Б.БУЯНДАЛАЙ
Паралимпын XVI их наадам Япон улсын Токио хотод 2020 онд болно. Тус олимпын Монголын багийн элчээр Япон улсын эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий алтан туяа” зэрэглэлийн одонт, Монгол Японы соёл утга, зохиолын төвийн тэргүүн Д.Төмөрбаатарыг өчигдөр томиллоо.
Тэрээр “Өчүүхэн намайг тоож элчээр томилсонд баярлалаа. Монгол, Японы улс төр, соёлын харилцаа олон жилийн түүхтэй. 2020 оны паралимп Япон улсад болох гэж байгаа нь их сайхан завшаантай үйл явдал. Зөвхөн медаль авах бус Монгол, Японы хамтын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь чухал. Би пара тамирчдаараа их бахархдаг. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч түүнийгээ үл тоон, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын төлөө зүтгэж байгаа баатрууд. Тэдэнд эрүүл тамирчдаас илүү их тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг байх. Тамирчдадаа амжилт хүсье” гэлээ. Мөн “Рио-2016” паралимпын Монголын багийн ахлагчаар Монголын паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоог томилсон юм.
Мөн энэ үеэр Монголын паралимпын хороо, “Talk Talk English” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурав. Тус сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа “Манай төв чамгүй олон спортын холбоотой хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулсан. Өнөөдөр паралимпын хороотой хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Тамирчид олон улсын тэмцээнд амжилт гаргахад хэлний мэдлэг их чухал. Учир нь зөвхөн тэмцээний үеэр гэлтгүй энгийн харилцаанд ч бусадтай харилцах шаардлага гардаг. Ялангуяа шүүгч, тэмцээний зохион байгуулагчдаас асуух зүйл их гардаг шүү дээ. Би ширээний теннисний тамирчин байсан хүн. Тамирчин хүний жаргал, зовлонг сайн мэднэ. Шүүгчтэйгээ ойлголцож, өөрийн санаа бодлоо илэрхийлж чадахгүй байгаа нь зарим тамирчны амжилтад их нөлөөлдөг. Тиймээс хэл сурах нь их чухал. Хэлтэй бол хөлтэй гэдэг яах аргагүй үнэн үг шүү” хэмээн онцолсон юм.
“Рио-2016” паралимпын наадам ирэх есдүгээр сард Бразиль улсад болно. Одоогоор манай тамирчдаас тус наадамд оролцох эрх байт харвааны төрлөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр, буудлагын төрлөөр З.Ганбаатар, пауэрлифтингээр Э.Содномпилжээ, хөнгөн атлетикаар Г.Цогтгэрэл, жүдогийн 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат нар аваад байгаа билээ.
Д.Сүрэнхорлоо: Олимпын 2-3 эрх нэмж авах зорилготой
Энэ үеэр Монголын паралимпын хорооны дэд ерөнхийлөгч, “Рио-2016”-гийн Монголын багийн ахлагч Д.Сүрэнхорлоотой цөөн хором ярилцлаа.
-Энэ онд манай тамирчид “Рио-2016”-гийн эрх олгох хэчнээн тэмцээнд оролцох вэ?
-Одоогоор олимпын эрх олгох гурван тэмцээн үлдээд байна. Хөнгөн атлетикийн төрөлд Бээжингийн цом, байт харвааны гран при, усанд сэлэлтийн олон улсын тэмцээн бий. Байтаар гурав, хөнгөн атлетикаар дөрөв, усанд сэлэлтийн төрөлд нэг тамирчин оролцоно. Байтын тамирчид Өвөрмонголд, хөнгөн атлетикийнхан эх орондоо бэлтгэлээ базааж байна.
-Одоогоор долоон тамирчин паралимпын эрх аваад байна. Нэмж хэчнээн эрх хүртэх боломж байгаа вэ?
-Хөнгөн атлетик, байт харваагаар 2-3 олимпын эрх авахаар зорьж байна. Мөн усанд сэлэлтээр ч эрх авах боломжтой. Хэрвээ эрх авч чадахгүй бол цагаан хуудсаар олимпод оролцох боломж их ойрхон байна. Мөн 2018 оны өвлийн паралимпод уулын болон гүйлтийн цанаар эрх авахаар төлөвлөсөн. Одоогоор энэ төрлөөр хоёр тамирчин бэлтгэл хийж байгаа.
-Та “Рио-2016”-гийн Монголын багийн ахлагчаар сонгогдлоо. Ямар зорилго өмнөө тавьсан бол?
-Спортын 5-6 төрөлд 7-9 тамирчинтай оролцож, 1-2 медаль авахаар тооцоолж байна. Мөн “Токио-2020” паралимпод оролцох тамирчдын ерөнхий төлөвлөгөө, бэлтгэл ажил эхэлсэн. Ирэх тавдугаар сараас Токио хотын нэлээн олон мужтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөсөн.