Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Өдрөөс өдөрт цахимжиж буй өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөж, мэдээлэл, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр хөдөлгөөний хомсдол нэмэгдэж, хүний бие бялдрын хөгжлийн үзүүлэлт буурч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Үнэхээр ч өдөр тутмын амьдралаа анзаарч нэг харвал интернэт хэрэглэгчдийн тоо эрс өсч, тэр хэрээр компьютер, ухаалаг утасны хэрэглээ ч нэмэгджээ. Тиймээс ДЭМБ, НҮБ, Олон улсын олимпын хорооноос улс үндэстнүүдийн төр засгийн удирдлагуудад ард иргэддээ биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдүүлж хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл аж төрөх арга барил, зан үйл төлөвшүүлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр” хэрэгжүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургууль, аж ахуй нэгж, албан байгууллагуудыг ажилтан албан хаагчдаа спортоор хичээллэх орчин нөхцөлөөр хангах, баг, клубийн тогтолцоог нэвтрүүлэн ажиллахыг уриалсан. Харамсалтай нь эл үүрэг, уриалга хөрсөн дээр бууж, биеллээ олж буй нь цөөн. Гэвч уулын мод урт богинын адил байгууллага, хамт олныхоо дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулж хэвшсэн нь бий. Эдгээрээс онцолбол эрүүл, спортлог хамт олон бүрдүүлж чадсан “Женко” группийг дурдаж болно. Жил бүр уламжлал болон зохиогддог “Женко” группийн спортын наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд “Буянт-ухаа” спорт цогцолборт болж “Талх чихэр”, “Мах импекс”, “Милл хаус”, “Хиам консервийн үйлдвэр”, “Том Бат” тэргүүтэй хүнсний үйлдвэрүүд болон “Баянгол” зочид буудал, “С1” телевизийн баг тамирчид хурд хүчээ сорилоо.
“Женко-Эв нэгдэл” уриан дор зохиогдсон спортын наадмыг сурвалжилж явахад энэ жилийн тэмцээн илүү өргөн хүрээ хамарч, өндөр зохион байгуулалттай болж буй нь харагдаж байв. Тэмцээнд долоон багийн 250 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр 97 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тодруулбал, шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн дөрвөн төрөлд аваргуудаа тодруулсан.
“Женко” группийн харьяа байгууллагуудын ихэнх нь хүнс үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдгийн хувьд энэ жилийн наадмыг ирэх сарын эхээр тохиох Хүнсчдийн баярыг тохиолдуулан хийж буйгаараа онцлогтой. Дөрөв дэх жилдээ болж буй спортын наадмын зохион байгуулалт энэ жилээс өөрчлөгдөж, тухайн жилийн тэмцээн уралдааныг хоёр компани хариуцан зохион байгуулж байхаар тогтсон тухай “Талх чихэр” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, “Женко-Эв нэгдэл” наадмын зохион байгуулах комиссын ахлагч И.Өлзийбаяр хэлж байв.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад нийлбэр дүнгээр “Талх чихэр” ХК-ийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон. Харин сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд “Баянгол” зочид буудлын хамт олон аваргалж, эмэгтэйчүүдийг “Талх чихэр” ХК-ийн баг тэргүүлсэн. Мөн хамгийн өрсөлдөөнтэй тоглолтууд гарсан гар бөмбөгийн төрөлд “Талх чихэр” компанийн эрэгтэй, эмэгтэй багууд өнгөлсөн бол ширээний теннисийн аваргаар эрэгтэйчүүдийг “Баянгол” зочид буудлын тамирчин тэргүүлж, эмэгтэйчүүдийн төрөлд “Мах импекс” ХК-ийн тамирчин ялсан. Тэмцээний эхний өдөр зохиогдсон шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Мах импекс”-ийн хамт олон тэргүүлсэн бол ур ухаан, уран нүүдлээ уралдуулсан бүсгүйчүүдийг “Талх чихэр”-ийн тамирчин тэргүүлсэн. Түүнчлэн, медальт байрт шалгарсан баг тамирчдад шагналыг нь гардуулахаар 1968 оны Мексикийн олимпын хүрэл медальт, Ардын багш, дасгалжуулагч Ч.Дамдиншарав тэргүүтэй тив, дэлхийн медальтнууд хүрэлцэн ирсэн байв.
Ж..Чинзориг: “Талх чихэр”, “Мах импекс” болон манай үйлдвэр иж бүрэн фитнесс клуб байгуулсан
Тэмцээний үеэр “Милл хаус” үйлдвэрийн захирал Ж.Чинзоригтой ярилцлаа.
