Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гадил жимсний улс”-ын зарим шинж тэмдэг


Б.БАДРАЛ

“Гадил жимсний улс” гэж нэрлэгдсэн улс орны тухай та лав сонсож байсан биз.  Зөвхөн гадил жимсийг баян улс руу экспортлож, ашиг олдог олигархуудын мэдэлд байдаг болохоор “гадил жимснийх” гэх тодотголтой. Дэлхийн газрын зураг дээр зурагдсан газар нутаг, хил хязгаартай, “хүнлэг энэрэнгүй” бөгөөд “ардчилсан” төртэй гэж өөрсдийгөө тунхагладаг тул “улс” гэгддэг. Гэхдээ бодит байдал дээр бүх эрх мэдэл нь дотоодын эсвэл гадаадын аль нэг нүсэр том корпораци ба түүнийг хамгаалагч “шударга” хүмүүсийн мэдэлд байдаг тул нийлээд  “Гадил жимсний улс” буюу “ГаЖ Улс” гэдэг.  Анх ийм нэрийг Нобелийн шагналт зохиолч О.Генри нэгэн зохиолдоо гаргаж ирсэн нь яг нүдийг олсон хэрэг болсон тул яваандаа иймэрхүү төр ба эдийн засагтай улс болгоныг “ГаЖ Улс” гэж нэрлэх болсон. Улсынхаа хамаг баялаг, газар нутгийн хамгийн үнэтэй, үржил шимтэй хэсгийг улс төрийн эрх ашгийн үүднээс дотоодын олигархуудад өгөх, тэднээр дамжуулан цааш нь гадаадын банк, санхүүгийн байгууллага том корпорациудын  мэдэлд оруулах нь ямар ч улсыг туйлын эмгэнэлтэй байдалд оруулдаг. Ийм жишээ ч хангалттай олон. Гэвч эрэгтэй хүн шартаж хаширдаггүй гэдэг шиг “ГаЖ Улс”-ын улстөрчид амбицлаж, авлигадаж хана­даг­гүй тул байсхийгээд л өмнөх алдаагаа давтдаг.

Жишээ болгож “Гадил жимсний” гэсэн нэр томъёо үүсэхэд хүргэсэн  АНУ-ын “Юнайтэд фрутс” корпорацийн Латин Америкийн улсуудад хэрэгжүүлж байсан зарим аргын талаар ярих нь зөв байх. Энэ корпораци асар ядуу, жижиг буурай орнуудад өргөн уудам газрыг эзэмшин гадил жимс тариалж, Америк руу экспортлон өндөр ашиг олдог байсан тул тэдгээр улсыг ийнхүү нэрлэдэг бол­сон түүхтэй.  Латин Америкийн орнууд яаж яваад улстөрч­дийнхээ эрх мэдлийн амбиц, түүнийг нь дулдуйдсан олигархуудынхаа эрх ашгаар дамжуулаад “Юнайтед фрутс” компанийн утсан хүүхэлдэй болсон түүхийг ярихын өмнө зарим зүйлийг тодруулах хэрэгтэй. Юуны өмнө Латин Америкийн орнууд хэд хэдэн нийтлэг шинжтэй байжээ.

Жишээлбэл:
•Сонгууль тогтмол бол­дог ч “Ардчиллын төлөө коммунизмыг эсэргүүцье” гэх мэт уриагаар зэвсэг хийж, цагдаа ба тагнуул зэрэг хүч­ний байгууллагуудаар дий­лэнх иргэдээ сүрдүүлсэн да­ран­гуйлагч засаглалтай. Парламентын сонгуульд нь зөвхөн дарангуйлагчийн тал ба түүнд хөрөнгө оруулалт хийсэн олигархын талыг баримтлагчид ялдаг.

•Төрийн албан хаагчид нь бүх л шатандаа авлигад идэгдсэн. Эцэг эсвэл эх нь сайд байсан бол хүү, ач нь бас сайд байх гэх мэтээр төрийн өндөр албан тушаалтнууд нь нийгмийн бусад хэсгээс тусдаа, өөрийн гэсэн тусгай ашиг сонирхол бүхий давхарга, хөндлөнгийн хүн оруулдаггүй каст болж хувирсан. Албан тушаалтан, эрх мэдэлтэн нь хариуцсан салбараа өөрөө болон төрөл садан нь тогтмол ашиг олж байдаг эдлэн газар, хувийн эзэмшил гэж үздэг болсон.

•Эдийн засаг ганц хоёрхон зүйлийн экспортоос бүхэлдээ хамаардаг. Тэднийг гадны банк санхүүгийн дэмжлэг бүхий ганц хоёр том олигарх бүрэн хянадаг. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ гэх мэт үзүүлэлтээрээ тун муугүй харагддаг ч хүн амын дийлэнх ядуу амьдралтай. Бодит мэдлэг, боловсролын түвшин тун доогуур. Газар нутгийн хамгийн үржил шим­тэй, баялаг ихтэй хэсгийг олигархууд эсвэл гадны хө­рөнгө оруулагчид урт хугацааны түрээс нэрээр эзэмшиж байдаг.

•Төрийн ба хувийн хэвшлийн өр асар өндөр түвшинд. Тэр бүх зээлийг өгсөн эзэн нь Америкийн аль нэг том корпораци эсвэл банк. Зээлийн хүүгийн төлөлт гэж дийлэх аргагүй нүсэр том учраас ард олон, бусад жижиг ба дунд компаниудаас авсан татвараар тогтмол төлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр гадны том корпорациудыг татвараас бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар чөлөөлсөн.

•Улс төрийн амьдрал нь тус улсад шийдвэрлэх хөрөнгө оруулалт хийсэн, хамгийн нөлөөтэй том корпораци эсвэл банк аль олигархыг дэмжих вэ? гэдгийг тойрон эргэлдэж байдаг. Нэг олигарх нь итгэл алдахад төрийн эргэлт гарч эсвэл “шударга” сонгуулиар өөр нэг олигарх ялж гарна. Гэхдээ эдийн засаг, улс төр ба ард иргэдийн амьдралд бодит өөрчлөлт огт гардаггүй.

•Аж үйлдвэрлэлээ хөгжүү­лэх бодит арга хэмжээ авахын оронд гадны том банк, Засгийн газар, корпорациудаас төр нь байнга буцалтгүй тусламж, хүүгүй эсвэл хөнгөлттэй зээл авч байдаг. Цаадуул нь ч иймэрхүү тусламж өгөх дуртай, авахгүй бол уурладаг.

•Хэвлэл мэдээллийн сал­бар нь олигархын шууд эсвэл далд удирдлага дор байдаг.
•Үндэсний боловсон хүчин, нарийн мэргэжлийн ажилчин, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл гэх зүйл бараг байхгүй. Улс төрийн элит гэгддэг давхаргын залуучуудыг АНУ-ын их, дээд сургуульд суралцуулан дадлагажуулах замаар эх орныхоо бус харин өөрийн корпораци, гэр бүл ба Америкийн эрх ашгийн төлөө үйлчлэгч гаргаж авдаг.

Ийм улс оронд өөрийн Засгийн газрын том дэмжлэгтэй, өндөр мэргэжсэн боловсон хүчинтэй, асар баян “Юнайтэд фрутс” корпораци жаалахгүй гэсэн ч олигарх нь дарангуйлагчтайгаа нийлж байгаад нууц эзэн болгож, улсаа “ГаЖ Улс” болгох нь ойлгомжтой.
 
Гадил жимсний улс1

Гватемал нэртэй жижигхэн улс Төв Америкт бий. Энэ улс байгалийн баялгаар ядмаг тул газар тариалан эдийн засагт нь шийдвэрлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Гватемалын гол баялаг нь үржил шимтэй газар. “Юнайтэд Фрутс” нь Гватемалын газар нутгийн хамгийн үржил жимтэй 161,900 га газрыг 99 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олж авсан байж. Олж авсан арга нь Засгийн эрхэнд байсан хүмүүст гар таталгүй авлига өгөх, зэвсэг мөнгөөр дэмжиж засгийн эрхэнд тогтоон барих.

Ингээд ч зогсохгүй энэ их газрын том хэсгийг өөрөө ч огт ашиглаж газар тариалан эрхэлдэггүй, өрөөлд ч өгч тариа тариулдаггүй. Ингэснээр энэ компани Гватемалын авлигад идэгдсэн удирдлагын тусламжтайгаар тус улсын хамгийн том олигарх болоод байсан хэрэг. Харин ээлжит хувьсгалын дараагаар шинэ Засгийн газар нь улсын хамгийн үржил шимтэй газруудыг, юуны өмнө ашиглахгүй байгаа газруудыг буцаан авах арга хэмжээ авав. Шууд хурааж авсангүй эзэмшиж байсан компанид нь нөхөн төлбөр өгсөн байна. Дээр нь “Юнайтэд фрутс”-ын эзэмшиж байсан төмөр замаас хамааралгүй болохын тулд шинэ зам тавих төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон байдаг. Гадилаас гадна ашиг олдог өөр нэг шавхагдашгүй ундаргыг нь дундлах гэж байгааг энэ компани зүгээр хараад суухыг хүссэнгүй.

“Юнайтэд фрутс”-ын удирдлага өөрийн буюу Америкийн Засгийн газарт хандан гомдол мэдүүлжээ. Үүний хариуд Америкийн Төрийн департамент нь Гватемалын Засгийн газарт хандан гурав дахин өндөр нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. Татгалзсан хариу авсны дараагаар Америкийн Засгийн газар нь Гватемалын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах, мэдээллийн дайн явуулж олон улсын тавцанд нэр хүндийг нь унагах кампанит арга хэмжээг авч явуулсан байдаг.
Тухайлбал, Гватемалыг хөрш улсууддаа зэвсэг нууцаар наймаалж байна, тэдэнтэй дайн дэгдээхийг санаархлаа гэж буруутган цаашид үүнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэх мэт яриаг албан ёсоор хийх болсон. Гватемалын Засгийн газар энэ бүхнийг эсэргүүцэн НҮБ-д хандахад Америк өөрийн давуу талыг ашиглан 1954 онд Гватемалын гаргасан гомдлыг зөвшөөрүүлээгүй. Ин­гээд зогссонгүй ТТГ болон “Юнайтэд  фрутс” компанийн хөрөнгөөр хөрш улсуудад хөлсний арми бэлдэхтэй зэрэгцэн цэргээ оруулж төрийн эргэлт гаргаж өөрийн хүнээ Гватемалын Ерөнхийлөгчөөр суулгасан юм. Шинэ Ерөнхийлөгч “Юнайтет фруитс” –д бүх газрыг буцааж өгч, шинэ зам барихыг зогсоох зэргээр бүр ч илүү эрх мэдэл өгсөн нь ойлгомжтой. Үүний гайгаар Гватемалд 36 жил үргэлжилж 200 мянга гаруй хүний аминд хүрсэн иргэний дайн дэгдсэн юм.

Гадил жимсний улс 2

Гадил жимсний өөр нэг улсын жишээ нь хувьсгал гарахаас өмнөх Куба байлаа. Кубын дарангуйлагч Батиста өөрийг нь засгийн эрхэнд үлдэхийг зөвшөөрч, зүйл бүрээр дэмжиж байгаагийн хариуд улсынхаа  эд баялаг, газар нутгийг эзэмших давуу эрхийг Америкийн компаниудад өгсөн юм. Үүний үр дүнд Америкийн корпорациуд нь шууд ба бусад компани, хувь хүний нэрээр Кубын газар нутгийн 47 хувийг эзэмшдэг болсон байжээ. Куба дахь өөрийн компаниуд болон бусдын нэрээр байгуулсан компаниудад хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийнх нь 90 хувийг эзэмшдэг байсан гэдэг. Үүн дотор уул уурхайн салбарын 90 хувийг, цахилгаан ба харилцаа холбооны салбарын 90 хувь, экспортын гол бараа болсон чихрийн нишингийн үйлдвэрлэл ба тариалангийн 50 хувийг эзэмшдэг байжээ. Энэ мэтээр Америкчууд асар их хөрөнгө оруулалт хийдэг байсан болохоор цаасан дээр Куба баян. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ гэсэн огт ойлгомжтой хийсвэр үзүүлэлтээр Куба тун дээгүүр орно. Эдийн засгийн өсөлт нь өндөр. Иймд Засгийн газар нь баян хөрштэйгээ улам нягт хамтран ажиллавал нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ, эдийн засгийн өсөлт нь цаашид ч өснө гэж мэддэгддэг байсан. Гэвч бодит байдал дээр Кастрогоос өмнөх Кубын хүн амын дийлэнх нь нэн ядуу амьдралтай, нийслэл Гавана хот, түүнийг тойрсон олон арван казино гэх мэт газар л ажил олддог, хөдөө орон нутаг нь бараг мартагдах шахсан тийм улс болж хувираад байсан байдаг. Энэ мэт олон аргаар 1950-аад оны Америк нь Батистын дэглэмийн үеийн Кубаг чихрийн нишинг гэсэн ганц зүйлийн тариалан голчлон тариалдаг, түүнээс гаргаж авсан сахар гэсэн бүтээгдэхүүнийг голчлон экспортлож, Америк гэсэн цорын ганц зэх зээлд нийлүүлдэг “ГаЖ Улс” болгож чадсан юм.

Хойд хөрш ч ийм зовлон амссан...

Улс орны баялгийг шууд болон шууд бус аргаар гадны банк санхүүгийн том корпорациуд, олигархуудын мэдэлд өгөхийн хор нөлөөө ямар байдаг тухай жишээ үүгээр ч зогсохгүй. 1990-ээд онд манай хойд хөрш яг ийм байдалд орсон. Березовский, Ходорковский,  Гусинский гэх мэт хүмүүс тухайн үеийн улс төрийн элитийн шууд дэмжлэг, тусламжийн ачаар хуруугаа хөдөлгөх төдийхнөөр Зөвлөлтийн үед 70 гаруй жилийн турш олон сая хүний хөдөлмөрөөр бүтсэн салбаруудыг өөрийн нэр дээр болгож, нүд ирмэхийн зуур тэрбумтан олигархууд болсон. Улмаар эрх мэдлээ авч үлдэхийг хүссэн амбицтай, авилгад идэгдсэн улстөрчид, эд баялгийг хамгаалах гэсэн олигархуудын аюултай хор­шоо үүссэн. Тухайн үеийн Оросын баячуудын амьдрал ба жирийн иргэдийн амьдрал, эрүүгийн нөхцөл байдал ямаршуу байсныг тийшээ наймаа хийж байсан хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Олигархууд хоорондын тэмцлийн үр дүнд утсан хүүхэлдэй болох зориулалтаар гарч ирсэн Путин гэнэт “бослого” гаргаж тэдний заримынх нь амбицыг дарж, барихыг нь барьж, хөөхийг нь хөөгөөгүй бол тэр өрсөлдөөн юунд хүргэж одоогийн Орос орон ямар байх байсныг хэлэхэд хэцүү. Тэр үед мөн л Оросын эдийн засгийн өсөлт өндөр, нэг хүнд ноогдох ДНБ-ы хэмжээ нь 1991-оос хойш анх удаа өндөр болсон.

Гадил жимсний улс 3

Олигархуудын шунал ба улстөрийн амбицын өөр нэг жишээ нь одоогийн Украйн. Америк, Европын холбоо нь Ардчиллын төлөө коммунизмын эсрэг гэсэн уриандаа коммунизм гэдгийг нь Орос болгож өөрчлөөд хувьсгал хиийж, төр эргүүлсэн. Гэвч үр дүнд Порошенко, Коломойский, Боголюбов, Пинчук гэх мэт олигархууд хоорондын тэмцэл, иргэний дайн болж хувирсан. Энэ тэмцэлд хэн нь Америк, Европын холбооны дэмжлэгийг авч чадсан нь эрх мэдэлтэй, эд баялагаа авч үлдэх нөхцөлтэй. Олигархууд, тэдний гар хөл, бамбай болсон улстөрчид эдийн засгийн ямар ч уналт, хямрал, ямар ч дайнаас ашиг олж чаддаг хосгүй чадвартай гэж болно. Үгүй байсан бол улс орон нь хямраад, иргэний дайн дэгдээд байхад энэ улсын хамгийн том олигархуудын нэг, Ерөнхийлөгчийнх нь хөрөнгө богино хугацаанд чамлахааргүй ихээр өсөхгүй байсан биз.

Товчхондоо бол том корпорациуд, олигархууд, гадаадын банк санхүүгийн байгууллагын шунал, амбицыг хяналгүйгээр хөгжиж байсан улс нэг ч байхгүй. Өнөөдөр өндөр хөгжилтэй гэгдэж байгаа бүх улсад олигарх, том корпорациуд ба гадаадын банк санхүүгийн үйл ажиллагааг хянах маш хатуу, бүр харгис гэж болохоор систем үйлчилж байдаг тулдаа л өнөөдрийн хэмжээнд явна гэж болно. Жишээлбэл, Швейцарийн “Julius Baer” банк гэхэд л америкийн хоёр мянга гаруй чинээлэг хүмүүсийн хөрөнгийг татвараас бултуулахад нь тусалсны хариуд 500 сая гаруй ам.долларын торгуулийг Америкийн Засгийн газарт төлөхөөр болсон бол мөн адил хэргээр Швейцарийн “Credit Suisse” банк бүр 2,4 тэрбумын торгууль төлсөн байх жишээтэй. Энэ мэтээр тэд өөрийн газар нутаг, эд баялгаа хэт шуналтай дотоодын олигарх, түүнээс ч илүү шуналтай гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас тууштай хамгаалж байдаг. Ингэснээрээ ч тэд улс орноо “ГаЖ Улс” болохоос хамгаалж байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан