Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургалтын төлбөрөө ээжээсээ авахгүйг л хичээдэг

-Өнөөдөр хичээлийнхээ хажуугаар ажил хийж сургалтын төлбөр, байр сууцны үнэ хөлс, бусад бүхий л зардлаа олдог ийм нэгэн оюутан байна-

С.ЭНХ-ҮЖИН

Оюутны хотхоны ойролцоо байдаг ажлын маань дэргэд,  банкны АТМ байдаг болохоор тэнд хөл хөдөлгөөн тасардаггүйг өдөр бүрий л харна. Ихэнх үйлчлүүлэгч нь оюутнууд. Хааяа хэдэн төгрөг авахаар дугаарласан оюутнуудын ард зогсч байхад тэдний авч байгаа мөнгө нь 1000, 5000, за сайндаа 10000 төгрөг байдаг. Мэдээж л дээ, үхтэл үр харам гэдэг болохоор аав ээж нь л тэр мөнгийг илгээж байгаа хэрэг.

Эцэг, эхчүүд тэднийгээ өсгөж өндийлгөөд, сургалтын төлбөр, дотуур байрны зардлыг нь төлөөд, одоо ч бас ойр зуурынх нь хэрэглээний мөнгийг явуулж байгаа нь тэр. Хэрдээ л тансаг гар утас барьсан оюутнуудын “Ааваа, ээжээ, хэдэн төгрөг явуулаач. Утасны нэгж дууслаа, ийм ч арга хэмжээнд мөнгө хэрэг болоод байна” гэсэн яриаг оюутны аль ч дотуур байрнаас сонсч болно.
Сүүлийн үед оюутнууд аав, ээжээсээ байнга мөнгө гуйж гувшихыг болиулдаггүй юм гэхэд багасгах нэг боломж бий болсон нь цагийн ажил. Хөдөлмөр зуучлалын газар, Монголын залуучуудын холбоо, Оюутны холбоо гээд олон байгууллага энэ ажлыг дэмжиж оюутнуудыг ажилд зуучилдаг. Энэ нь ч оюутнуудад тус нэмэр болж сургалтын төлбөрөө төлчихдөггүй юм гэхэд ойр зуурын урсгал зардлаа олоод байдаг.
Гэхдээ л манай оюутнууд хэзээ аав, ээжийнхээ “өврөөс” гарч бие даах юм бол гэсэн асуулт байсаар л.... Сургуулиа төгсөөд ажил хийж эхлэхээрээ юү. Эсвэл өнөөдөр үү, маргааш уу.

Хичээл тараад л ажилдаа явдаг...

Өнөөдөр санхүүгийн хувьд бие даасан оюутан бас байна аа. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр, байрны зардал, бусад бүхий л зардлаа өөрөө олдог оюутан байна.
Энэ бол Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны дөрөвдүгээр курсийн оюутан З.Цэвэгмиджав. Хэдхэн сарын дараа сургуулийн нийгмийн ухааны багш болох энэ шавилхан бүсгүй Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат. Ээж нь барилгад ажиллаж хоёр ах, эгчийг нь өөртэй нь хамт өсгөөд одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, ах эгч нар нь айл болон өрх тусгаарлан тус тусын амьдралаа хөөсөн. Ээж нь одоо амьдралд хөл залгаж арай амжаагүй хэмээн Цэвэгмиджавыг дээд сургуулийн босго алхуулан тэтгэврийн зээл авч байж гэмээнэ анхны жилийн сургалтын төлбөрийг төлж байсан нь саяхан, ердөө гурван жилийн өмнө.

Эндээс л Цэвэгмиджав охинд “Бид бүгдийг өсгөж, өндийлгөөд өдий зэрэгт хүргэсэн, одоо тэтгэврийн хэдхэн төгрөгөөр өөрийгөө авч яваа настай эхдээ нэг их дараа болохгүй юмсан” гэдэг бодол төржээ.
Ингээд л тэрээр хоёрдугаар курсээсээ сурахынхаа хажуугаар ажил хийж эхэлж. Гэхдээ цагийнх биш бүр орон тооны ажил. Энд тэнд бага бага хугацаагаар ажиллаж байгаад гуравдугаар курст орох жилээ pizza hut-д ажиллах болсон байна.
Одоо тэрээр үдээс өмнө хичээлдээ суугаад тармагцаа л ажилдаа яарна. Пиццаны гурил зуурч, ногоо хэрчин юу хий гэснийг нь л хийж, хийснээрээ цалин авч, оройноос шөнийн 01 цаг хүртэл ажилладаг ч хичээл, ажил гээд аль алийг нь цалгардуулахгүй амжуулсаар л....

“Ээж маань надад бага мөнгө зарцуулж харин өөртөө их зарцуулдаг байгаасай гэсэндээ ээждээ бага ч болов тус нэмэр болохыг боддог” гэж ярих энэ оюутны тухай түүнд дөрвөн жил хичээл зааж байгаа багш М.Саранцэцэг нь   “Оюутнууд ихэвчлэн л ар гэрээсээ мөнгө төгрөг авч сурдаг шүү дээ. Харин манай Цэвэгмиджав ар гэрийнхээ ачааллыг багасгаж өөрөө ажил хөдөлмөр хийн төлбөрөө төлөх гэж хичээж явдаг нэгэн. Ингэж сурахынхаа зэрэгцээ ажил хийлээ гээд сурлага нь дордож муудаагүй урьдынхаа л адил мэрийж хичээдэг хэвээрээ” гэж ярьж байна.

Үнэхээр ч багшийнх нь хэлснийг батлах гэсэн шиг түүний сурлагын голч үнэлгээ 3,8, ингэснээрээ ч тэтгэлэг дээрээ нэмэгдэл авч сургалтын төлбөртөө нэмэрлэдэг гэнэ.
Хичээл тараад л шууд ажилдаа очно, шөнө тараад Чингэлтэйн долоон буудал дахь гэр, өглөө хичээл........ Энэ бол Цэвэгмиджавын өдрийн дэглэм, явдаг зам.

Залуу насны сонирхол яахав

Өнөөгийн оюутан, залуу хүмүүст цаг үетэйгээ нийлэх, үдэшлэг уулзалт цэнгүүнд явах, кино үзэх, аялал зугаалга гээд үеийнхэнтэйгээ хамт байх цаг зав шаардлагатай нь мэдээж. Энэ бүхний гадна байна гэдэг нэгэн бодлын харамсалтай.

Хэдийгээр Цэвэгмиджав нэг их зожиг, амьтнаас этгээд хүн биш ч үнэндээ хичээл, ажил гээд чөлөөт цаг тун бага.
Сүүлийн үеийн оюутан залууст маань чөлөөт цагаараа оюун ухаанаа хөгжүүлэх газар цөөхөн байгаа ч наргиж цэнгэх газар олон төрлөөрөө өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг хотын хаанаас ч харж болно. Иймд оюутнууд ээж, аавынхаа өгсөн хэдэн төгрөгөөр ч бай өөрийн олсон орлогоор ч бай ямартай ч наргиж цэнгэхээ нэг их хойш тавьдаггүй нь  анзаарагддаг.

Иймээс З.Цэвэгмиджавыг найз нөхөдтэйгээ цагийг хэр өнгөрөөдөг талаар сонирхвол ”Хичээл тараад ажилдаа явна, ажлаасаа гэр рүүгээ явдаг болохоор найзуудтайгаа тэр болгон уулзаад байх цаг гардаггүй. Уг нь би найзуудтай байж, тэдэнтэйгээ уулзан цагийг өнгөрөөж ярилцах дуртай л даа. Даанч ард ажил хүлээж байдаг болохоор явдаг даа. Миний хувьд найз нөхөддөө цаг гаргах нь тун бага. Кино үзэлгүй бас л нэлээд удаж байна” гэж ярилаа.

Харин дөнгөж хорь гарч яваа энэ залуу бүсгүй “хэр тансагладаг” бол. Мэдээж нүүрний будаг, үнэртэй ус, хувцас хунарт их мөнгө зарлагаддаг байх даа хэмээн бодогдож хэрэгт дурлан энэ тухай зүрхлэн асуухад  “гаднах үзэмж чухал ч гэсэн түүнээс илүү цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг илүү чухал гэж боддог. Ойр зуурын хэрэгтэй хэрэггүй зүйлд нэг их мөнгө үрэхийг боддоггүй. Үнэхээр авмаар санагдсан ч хэр чухлыг бодож үздэг. Ер нь хувцас хунар, утас хэрэглээнд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Гар утас гэхэд л  хоёр жил барьж байгаа сүүлийн үеийнх биш ч мессэж бичиж, ярьж, интернэтэд орж хэрэглээ хангаад байдаг болохоор солихыг боддоггүй. Харин ном л их худалдаж авдаг даа” хэмээн даруухан гэхээсээ илүү хэрсүү хариулж байсан юм.

Үнэхээр эмэгтэй хүний нүдээр түүнийг сонжин харж байхад нэг их илүү тансаг сайхан биш ч, хэнээс ч  дутуугүй цэвэрхэн хувцаслаж, барьсан цүнх, гар утас нь үеийнхээ охид бүсгүйчүүдээс дутаад байх юмгүй л харагдаж байсан.
Хөлслөн суудаг байр нь Долоон буудалд гэснийг сонсоход ажил, сургууль, гэр нь бас ч тийм ойр биш аж. Ингээд бодохоор автобус унаанд ядран хичээлээ таслахгүй юм гэхэд хожимдох, цалгардуулах явдал гардаг болов уу хэмээн бодож байтал ангийнх нь оюутан О.Энхтуул “Хичээлийн хажуугаар ажилладаг оюутнууд хичээлдээ тааруухан болох явдал харагддаг. Харин манай Цэвэгмиджав хичээлийн хажуугаар ажилладаг ч хичээлээ тасалдаггүй, тэгээд ч хичээлдээ сайн хэвээрээ байгаа. Их хичээнгүй ажилсаг хүүхэд” гэж ярьсан юм.

Өөрийгөө “даачихвал”  ээждээ тус болж байгаа минь тэр

Сурлага сайтай, үүнийхээ хүчинд нэмэгдэлтэй тэтгэлэгтэй, тэгээд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд чамгүй цалин авчихдаг энэ оюутан тэтгэвэрт гарсан ээждээ хэр нэмэр болдог тухай сонирхоход “Одоохондоо ч олж байгаа минь сургалтын төлбөр, байрны зардал энэ мэтээс илүү гарахгүй л байна. Юутай ч тэтгэвэрт гарсан настай эхээсээ байнга биш юм гэхэд жил бүр сургалтын төлбөр, ойр зуурын мөнгө нэхээд байхгүй байвал тус болж байгаа минь тэр гэж боддог. Харин алсдаа өөртөө хуримтлалтай болохыг боддог. Ажил хөдөлмөртэй залгах, цаашлаад байр сууц гээд бодох л хэрэгтэй болох байлгүй” гэж сууна.
Автобус унааныхаа мөнгийг төрөөр даалгачихдаг, дээрээс нь сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг аваад түүгээрээ баар зоогийн газарт цэнгэж, РС тоглоом тоглоод л наргиж явдаг хэмээн нийгмээс байнга л зэмлэл, шүүмжлэл хүлээж байдаг манай орны 170 гаруй мянган оюутны дунд ийм нэгэн бүсгүй ирээдүйн нийгмийн ухааны багш болох гээд сургууль, ажил гэр гурвын хооронд цаг нартай уралдан “чардайж” явна.

0 Сэтгэгдэл
Amjilt husiye
Sain ohin bna eejdee achaa bololgui ooriigoo bolovsroltoi bolgoh gej hicheej bgaa ni taalagdlaa. Amjilt husie
та нар зүгээр л сансарт камэр тавиад хараарай залуу үе чинь хэрхэн архинд донтон машинтай залуус согтуу охидуудыг ангуучилахыг хар үр хүүхэд дүү нар чинь тэнд явж д байгаа
saihan hellee
Gadaad orond syrch mongol outnuud ixenx ni iimerxyy baidlaar suraxiinxaa xajyygaar ajil xiij bas deerees ni ger lyygee menge yavyyldag shyy dee
ЗАЛУУ ҮЕ ИЙМ БАЙЖ Л МОНГОЛ ОРНЫ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ ХАРАГДАНА. ШОУЧИД ИХДЭЭД fb-ЭЭР ХЭСЭГЧИД ИХСЭЭД Л БАЙВАЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ Л ХАРАГДАНА. САЙН ОХИН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ
saihan hellee
Хамгийн их уншсан