-Энэ жил сагсан бөмбөгийн төрөлд багууд идэвхтэй оролцож байгаа харагдлаа. Тэр хэрээр өрсөлдөөн ч ширүүн байна?
-Тиймээ, ер нь жилээс жилд оролцох баг тамирчдын тоо нэмэгдэж байна. Манай үйлдвэрийн хувьд наадмын дөрвөн төрөлд дөрвүүлэнд нь оролцож байна.
“Нүүдэл-тэжээл” үйлдвэрээ ашиглалтад оруулаад удаагүй учир хүн хүчний хувьд арай өргөжиж 200 гаруй ажилтантай болсон.Тиймдээ ч тэмцээнд оролцох сонирхолтой нь олон болж. Ямар сайндаа л сагсны тэмцээнд хоёр баг орж байхав.
-Сагсан бөмбөгөөр хичээллэж байсан хүний хувьд багаа өөрөө дасгалжуулсан байх?
-Ер нь, манай ажилтан албан хаагчид долоо хоног бүр заал авч хичээллэдэг. Яахав, өөрт арай ойрынх нь хувьд сагсны багаа дасгалжуулж, боломжоороо заавар зөвлөгөө өгч, бэлтгэл сургуулилтаа хангасан даа.
-Энэ жилийн тэмцээн Хүнсчдийн баярыг угтан зохион байгуулснаараа онцлог болж байна?
-Энэ жилийн тэмцээн ганц нэг зүйлээр онцлогтой болж байна. Өөрийн чинь хэлснээр Хүнсчдийн баяраа угтан хийж буйгаараа онцлогтой. Цаашдаа ч жил жилийн наадам энэ үеэр буюу баяраа угтан хийгдэх байх.
Мөн зохион байгуулалтын хувьд тухайн жилийн наадмыг хоёр компани хамтарч хийхээр болж, энэ жил “Талх чихэр”, “Махимпекс” хамтран зохион байгууллаа. Түүнчлэн, уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн тэмцээн болохоор уур амьсгалын хувьд ч өөр байдаг. Хэдий өөр өөр үйл ажиллагаа, зорилго чиглэлтэй байгууллагууд ч гэлээ спортын талбарт өрсөлдөж тэр хэрээр баг тамирчид маань танилцаж нөхөрлөх нь их. Энэ мэт эерэг нөлөөлөл ихтэй. Хараад байхад ирэх жилээс илүү өргөжүүлэх тал дээр анхаарах нь зөв санагдлаа. Ирэх жил манай үйлдвэр зохион байгуулах ажилд оролцох байх. Энэ жилийн хувьд баг, тамирчид маань л оролцож байгаагаас хөгжөөн дэмжигч, үзэгчдийн хувьд учир дутагдалтай байна. Яахав, үйлдвэрийн ажил цаг нар муу байдаг нь ч үүнд нөлөөлж байгаа байх. Магадгүй ирэх жилийн тэмцээнийг нэг өдөр товлоод бүх ажилчдаа амрааж, нэгдсэн журмаар хамруулж болох юм.
-Спортын төрлийг нь нэмэгдүүлэх тухайд?
-Энэ жил хөнгөн атлетикийн гурван төрөлт нэмж оруулах тухай яригдсан ч хойшлуулчихлаа. Түүнээс тэмцээний төрлийг нэмэгдүүлэх шаардлагаар хийгдэх ажил юм. Ирэх жилээс төрөл нь нэмэгдэж оролцох баг, тамирчид ч олон болно байх.
-Үйлдвэрийн ажилчид спортоор хичээллэх хүсэл сонирхол их байдаг байх. Онцолж хичээллэдэг спорт нь юу байх юм?
-Хамгийн олон хүн хичээллэж, хамрагдаж байгаа нь ширээний теннис, сагсан бөмбөг юм уу даа. Ер нь, манай үйлдвэрүүд ажилчдынхаа спортоор хичээллэх заал, танхимын асуудлыг шийдчихсэн болохоор цайны цагаараа ч хамаагүй тоглож л байдаг. Манай үйлдвэрийн ажилчдын хувьд ширээний теннисээр тогтмол хичээллэдэг. Мөн “Талх чихэр”, “Мах импекс” болон манайд иж бүрэн фитнесс клуб байгуулсан нь ажилтан албан хаагчид чөлөөт цаг л гарвал хичээллэж байна. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх нь ихэсч байгаа нь анзаарагдаж байна. Залуучууд тэр дундаа орчин нөхцөлийг нь хангаад өгвөл маш идэвхтэй байдаг.