Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энх цагийн эх орончид буюу практик сэтгүүлзүйн “багш” нар

Э.ГАНЦЭЦЭГ

Энэ өдөр бол өмөлзөж харамлах бүхнээ өр зүрхэндээ тээж, үүрэх ачааны хүндийг дааж явдаг эр хүн, эр цэргүүдийн баярын өдөр. Айл, албан байгууллага, хамт олон бүр “Монгол цэргийн өдөр” буюу бидний нэрлэж заншсан “Цэргийн баяр”-аар эрчүүдээ баярлуулж байгаа нь лавтай. “АSSA media group”-ын бүсгүйчүүд ч эр цэргийн баяраар эрчүүдээ баярлуулахын зэрэгцээ багахан “шоглочихдог” уламжлалтай.

Шоглодог гэдэг нь нийгэмд тустай үйл бүтээлгэж, энх цагт эх орноо батлан хамгаалах “даалгавар” өгдөг хэрэг.  Тухайлбал, 2012 оны энэ өдөр “Ардчилал” сонины эрчүүд цэргийн ангид “алба хааж” байсан бол 2013 онд цэцэрлэгийн багш болж, бүтэн өдрийн турш живх солихоос өгсүүлээд жирийн үед хийгээд байдаггүй “асрагч”-ийн ажилд дайчлагдсан. Харин өнгөрсөн жилийн хувьд хүнсний манлай үйлдвэр “Талх чихэр” ХК-ийн талх, нарийн боовны цехэд ажиллаж, хүнс үйлдвэрийн салбарт хөлс хүчээ зориулсан.

Тэгвэл энэ жил эрчүүд маань ардын сургуульд багшлах “томилгоо” өвөрлөж Монгол Улсын их сургуулийг зорьсон юм. Сэтгүүлч бид өдөр бүр өрөөлийн тухай ярьж, бичиж хэвлэлийн шар хуудсаар олны үгийг дайж, нийгэм, нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд гар бие оролцдог. Үүнтэй адил өчигдөр манай эрчүүд их сургуулийн оюутан залууст мэргэжлийнхээ дагуу багшлав.
Монгол Улсын их сургуулийн Т.Өнөрсайхан багштай сэтгүүлзүйн гуравдугаар дамжааны оюутнуудад практик сэтгүүлзүйн хичээл орсон манай эрчүүд “даалгавар”-аа амжилттай биелүүлсэн.

“Монголын сэтгүүлзүйн салбарын өнө хойчийг өртөөлөн авч явах их хувь заяа та бүгдэд оногджээ. Үзэг тань хурц, үг тань үнэн байг” гэсээр манай ахмад сэтгүүлч Х.Өлзийбаяр хичээл эхэлснийг зарлав.

Тэрээр “Залуу сэтгүүлчдэд практик дадлага дутмаг улмаас ажил дээр гараад олон асуудалтай тулгардаг. Бидний цаг гучин минутын хичээл ажлын дөртэй болоход бага ч атугай нэмэр болох болов уу” гээд Нийгэм, эдийн засгийн албаны сурвалжлагч Л.Хатанбаатарыг салхи хагалж, ажил, мэргэжлийн туршлагаасаа оюутан залуустай танилцуулахыг хүсэв. “Ардчилал” сонины ахмад сэтгүүлч Х.Өлзийбаяр “ММ” агентлагаас аваад хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.

Дунд үеийн сэтгүүлчдийн төлөөлөл болсон Нийгэм, эдийн засгийн албаны сурвалжлагч Л.Хатанбаатар “Манай алба улс төр, урлаг соёл, спортоос бусад чиглэлийн мэдээлэл бэлтгэдэг. Тиймдээ ч сэтгүүлчээс өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаарддаг” гээд жилийн дараа ажлын талбарт гарахаар зэхэж буй залуу үеийнхэнд “Аливаа зүйлд шантрах хэрэггүй. Сүүлийн үед албан байгууллага гэлтгүй хувь иргэнээс мэдээлэл авахад ч ярвигтай болсон. Сэжүүрийн дагуу нэг газраас мэдээлэл авахаар очдог ч “Дарга мэднэ” гэх үгээр ам тагладаг. Ингээд даргын үүдийг нэг, хоёр цагаар сахиж сууна. Ажил дээр гарахад энэ мэт олон саад бэрхшээл тулгарна. Энэ бүхнээс шантралгүй урам зоригтой ажиллаарай” хэмээн захив.

Түүний дараа улс төр, гадаад мэдээллийн албаны сурвалжлагч, өдөр тутмын сонинд дөрвөн жил ажилласан туршлагатай бие жижиг ч бэлчээр том Б.Ширнэн өөрийгөө танилцуулав. “Хичээл заана гэхээс илүүтэй та бүхний асуултад хариулах нь оновчтой болов уу” гэж даруухан загнаад, халаагаа спортын сурвалжлагч Ц.Буяндалайд шилжүүлэв. “Ухаан ихт үг цөөн” гэдэг үг манай хүнд л зориулагдсан  гэмээр.

“Намайг Буяндалай гэдэг. Спортын чиглэлээр дагнан бичдэг. Өнөө үед хүмүүс цахим орчноос мэдээллээ авах нь их болж. Тиймээс хэвлэмэл бүтээгдэхүүн цахим орчин дахь мэдээллээс агуулга, бичлэгийн ур чадварын хувьд өрсөлдөх шаардлага гарч ирсэн. Мэдээж хурдын хувьд сонин хэвлэл цахим мэдээллийн хэрэгслийг гүйцэхгүй. Тиймээс сонин хэвлэлийн сэтгүүлчид болсон үйл явдлыг мэдээлэхээсээ илүүтэй дүгнэж, цэгнэж, өөрийн үзэл бодлоор шүүн, тунгааж бичих нь уншигчдад ч илүү наалдах болов уу. Мэдээж мэдээнээс бусад төрөл зүйлийн хувьд шүү дээ” хэмээн цааш нь “Та нарт гэж захихад, ажлын гараагаа өдөр тутмын сониноос эхлүүлээрэй. Яагаад гэвэл, сайтууд цаг, минут, секундтэй уралддаг ч чанар гэдэг зүйлийг орхигдуулдаг. Эсрэгээрээ сонин хэвлэл уншигчдад юу өгөх вэ гэдэг дээр анхаардаг. Маргаашийн дугаараас өөрийн автортай материалыг хараад маш их урам авдаг” гэв. Мөн “товч хийгээд чамин бичихийг хичээгээрэй” гэж ирээдүйн өрсөлдөгч нартаа аминчлан захив. “Жижиг зайд өөрийн санааг шигтгэж сурах хэрэгтэй. Сонин эргүүлж, сайт руу орохдоо эхлээд гарчигийг нь харна. Хэрэв анхаарал татвал үргэлжлүүлнэ, үгүй бол орхичихдог шүү дээ. Уншигчид маш залхуу болж. Жижиг хэмжээтэй материал уншигчдын анхаарлыг татдаг болсон. Тэгэхээр одооноос та нар бага зайд бичиж сураарай” гэв.

Нэгнээсээ ярилцлага авч, түүнийгээ буулгаж үзэхийг зөвлөсөнд оюутнууд их л олзуурхаж байв. Шаг, шаг гэсэн энэ шаггүй залуу спорт гэхээр нүд нь сэргэж ирдэг, спортын салбараа а, б-гүй мэддэг нэгэн. 

Өндөр туранхай ч, тал талын өргөн мэдлэгтэй Урлаг соёл, танин мэдэхүйн албаны сурвалжлагч бол Ж.Гэрэлчулуун. “Оюутны ширээнээс “Ардчилал” хэмээх их айлын гал голомтод багтаж, гурван жил овоглож явна. Миний ажилласан жил зөвлөгөө өгөх хэмжээнд хүрэхгүй л болов уу. Оюутан байхдаа ямар их боломж алдсанаа одоо л мэдэрч байна. Тиймээс та нар оюутан байх хугацаандаа өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж, өөрийгөө хөгжүүлээрэй” гээд Урлаг соёл, танин мэдэхүйн албаныхаа онцлогийг ярьж өгөв. “Алба бүр өөрийн гэсэн онцлогтой. Улс төр, эдийн засаг, нийгмийн алба хүний тархи руу мэдээлэл дамжуулдаг бол манай алба уншигчдын сэтгэл рүү ханддаг. Тэр хэрээрээ сэтгүүлчээс мэдрэмж, хөг шаарддаг. Хэвлэлийнхэн урлаг, соёлын чиглэлээр бичдэг сэтгүүлчид хөгждөггүй гэж ярьдаг ч аль ч чиглэл рүү хөрвөх чадвартай байдаг юм. Мөн бичлэгийн олон төрлөөр бичих боломжтой” гээд сэтгүүлч хүнд авьяас хийгээд найруулан бичих ур чадвар зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг ч хэлээд амжив. Энгийн, эсвэл этгээд гэх аргагүй, урлаг соёл, спортын албаны өнгө, төрх болж яваа Ж.Гэрэлчулуун “Өдөр  тутмын сонин хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн  гал тогоо. Хэдийгээр мэдээллийн хэрэгсэл төрөлжих хандлага руу явж байгаа ч, сонин хэвлэл байсан, байгаа, байх ч болно” хэмээн хэвлэмэл бүтээгдэхүүний үнэ цэнийг гайхалтай сайхан тодорхойлсон.

Манай сонины гэрэл зургийн сурвалжлагч Ү.Одбаяр 2008 оноос сонинд ажиллаж эхэлсэн нэгэн. Хүүхэд ахуй наснаасаа гэрэл зураг сонирхож, сэтгүүлч мэргэжлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж төгссөн. Дадлагад гарч, мэдээ, сурвалжлага бэлтгэж явахдаа  гэрэл зураг авах нь илүү дөхөм санагдаж, гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллах болж. Тэрээр хэвлэлийн гэрэл зургийн онцлог, үнэ цэний талаар олон түүх, баримт дээр жишээлэн ярьж өгсөн нь оюутнуудад өгөөжтэй сайхан яриа болсон.

“2000 оноос өмнөх гэрэл зургийн сурвалжлагчид гуравхан кадр дарах эрхтэй байлаа. Тухайн үед гэрэл зургийн хальс ч үнэтэй байж. Нэг сонины гэрэл зургийн сурвалжлагч ярилцлаганы зурганд гурван кадрын эрхтэй яваад ирснийхээ дараа хальсаа угаалгаад харсан чинь нөгөө хүн нь гурвууланд нь нүдээ аньчихсан байсан гэдэг. Тэгээд аль гайгүй зургийг нь ярилцлагатайгаа хамт нийтэлж байсан түүх бий. Гэтэл бидэнд үүнээс илүү асар их боломж байна. Бид илүү нээлттэй ертөнцөд амьдарч байна шүү дээ. Гэрэл  зураг 1000 үгнээс ч илүү ихийг өгүүлдэг гэдэг. Хэдийгээр сэтгүүлч хүн бүр гэрэл зураг авдаг байх шаардлагагүй ч сайн гэрэл зураг, хэвлэлийн гэрэл зураг гэдгийг мэддэг байх хэрэгтэй” гээд гэрэл зургийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй ярьж өгсөн. 

Гэрэл зураг, тэр дотроо баримтат гэрэл зургийн үнэ цэнийг “Судан дахь өлсгөлөн” хэмээх гэрэл зургийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын хэлхээсээс ярьж өгч, гэрэл зургийн үнэ цэнэ, ач холбогдлыг сайтар ойлгуулах шиг болсон. Оюутнууд түүний ярианд идэвхтэй оролцож, ярилцаж байлаа. Тэрээр “эх бичвэр, гэрэл зураг хоёр нэг санааг илэрхийлэх хэрэгтэй. Мөн нэгнийхээ орхигдуулсан санааг нөгөө нь гүйцэлдүүлдэг байх, мөн сайн гэрэл зургийн амин сүнс нь агуулга” гэдгийг оюутнуудад ойлгуулах шиг болов. 

Монгол Улсын Их сургуулийн сургалтын систем өөрчлөгдөж, хичээлээ сонгон суралцдаг болсон. Ингэснээр сэтгүүлзүйн гуравдугаар ангийнхнаас 21 хүүхэд “Практик сэтгүүлзүй” хичээлийг сонгон суралцаж байгаа аж. Харин өнөөдөр (өчигдөр) тэн хагасаас илүү нь манай эрчүүдийн хичээлд суусан нь нуулгүй хэлэхэд чамлахаар санагдав.

Ийнхүү дунд, залуу үеийн сэтгүүлчдийн дараа ахмад сэтгүүлч Х.Өлзий “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгад гарч буй түгээмэл алдаа” сэдвээр телевиз, сонин, сэтгүүлийн жишээнээс иш татаж, лекц уншив. Тэрээр угийн нямбай, зарчимч зангаараа хичээл орох сэдвийн хүрээнд эх материал бэлдсэн нь хичээл дууссаны дараа оюутнууд булаалдахад хүргэсэн. Түүний татсан жишээ бүр өнөөгийн сэтгүүлчдийн хэл найруулга ямар байгааг харуулж, залуу үеийнхэнд үлгэрлэхгүй байхыг сануулсан хэрэг байлаа.

Ингээд олон сэдвийн хүрээнд нээлттэй, харилцан ярилцаж, оюутнууд манайхны хэлсэн үг бүрийг анхааралтай сонссон болоод ч тэрүү завсарлагааны цаг дөхснийг ч анзаарсангүй. Өлзий ах “1990-ээд оноос хойш найруулал, аян замын тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг бичлэгийн томоохон төрөл зүйл алга болсон. Ур ухаан, авьяас чадвар шаардсан бичлэгийн тэр сайхан зүйлсийг шинэ, залуу үеийнхэн та нар эргэн сэргээх учиртай юм шүү” гэсээр хичээлээ өндөрлүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан