүрсний хэрэглээ эрс буурснаас нүүрсний үнэ унаж байгаатай яах аргагүй холбоотой. Нүүрс гэх экспортын гол бүтээгдэхүүний үнийн бууралтын талаар ижил зах зээлд адил бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч болох “Энержи Ресурс” компанийн толгой компани “ММС”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “Ганц “Энержи Ресурс” хүнд байгаа юм биш, дэлхий даяараа нүүрсний компаниуд бүгд тэсч үлдэхийн төлөө зүтгэж байгаа” гэж энэ сарын 28-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Үнэхээр нүүрсний эрэлтээс шалтгаалан дэлхий даяар коксжих нүүрсний үнэ уруудаж байгаа нь үнэн. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Борлуулалт буурсан ч нүүрсний үнэ тасралтгүй унаж байгаа энэ үед чамлахааргүй амжилт юм” гэсэн мэдэгдэл үнэнээс нэг их хол зөрсөнгүй гэж харьцуулж болох нь.

Нөгөөтэйгүүр, 2013 оны борлуулалтын тоог иш татаж болно. 1.6 сая тонн болж буурсан байна. Энэ нь мөн л нүүрсний үнэ уруудаж байсантай холбоотой ч 2014 онд 5.6 сая тонн болж өссөн нь тус компанийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тухайлбал, үнэ уруудсанаар тус компани менежмент, компанийн засаглалаа сайжруулж, зардлаа хэмнэж, орон тоогоо цомхотгох арга хэмжээг авчээ. Зардал бууруулах талаар хамгийн гол хийсэн ажил нь нүүрсээ Цагаан хадаар дамжуулалгүйгээр уурхай дээрээ шууд гаалийн бүрдүүлэлт хийж, хил давуулан Ганц модны боомт руу нийлүүлдэг болсон юм. Үүний үр дүнд нийт зардлаа 30 орчим хувиар хэмнэж чадсан байна. Ингээд хэмнэсэн зардлынхаа хэмжээгээр зах зээлд өрсөлдөхийн тулд нүүрс нийлүүлэх үнээ зах зээлийн үнийг дагаж, бууруулсан байгаа юм. Удирдлагын багийн эдгээр арга хэмжээний дүнд, 2014 онд 5.6 сая тонн нүүрс борлуулж чадсан байна. Нүүрсний үнэ гурав дахин буурч, олон нүүрсний уурхай хаагдаж, үйлдвэрлэл экспортоо бууруулж байхад тус компани экспортоо бараг гурав дахин нэмэгдүүлсэн нь энэ компанийн хувьд яах аргагүй амжилт мөн.

Гэтэл өрсөлдөгч болох “Энержи Ресурс” компани нь нүүрсний үнэ өндөр байх үед их хэмжээний зээл авсан. 600 сая ам.долларын бонд дээр нь бусад өр зээл нь нэмэгдээд нэг тэрбум гаруй төгрөгийн зээл энэ компаниар “овоглодог”. Бараг Улаанбаатар хотыг шинээр босгосон дайны бүтээн байгуулалтыг хийж чадсан “Чингис” бондтой адил хэмжээний мөнгө. Харин энэ мөнгөөр “Энержи ресурс” компани угаах үйлдвэр, цахилгаан станц, засмал зам, сургууль, ажилчдын хотхон зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг. Гэтэл нүүрсний үнэ уруудаад эхлэхээр тус компани зээлээ эргүүлэн төлөхөд улам бүр хэцүү болж байсан юм. Ингээд өчигдөр төлөх ёстой байсан 600 сая ам.долларын бондын хүү болох 26.6 сая ам.долларын өрөө хугацаанд нь төлж чадахгүй гэдгээ “ММС” албан ёсоор мэдэгдээд байна.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ком­панийг өнөөдөр бүтээн байгуулалт хийсэнгүй гэж зүхдэг. “Энержи ресурс”-тэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт босгоход мөн л гадаадаас их хэмжээний зээл авах ёстой. Тэгвэл өнөөдөр төрийн өмчийн компани зээл аваагүй нь зол болжээ гэдгийг бид “Энержи Ресурс” компанийн жишээнээс харж болох нь.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани дампуурах гээд түүнийг “Энержи Ресурс” л авахгүй бол болохгүй нь гэсэн өмнөх бүх мэдээллүүд, “аль эрт дампуурчихсан” гэдэг ч худал болж таарав. Өдгөө тус компани төвдөө 137, уурхайдаа 345 ажилтантай, нийт 482 хүнийг амьдрал ахуйтай нь залгуулж, МАН-ын засаглалын үед тавьсан “Чалко”-гийн өрийг тэглэхээр ажиллаж л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан