Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирээдүйгээ шийдвэрлэх мөч

М.ЖАВЗАНДУЛАМ

Сурагч насаа гэж цэвэрхэн цагаан цаасан дээр нэг ч цэг тавиагүй ахиад хэзээ ч олдохгүй ариухан үе. Дүрэмт хувцас өмссөн ЕБС-ийн 1000 гаруй сурагч МҮЭСТ ордонд үзэгчийн суудалд тухлан сууж, тайзан дээр зогсох нэгний үгийг анхааралтай сонсон байлаа. Амьдралынхаа эхний алхмыг хийх гэж буй сурагчдад зориулан Хөдөлмөрийн яамнаас “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Хүүхдүүдийн инээмсэглэх царай  нүдэнд дотно харагдана. Тэд ирээдүйд хэн болж, ямар мэргэжил сонгох вэ хэмээн хуран цугларсан байв.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уулзалтыг нээж  “Дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, АШУҮИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг. Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдгаас хүүхдүүд ердөө 50 мэргэжлийг л сонгодог. Их дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтын талаар судалгаа хийхэд 38 хувь нь сонирхлынхоо дагуу мэргэжлээ сонгож, 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариу гарсан. Харин  14 хувь нь эзэмшсэн мэргэжилд тохирох ажил олдохгүй гэсэн шалтгаанаар ажил хайж байна” гэж хэлсэн юм.

Мөн тэрээр “Манай Политехник коллеж, МСҮТ-үүдэд Монгол улсад хэрэгцээтэй, төгсөөд шууд ажлын байртай, нарийн мэргэжлүүдээр оюутныг сургаж, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэж байна. Жишээ нь, мэргэшиж дадлага эзэмшсэн тогооч сард 2-3 сая, гагнуурчин 1,5 сая төгрөгийн цалин авдаг. Эдгээр нь зах зээлд эрэлттэй байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход нь нөлөөлнө” гэж онцоллоо.

Хөтөлбөрийн арга хэмжээг жүжигчин н.Ууганбаяр хөтөлж “Хүүхдүүдэд хандан надтай адил жүжигчин мэргэжил сонгох сонирхолтой хүн байна уу” гэж асуухад тэн хагас нь гараа  өргөв.
Тэрээр  та бүхэн мэргэжлээ сонгохдоо сайн бодож шийдвэрээ гаргаарай гэж зөвлөсөн юм.

Ингээд тайзан дээр дуучин н.Баярцэнгэл, н.Улаанцэцэг нар гарч ирэн  ая дуугаа өргөлөө. Хүүхдүүд ч баяртайгаар алга ташин угтаж, дуу дуулахад нь даган  дуулж байв. Үүний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа  үндэсний төвийн мэргэжилтнүүд хүүхдүү­дийн зан аашт тохирох мэргэж­лийн талаар зөвлөгөө өгөв.
Хүүхдүүдийг мэргэжлээ сонгоход нь аав ээж ах эгч нь анхаарал хандуулдаг. Манай Улсад сүүлийн таван жилд хамгийн эрэлттэй мэргэжил бол даатгалын ажилтан, программ хангамжийн инженер, статистикч, шүдний эрүүл ахуйч болон санхүүгийн төсөвч гэсэн мэргэжил юм. Олон улсад мөн адил дээрх мэргэжлүүд дутагддаг аж. Мэргэжлээ сонгож байгаа бол хамгийн ойр дотныхонд чинь энэ чиглэлийн мэргэжилтэн хэн байгаа билээ гэдгийг сайн бодолцох хэрэгтэй гэнэ. Ирээдүйд хэн болж, ямар мэргэжилтэн болохоо хараахан шийдвэрлээгүй бол Хөдөлмөрийн яамнаас гаргасан энэхүү хөтөлбөрийн www.mergejil.mn сайт руу орж хэрэгтэй мэдээллээ авч, очиж зөвлөгөө авч болохыг холбогдох албаныхан зөвлөлөө.

Хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа үндэсний төвийн захирал С.Чойноров “Энэхүү хөтөлбөр нь  хамгийн анхных гэдгээрээ онцлог юм. Ялангуяа мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залууст хэрэгтэй арга хэмжээ болж байна. Мэдээж төгсөх ангийн сурагчдад эцэг эх нь анхаарал хандуулан санаа сэтгэлээ зовоож суугаа байх. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан тэдэнд нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх боломж олдож байгаа юм” гэв.

Ерөнхий боловсролын 52-р дунд сургуулийн сурагч Б.Номинчимэг “Би санхүүч мэргэжлээр суралцахаар бэлдэж байгаа. Тоо бодох их дуртай. Аав ээж маань намайг аль дуртай, хийж чадна гэсэн мэргэжлээ л сонго гэсэн. Тиймээс би санхүүгийн  мэргэжлийг сонирхон, тоо болон англи хэлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байна” гэсэн юм.

Мөн уулзалтад Гэр бүл судлалын ухааны доктор, сэтгэл зүйч Г.Наранбаатар оролцож “Би хоёр зүйл онцолж хэлье. Хэзээ ч битгий бууж өг. Бусад чинь чамайг хэн ч гэж харж болно. Арчаагүй , юу ч хийж чадахгүй гэж хэлж болно. Чи өөртөө итгэлтэй бай. Гол нь хэн байх чухал биш ирээдүйд хэн болж төлөвших чинь чухал шүү” хэмээн сургасан нь хүүхдүүдэд их таалагдсан юм.

Дараагийн шатанд авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч н.Тэмүүлэн, н.Халиун нарыг тайзан дээр гарч ирэн бүжиглэхэд сурагчид хүндэтгэн суудлаасаа босч үзэж байсан. Монголын ирээдүй болсон сурагчдын хувьд энэ бол хамгийн сайхан сургамжтай мөчүүдийн нэг болов уу. Дахин нэг шинэ хуудас эхэлж буй тэд нэгийг бодож, хоёрыг тунгаасан нь лавтай. Энэ бол тэдний хувьд ирээдүйгээ шийдвэрлэх мөч.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан