Монголын рагбигийн холбоо /МРХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цасны рагби-2016” аварга шалгаруулах тэмцээн 4 долоо хоногийн турш амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд 7 клубын 150 гаруй тамирчин 2 дивизонд хуваагдан тойргийн системээр тоглож 3 цомын төлөө чансаагаараа өрсөлддөг. “Цасны рагби 2016” АШТ-ий Боул цомын төлөө Техник технологийн коллежийн “Ирвэсүүд РК”, Аварга дээд сургуулийн “Аварга Зөгийнүүд РК” багийн эсрэг тоглож 15:0 онооны харьцаатайгаар “Ирвэсүүд РК” хожил аван Боул цом, мөнгөн шагналын эзэн болжээ. Тэмцээний хоёрдугаар цом буюу Плайт цомын төлөө “Хөх Толбот Дайчид РК” баг, “Ангууч Арслангууд РК” нар өрсөлдөж “Ангууч Арслангууд РК” 19:0 оноогоор илүүрхэн хожиж цомын эзэн боллоо.
Тойргийн тоглолтод “Хөх Толбот Дайчид РК” баг, “Ангууч Арслангууд РК” багийг хожиж байсан юм. Аваргын цомын төлөө тэмцээнийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан “Хан-Уул РК” баг, “Анхдагч чононууд РК” багтай тоглон маш ширүүн өрсөлдөөнтэй тоглож 19:10 оноогоор ялалт байгуулан Цомын эзэд болж “Цасны рагби-2016” АШТ-ий хошой аварга тодорлоо.
МРХ болон Монголын лигионер тамирчдын холбоотой хамтран лигионер тамирчдын нэрэмжит “Рагби 10 төрөлт”-ийн АШТ-ийг 2016 оны 4 сарын 2-ны өдөр зохион байгуулахаар товложээ.