Б.БУЯНДАЛАЙ
“Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг” хэмээх үгийг холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан Ж.Нарантунгалаг хэлэх дуртай. Тулааныхаа өмнө гурвантаа уухайлан омогших дуртай түүнийг манай уншигчид “Чингисийн цавчилт” хочоор нь андахгүй. Анх Ж.Нарантунгалаг ахтай “One Championship” холбооны дэлхийн аварга болсных нь дараа ярилцлага авснаас хойш чамгүй олон удаа уулзаж байлаа. Тэр бүрт нүдээрээ инээмсэглэсэн, эгэл даруухан төрх, ухаалаг зангаараа намайг угтана. Одоо ч хэвээрээ. Цөөнгүй мундаг хүнтэй уулзаж ярилцаж байсан ч Ж.Нарантунгалаг ахын тулааны спортын төлөө гэсэн чин сэтгэл, төлөв даруу зан, ухаалаг яриа миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөдөг.
Үүгээрээ ч тэрээр бусад тамирчнаас эрс ялгардаг. Ялалтдаа хэзээ ч эрдэж, “Би” гэж онгирдоггүй нь түүний том давуу тал. Тунгаа ахын амжилт үргэлж дардан байгаагүй. “Legend FC”-гийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Японы Кожи Андотой хийхдээ хөлөө хугалж, аваргын бүсээ алдаж байсан юм. Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч “Дахин тулаан хийх боломжгүй” гэж хэлсэн гэдэг. Бүр зарим найз нь эдгэснийхээ дараа юу хийхээ төлөвлө гээд ажлын санал хүртэл тавьж байсан гэнэ билээ. Гэхдээ саад бэрхшээл, бэртэл гэмтэл ч түүнийг сөхрүүлж чадаагүй. Тэрээр жил гаруй эмчилгээ хийлгэснийхээ эцэст эдгэрсэн юм. Тулааны спортод хайртай, энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа “Чингисийн цавчилт” дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй “One Championship”-m 2014 оны тавдугаар сараас хойш тулалдаж байна. Тэрээр Японы К.Ойшийг ялж дэлхийн аварга болсон ч аваргын бүсээ М.Гафуровт өнгөрсөн жил алдсан. Бэлтгэлээ л сайн хийж, зүтгэвэл дахиад аваргалах боломж түүнд байгаа нь мэдээж. Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсагдах алдрыг өөрөө олдог хэмээх ардын сайхан зүйр үгийн бодит биелэл болж өөрийгөө төдийгүй эх орон, эзэн Чингис хаанаа дэлхийн дэвжээнд дуурсгаж яваа Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор уржигдар шагнасан.
Түүнийг гавьяат цолоо энгэртээ гялалзуулсаар, Төрийн ордноос гарч ирэхэд нь уулзаж, ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Өнөөдөр (III.22) спортын гурван төрлөөс анхны гавьяат цолтон мэндэлж байна. Тулааны спортоос төрсөн анхны гавьяат болсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ спортоос төрсөн анхны гавьяат цолтон болсондоо баяртай байна. Олон мундаг багш, үе үеийн тулаанч, баг хамт олныхоо хүчинд энэ шагналыг хүртлээ. Өнөөдөр их сайхан нарлаг, дулаахан өдөр байна. Ийм сайхан өдөр гавьяат цол хүртэх учиртай байжээ. Шагналын арга хэмжээ үргэлжлээд, бэлтгэл тасалдчих гээд байхаар нь өглөө 7.00 цагт босч, хүчний бэлтгэлээ базаачихаад ирсэн. Гавьяат цолтой хамт надад маш том үүрэг, хариуцлага ноогдож байгаа. Улам их хичээх урмыг энэ шагналаас авлаа. Цаашдаа тулааны спортыг улам хөгжүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд олон жил дуурсгаж, олон мундаг шавь төрүүлэхийн төлөө хичээнэ ээ.
-Шагналаа авахаар Төрийн ордонд ирэхийн өмнө та хэр их догдлов?
-Тэмцээнд оролцохоос ч хэцүү юм байна /инээв/. Шагнуулж байхдаа хамт олон дээрээ очих юмсан гэж их яарсан. Төрийн ордноос гарч ирэхэд манайхан шүгэлдээд, уухайлаад үнэхээр сайхан угтлаа. Нэг найз маань “Чи нөгөө гавьяатуудаа бут цохьчихлоо” гэж хошигносон. Энэ нь хамт олондоо нэр хүндтэй, түмэнд тустай явдгийн маань илрэл байх.
-Та багадаа чамгүй олон спортоор хичээллэдэг байсан. Тэдгээрээс тулааны спортыг сонгоход тань юу хамгийн их нөлөөлсөн бол?
-Холимог тулаанд маш олон спортын арга, техникийг эзэмших шаардлага гардаг. Надад чөлөөт бөхийг Раднаабазар гавьяат, жүдо, самбог Тэрбиш, Дэлгэрбаяр, каратег Бэхээ, Чинзориг, кикбокс, боксыг Энхтайван, “Тогоруу” Батбаяр нарын мундаг дасгалжуулагчид зааж байлаа. Гэхдээ эдгээрийн аль нь ч миний сэтгэлийг тулааны спорт шиг татаж чадаагүй. Жинхэнэ эр хүний, эр зоригийн спорт гэдэг нь надад их таалагддаг. Би багаасаа жүдо, карате зэрэг спортоор дотоод, гадаадын тэмцээнд өндөр амжилт гаргасан. Харин тулааны спортод 2003 онд анх хөл тавьж байлаа. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар аварга нар 2003 онд “Mongolian Fighting” тэмцээнийг -93, +93 кг-д зохиосон юм. Тэр тэмцээнд анх түрүүлж, холимог тулааны анхны амжилтаа гаргаж байлаа. Дараа нь “Улаанбаатар гран при”-д аваргалсан. Эх орондоо болсон хоёр том тэмцээнд түрүүлсэндээ их урамшиж, уйгагүй бэлтгэл хийж эхэлсэн түүхтэй.
-Дагваа аварга танд “Чингисийн цавчилт” хоч өгсөн гэдэг. Яагаад ингэж нэрлэсэн нь их сонирхолтой санагддаг?
-Нэг япон мэргэжилтэн Монголд ирж, кикбоксын “К-1” холбоонд тоглох санал тавьсан юм. Монголдоо сонирхогчийн түвшинд тоглож байсан болохоор өөрийгөө сорьё, ур чадвараа ахиулъя гэж бодоод зөвшөөрчихсөн. Тухайн үед аварга байсан Альберто Кравстай анхны тоглолтоо хийх үедээ өнөөгийн “Чингисийн цавчилт” гэж нэрлэгдэж буй өшиглөлтөө хийсэн юм. Өмнө нь хийе гэж төлөвлөөд, бэлдчихсэн байсан л даа. Кравс нэлээн хүнд байдалд орж, хөгжөөн дэмжигчид уухайлаад л. Тэр тулааныг үзэж байсан нэг хүн Дагваа аваргаас “Би өмнө нь ийм өшиглөлт харж байгаагүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү” хэмээн асуухад нь “Тийм ээ энэ бол Монгол өшиглөлт. Чингисийн цавчилт” хэмээн хариулсан юм билээ. Түүнээс хойш энэ хоч, эцэг эхийн минь өгсөн нэрнээс дутахааргүй дуудагдсаар өдий хүрлээ.
-Олон улс, тив, дэлхийн дэвжээнд “Чингисийн цавчилт” хэмээн дуудуулахад эх орон, эзэн Чингис хаанаараа бахархах сэтгэл танд бүр их төрдөг байх.
-Тэгэлгүй яах вэ. Энэ алдраар дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тийм учраас багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж дэвжээнд гардаг. Сонирхуулахад, “Чингисийн цавчилт”-ыг Японы “Sony” корпорац нэгэн тоглоомдоо оруулсан. Ингэхийн тулд тэд Монголд ирж, надаар “Чингисийн цавчилт”-ыг олон удаа хийлгэж, зураг авсан.
-Таны өнөөгийн амжилт Арай Жүничи багштай салшгүй холбоотой. Багштайгаа учирсан дурсамжаасаа хуваалцаач?
-Багш маань “Жайка”-гийн шугамаар 1996 оноос хойш Монголд амьдарч байна. Би шантарч, зодог тайлъя гэж бодож байх үедээ багштайгаа учирсан юм. Мэргэжлийн тулааны дотоод мөн чанарыг бүрэн ойлгоогүй, тухайн үеийн ур чадвар, арга барилаар дэлхийн дэвжээнд өндөр амжилтад хүрэхгүй гэдгээ ухаарч байсан үе л дээ. А.Жүничи багш “Яг юунаас нь эхэлж заалгах вэ” хэмээн асуухад нь “Бүхнийг шинээр эхэлье” гэсэн. Тэгээд л анх хичээллэж буй мэт төсөөлж, бүхнийг эхнээс нь заалгаж байлаа. Түүнээс хойш хоёр жилийн хугацаандаа ганц ч тэмцээнд оролцоогүй.
-“К-1” 2010 онд татан буугдсаны дараа “Legend FC”-д хөл тавьсан. Та аваргын бүсээ хамгаалах тулаанаа К.Андотой хийхдээ маш хүнд бэртсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Аваргын бүсээ хамгаалснаас хойш нэлээн удаан хугацаа өнгөрчихсөн байсан юм. Хэсэг хугацааны дараа тулааны тов гарна. Бэлтгэлээ базааж, бэлэн болтол цуцлагдчихна. Формоо удаан хадгалахын тулд хэтэрхий их ачаалалтай бэлтгэл хийснээс болж булчингаа ядраачихсан юм билээ. Тэгж байхдаа бас мөрөө бэртээчихсэн хэрэг. Тэр бэртлээс болж хүч, барилдааны бэлтгэл хийж чадаагүй. Хурдаар илүүрхэж тоглоё гэж төлөвлөөд л аваргын бүсээ хамгаалах тулаанд оролцсон. Нэг талаар өрсөлдөгчөө бага зэрэг басчихсан ч байж магадгүй. Харин алдааг маань Андо хэзээ ч мартагдахааргүйгээр надад ойлгуулсан. Эхний үед түүнтэй эн тэнцүү тулалдсан болохоор бэртэлтэй ч гэсэн ялж болмоор л санагдаж байлаа. Гуравдугаар үед Андо миний зүүн хөлийг өргөж, түрэхэд нь нөгөө хөлөөрөө хөмрөх гээд дагуулж хөмөрсөн юм. Гэтэл дэвжээ сунаснаас болж хий гишгэн, хөлөө дараад уначихсан. Шагайныхаа дээд хэсгээр хугалж, шагай мултралттай, шөрмөс суналттай гэсэн оноштойгоор жил гаруй эмчлүүлсэн. Миний өдий хэртэй яваа маань найз нөхөд, гэр бүл, хамт олны минь л ач гавьяа.
-Дэвжээн дээр дахиад гарч чадахгүй болчих вий гэх айдсаа хэрхэн даван туулсан бэ?
-Мэдээж маш их санаа зовж байлаа. Зарим найз маань шударгаар “Тамирчныхаа замналыг үргэлжлүүлэх боломж байхгүй ээ. Хэчнээн эдгэрсэн ч дахин тулаан хийнэ гэдэг амаргүй. Боломжгүй бололтой” гээд ажлын санал хүртэл тавьж байсан шүү. Гэхдээ тэр бэртэл намайг их ухааруулсан. Тэр үед өөрийгөө энэ спортод ямар их хайртай, дуртайгаа мэдэрсэн. Хүний хувь тавилан гэдэг их сонин юм билээ. Би “Legend FC”-гийн аваргын бүсээ Японы Кожи Андод алдсан. Түүнээс нэр хүндтэй “One Championship”-т аваргалахдаа түүнтэй төстэй нэртэй Японы Кожи Ойшийг ялсан нь үнэхээр ховор тохиолдох үйл явдал байх (инээв).
-Өнгөрсөн оны сүүлчээр “One Championship”-ын аваргын бүсээ хамгаалах тулаанаа М.Гафуровтой хийн, дийлдсэн. Тэр тулаанд та өөрийнхөө тоглолтыг бүрэн гаргаж чадсан уу?
-Ялагдсандаа огт харамсдаггүй. Тамирчин хүн ялж, ялагдаж сурах, түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг байх нь чухал. Мэдээж надад ялах боломж байсан. Өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадсан ч ялж чадаагүй. Тэр тулааныг Монголд шууд дамжуулсан. Сэтгэл зүрхээрээ надтай хамт байсан монголчууддаа баярлалаа. Аваргын бүсээ хамгаалж чадаагүйдээ бүгдээс нь хүлцэл өчиж байна.
-М.Гафуров таныг нэлээн хэдэн удаа өчсөн. Хоёрдугаар үед гаранд чинь хийсэн өчилт нэлээн лав орсон ч гараад ирсэн...
-Гафуров хэвтээ барилдаандаа сайн юм билээ. Тиймдээ ч “Кобра” хоч авсан байх. Хэвтээ байрлалаас босох гэж улайрч байгаад гараа өчүүлчихсэн. Зөв тал руу нь эргүүлээд, зүтгэсээр байгаад гарч чадсан.
-Хэдийгээр ялагдсан ч эцсийн мөч хүртэл бууж өгөөгүйгээр тань спорт сонирхогчид бахархаж байгаа нь мэдээж. Би лав өмнө нь боох мэхэнд орчихоод ухаан алдатлаа тэвчсэн тан шиг тамирчинг харж байгаагүй. Хамгийн сүүлд л гэхэд UFC-гийн супер од Конор МакГрегор Нейт Диаст боолгонгуутаа л буугаад өгчих нь лээ.
-Тэр мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийснийхээ долоог нь боох мэхээр ялсан. Тиймээс намайг ч бас боох магадлал өндөр байлаа. Би бэлтгэл дээр боолтноос гарах техникийг маш их давтсан. Гэхдээ л боох мэхэнд нь орчихсон.
-Таны хувьд аваргын төлөө тулалдах, аварга цолоо хамгаалахын аль нь хэцүү санагддаг вэ?
-Өмнө нь, надад аварга цолоо хамгаалах маш хэцүү санагддаг байлаа. Гэтэл одоо бол тэр бодол өөрчлөгдсөн. Учир нь, аварга хүн бүсээ алдсан ч алдар цуу, нэр хүнд нь хэвээрээ л үлддэг. Харин аварга цол горилж тоглосон тамирчин ялагдвал хэн ч биш хэвээрээ л үлдэнэ шүү дээ. Гэхдээ аварга болох гэж буй тамирчны хүслийн хүч үнэхээр агуу. Тиймээс түүнээс илүү сэтгэлийн хүч гаргаж л аварга цолоо хамгаална.
-Та өмнө нь нэлээн олон холбоонд тоглож, аваргын бүс эзэмшиж байсан. Яагаад “One Championship”-ыг сонгосон юм бэ?
-Сүүлийн жилүүдэд хамгийн хурдтай хөгжиж буй холбоо бол энэ. Хамгийн гол онцлог нь бусад холбоонд хориглодог зарим цохилтыг энд зөвшөөрдөг. Дүрмийн хувьд хамгийн зэрлэг нь гэсэн үг л дээ. Хөлний улнаас бусад хэсгээр газарт хүрсэн үед нүүр рүү өшиглөх, толгойны орой дээрээс тохойлдохыг ганцхан энэ холбоо л зөвшөөрдөг. Гэхдээ энэ нь ямар нэгэн дүрэмд захирагдахгүй, цэвэр тулаан хүсдэг тамирчдад их таалагддаг. Мөн бусад томоохон холбооны шилдэг тамирчид “One Championship”-т нэгдсээр байгаа нь өрсөлдөөнийг бүр их нэмж байна. Би хамгийн эрсдэл ихтэй, хатуу, хэцүү, бэрх зүйлд өөрийгөө сорих дуртай. Тиймээс л энэ холбоог сонгосон юм.
-Манай уншигчид аваргын бүсээ эргүүлэн авах боломж байгаа эсэхийг тань хамгийн их сонирхож байгаа нь дамжиггүй.
-Байлгүй яах вэ. Аваргын бүсээ эргүүлэн авч, дахин дэлхийн аварга болохыг хүсч байна. Чансаа ахиулах тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөсөн. Одоогоор хэнтэй тоглох нь тодорхой болоогүй байна. Хэрвээ тэр тоглолтод ялбал, дэлхийн аваргын төлөө тулалдах боломж бүрдэх байх. Би “One Championship”-тэй зургаан тулааны гэрээ байгуулсан. Өөр холбооноос тоглох санал ирж байгаа. Гэхдээ гэрээнд заасан журам, дүрмээ мөрдөх хэрэгтэй. Уулын буга хараад унасан бухаа мартана гэдэг шиг зүйл тамирчин хүнд байх учиргүй.
-Та гарын шавиа бэлдэж эхэлсэн үү?
-Чамгүй олон шавь бий. Клуб байгуулж, шавь бэлдэх юмсан гэх хүсэл олон жилийн өмнө төрсөн юм. Гэвч бэлтгэл, тэмцээн гээд амжихгүй явсаар 2007 онд “Шандас” клубээ байгуулсан. Энэ клубийг байгуулахад тулааны спорт, тамирчдыг маань дэмждэг Тамир ах маань их тусалсан. Одоогоор манай клубт 20 тамирчин бэлтгэлээ базааж байна.
-Монголд тулааны спортыг ойлгодог, дэмждэг хүн хэр олон байдаг вэ. Төр засгаас хэр дэмждэг юм бол?
-Үнэнийг хэлэхэд ямар ч дэмжлэг байдаггүй ээ. Тайландад холимог тулаанаар тэмцээн зохиохыг хориглосон. Түүн шиг манайд хориглочихгүй байгаад нь л баярлаж явдаг. Би өөрийнхөө амьдралын төлөө, дуртай зүйлийнхээ төлөө явж байгаа болохоор төр засгаас ямар нэгэн дэмжлэг хардаггүй. Тийм бодол ер төрдөггүй. Ивээн тэтгэе, дэмжье гэж ярьдаг олон хүн бий. Гэхдээ тэднээс тусалдаг нь хуруу дарам цөөн. Би Орхон аймгийн уугуул. Намайг өнгөрсөн жил дэлхийн аварга болсны дараа Орхон аймгийн хүндэт иргэн болгосонд нь баярлаж явдаг.
-Та олон жилийн турш энэ спортод зүрх, сэтгэлээ зориулж яваа. Холимог тулааны урлагийн хамгийн сайхан, бусад спортоос ялгарах онцлог нь юу вэ?
-Жинхэнэ эр зориг, тэсвэр хатуужлын спорт. Хамгийн чухал нь тамирчинд биеийн болоод сэтгэлзүйн зөв хүмүүжил олгодог. Энэ спортын онцлогийг ил гаргахын тулд ганцхан жишээ татъя. Бусад спортынхны айдсаас тулаанчдынх харьцангуй олон төрөлтэй. Өөрөөр хэлбэл, ялахын төлөөх сэтгэлийн их хүчийг мөхөөх хүчин зүйлс гэсэн үг. Бүх спортод ялагдах вий гэх айдас бий. Энэ нь аварга болох хүслийг нь дарсан айдас. Тулааны урлагт ч энэ айдас байдаг. Бас маш хүчтэй өвдөлтийн айдас, өрсөлдөгчөөс ирсэн цохилтын айдас гэж бий. Өөрөө эхэлж довтолсон ч гараа бэртээх, өшиглөсөн ч хамгаалалт таараад өөрийгөө гэмтээх вий гэж бодохоос үүдсэн өвдөлтийн айдас их хэцүү. Энэ айдсыг дарах сэтгэлийн хүчтэй байх нь чухал. Айдсаа даван туулж л эр зоригтон болно. Тэмцээний өмнөх айдас хэдий том байх тусмаа ялсан хойно түүнээс мэдрэх аз жаргал, сэтгэлийн цэнгэл тэр хэмжээгээрээ илүү байдаг.