Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дотуур байрны багш нар хөгжихийг хүсч байна

Э.ГАНЦЭЦЭГ

Улсын хэмжээнд 486 дотуур байр бий. Үүнд хот, хөдөөгийн 6-18 насны 32 мянга гаруй хүүхэд амьдардаг аж. Дээрх дотуур байруудад 599 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, гэр орон, эцэг эхээсээ хол өсч буй өрөөлийн хүүхдийг харж хандахын зэрэгцээ аав, ээжийн үүргийг давхар гүйцэтгэж, хүүхдийн аюулгүй байдал, сурлага, төлөвшил гэх мэт олон асуудалд анхааран ажилладаг.  Мөн дээрх 486 дотуур байрны дийлэнх нь хөдөө орон нутагт, цөөн тооны тусгай сургуулийн дотуур байр л нийслэлд байрладаг аж. Тэр дундаа орон нутаг дахь дотуур байрны 80 орчим хувь нь сумын төвд, үлдсэн нь аймгийн төвд байдаг байна.

Дотуур байрны талаар ярих бүрийд багш нарын мэргэжлийн ур чадвар хийгээд зан харилцааны асуудал сөхөгддөг. Тиймээс сүүлийн жилүүдэд багш нарыг нь  чадавхижуулахад анхаарч багагүй ажил хийж буй билээ. Өнгөрсөн жил гэхэд БСШУЯ, Норвегийн тусламжийн байгууллага хамтран “Хүүхдийн эрх-Хөгжил II” төсөл хэрэгжүүлж, Ховд, Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн дотуур байр орчин нөхцөлийг болон багш, ажилчдын харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлд багагүй ажил хийж, хэрэгжүүлсэн.

Энэ удаад Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ээс тав болон арав дахь жилдээ ажиллаж буй дотуур байрны багш нарын мэргэжил дээшлүүлэх гурав хоногийн сургалт зохион байгуулж, хөдөө орон нутгийн 30 гаруй багш хамрагдлаа. Дотуур байранд амьдарч буй хүүхэд бүрийн хөгжил, төлөвшилд багшийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, багш нар хамтарсан багаар ажиллах аргазүйд суралцах, хүүхдийн нас, сэтгэлзүйн онцлогт тулгуурласан сэтгэлзүйн зөвлөгөө хэрхэн өгөх гээд гэр бүл, олон нийттэй харилцах мэргэжил, аргазүйн чиг баримжаа олгоход сургалтын гол зорилго нь оршиж байв.

Багш нар ажил, мэргэжлийн харилцан туршлага судлах, мэргэжлийн онол, арга зүйн шинэлэг чиг хандлагаас суралцах боломж хэмээн сургалтын үр дүнг дүгнэсэн. Гурав хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан Дундговь аймгийн Өндөр-Шил сумын дотуур байрны багш Д.Урантөгс “Багш нар сургалтад хамрагдах нь цөөн. Дотуур байрны багшаар ажиллаад таван жил болж байгаа ч мэргэжил дээшлүүлэх сургалтад хоёр дахиа хамрагдсан нь энэ. Манай сум ганц дотуур байртай. Одоогоор 60 гаруй хүүхэд амьдарч байна. Тавин хүүхдэд нэг багш ногдоно гэсэн дотуур байрны журмын дагуу манайд ганц багш ажиллаж байгаа нь би. Хэдийгээр хөдөлмөрийн хуульд найман цаг ажиллана гэж заасан байдаг ч 24 цагаар хонож, өнжих нь энүүхэнд. Тэгсэн мөртлөө бид илүү цагийн мөнгө авдаггүй. Сарын 400 мянган төгрөгийн цалинтай” хэмээн ярьсан бол Баян-Өлгий аймгийн Булган сумын дотуур байрны багш Д.Жарисхан “Сумын хэмжээнд ганц л дотуур байр бий. Гурван галч, манаач, тогооч, гурван багш нийлээд 160 гаруй хүүхэд хариуцан ажиллладаг” гээд мөн л ажиллах нөхцөл тааруу, цалин бага гэдгээ хэлж байв.

Энэ удаагийн сургалт “дотуур байрны багш нарт ажил, мэргэжил гээд хувь хүнд ч олон талын ач холбогдолтой, өгөөжтэй байлаа” гэдгийг сургалтад хамрагдсан багш нар хэлсэн. Мөн хөдөө, орон нутгийн дотуур байрны багш нарт зориулсан онлайн сургалтыг БМДИ-ээс ирэх сараас эхлэн зохион байгуулах болсонд багш нар ихэд олзуурхаж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан