А.АКЭРКЭ
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Цолмончимэгээс ЭЕШ-тай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар бүртгэл хэдэн хувьтай байна вэ?
-Бүртгэлийн хугацаа 30 хувьтай явж байна. 40 гаруй мянган хүүхэд бүртгүүлэхээс 6000 нь бүртгүүлсэн. Ирц сайтай байгаа гэж ойлгож болно.
-ЭЕШ-ын хуваарь гарсан байгаа. Гэсэн хэдий ч нэг зүйл ойлгомжгүй байна л даа. Юу гэхээр монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн хүүхэд л ЭЕШ өгөх ёстой. Гэвч хуваарь ёсоор бол зургадугаар сарын 15-нд монгол хэл, бичгийн шалгалт, 16-нд ЭЕШ-ууд эхэлж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Энэ жилээс эхэлж батламж хуудсыг монгол хэл, бичгийн шалгалт бас өгдөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хэл, бичгийн шалгалтад, ЭЕШ-д гээд хоёр батламж хуудас хүүхдүүдийн гар дээр очино. Монгол хэл бичгийн шалгалтын батламжийг долдугаар сарын 1-5-ны хооронд тараана. Хэрвээ тухайн үед тараах батламж хуудас дээр хүүхдүүдийн оноо 400 хүрээгүй бол энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн үг.
-Тэгэхээр ЭЕШ-даа хэчнээн өндөр оноо авсан ч гэлээ Монгол хэл, бичгийн шалгалтын онооны босгыг даваагүй бол их, дээд сургуульд элсэн орж чадахгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ ЭЕШ-ын батламж хуудас 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна. Тэгэхээр монгол хэл, бичгийн шалгалтаа муу өгөөд, ЭЕШ-аа амжилттай өгсөн тохиолдолд ирэх жил зөвхөн монгол хэлний шалгалтаа л өгнө гэсэн үг. Харин эсрэгээрээ монгол хэл, бичгийн шалгалтаа сайн өгөөд ЭЕШ-даа хангалттай үнэлгээ аваагүй бол ирэх жил ЭЕШ-аа өгөхөд л хангалттай. Учир нь, монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудас мөн адил 2,5 жилийн хугацаанд хүчинтэй.
-Сүүлийн үеийн алдаа засагч машиныг ашиглана гэсэн. Ямар ид, шидтэй машин юм бэ. Хариултын хуудсын загварыг өөрчилж, балын харандаагаар бөглөх болсныг эцэг, эхчүүд нэг их таашаахгүй байгаа. Дараа нь засвар хийж мөнгө олох гэсэн арга гэж харах нэгэн ч байна?
-Олон улсад ашиглаж буй алдаа засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх гэж байгаатай холбогдуулан зарим нэг өөрчлөлт орсон. Өмнөх жилүүдэд хүүхдүүд хариултын хуудсаа цэнхэр, хар өнгийн үзгэн балаар тэмдэглэдэг байсан. Харин энэ жилээс эхлэн балын харандаагаар бөглөх юм. Хүүхдүүдийн хувьд ямар давуу талтай вэ гэхээр анхаарал болгоомжгүйгээсээ болоод буруу дугуйлсан тохиолдолд арилгах боломжтой. Мөнгө олох гэсэн хэрэгсэл гэж харж болохгүй. Манай төв нууцлалыг маш өндөр хяналт дор хийдэг. Тэгэхээр хардаж, сэрдэхээс авахуулаад нэг их ач холбогдол өгөх хэрэггүй зүйл.
-Орон нутгийн төгсөгчдөд ЭЕШ-тай холбоотой мэдээлэл өгч байгаа гэсэн. Төгсөгчид ихэнхдээ ямар асуудлыг асуудаг вэ?
-Өнгөрсөн сарын 15-наас бүртгэл эхэлсэн шүү дээ. Харин 17-ноос нь эхэлж манай мэргэжилтнүүд нийслэлийн сургуулиудаар явж мэдээлэл өгсөн. Бүх сургууль хамрагдсан. Тэгэхэд бүртгэлтэй холбоотой асуудлыг маш ихээр асууж лавлаж байсан. Түүнчлэн энэ жилийн журамд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Хөдөө орон нутгийн Боловсролын газрын манай бүртгэгчид сургалт хийдэг.
2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