М.ЖАВЗАНДУЛАМ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Ази Номхон далайн орнуудын 100 шилдэг сургуулийн нэг болох зорилго тавин гадаадын 100 оюутанг суралцуулахаар болсон билээ. Энэхүү зорилгын хүрээнд “Их сургуулийн хөгжилд залуу эрдэмтдийн оролцоо” хэлэлцүүлгийг Монголын анагаах ухааны залуу судлаачдын холбооноос зохион байгуулсан юм.
АШУҮИС-ийн Дотор Анагаахын тэнхимийн эрхлэгч, Монголын залуу судлаачдын холбооны (МЗСХ) Анагаахын салбарын тэргүүн Т.Баясгалантай энэ үеэр уулзсан юм.
-Залуу эрдэмтдийн холбооны анагаахын салбарт одоо хэдэн эрдэмтэн харьяалагдаж байна вэ?
-Манай холбоо 13 жилийн өмнө байгуулагдсан. Тухайн үед анагаахын салбарын хэсэг нөхөд нийлэн, судалгаа шинжилгээний ажил, сургуулийн цаашдын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцан ажилладаг байлаа. Анагаах ухааны салбарт 200-гаад залуу эрдэмтэн бий. Үүний 116 нь АШУҮИС-д төвлөрч ажилладаг. Өөрөөр хэлбэл, талаас илүү хувь нь их сургуульд ажилладаг учраас дан ганц судалгааны ажил бус, эмнэлзүйн ачаалал, сургалтын ажил гэх мэт өөр ажлуудад давхар оролцдог. Иймээс залуу эрдэмтэд судалгааны ажил бүрэн дагнан хийх боломж хомс. Тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад судалгааны ажлаар мэргэшсэн эрдэмтэд маань энд ирээд багшлах, өөр эмнэлзүйд ажиллах байдлаар цалгардаж, хүч тарамдах асуудал үүсдэг. Иймээс бид залуу эрдэмтдийн хүчийг хэрхэн зөв ашиглах, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг асуудлыг хэлэлцүүлгээрээ хөндөж байна.
-Та Монголын хөгжилд залуу эрдэмтэд маань хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдгийг ярилцана гэлээ. Тэгвэл эрдэмтдийнхээ оролцоог нэмэгдүүлэхэд юунд түлхүү анхаарах ёстой юм бол?
-Мэдээж хамгийн эхэнд хэлсэнчлэн тэдний боловсрол мэдлэг их сургуулийн хөгжилд оруулах хувь нэмрийнх нь талаар анхаарна. Ялангуяа судалгаа шинжилгээний ажилд нь тодорхой боломж бололцоог бий болгохын төлөө ажиллана.
-Шинэ техник лаборатор, хүний нөөцийн хувиарлалт, санхүүжилт зэрэгт бүрэн анхаарал хандуулж, олон улсын жишигт нийцүүлнэ. Хараад хэлэлцээд суух биш бодит ажил болгохын төлөө зүтгэнэ. Юутай ч эхлээд залуу эрдэмтдийнхээ санал бодлыг сонсоно. Тэгээд юуг, яаж хийх талаараа тодорхой шийдэл гаргана.
-Залуу эрдэмтэн гэж хэнийг хэлээд байна вэ. Мэдээж насаар нь ингэж тодорхойлж байгаа байх л даа. Хамтран чуулж байгаагийн гол зорилго үр дүн нь юу вэ?
-Тодорхой судалгаа, шинжилгээний ажлаар эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсийг залуу эрдэмтэд гэнэ. Тэднийгээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оролцоотой байлгах, судалгааны ажил хийхэд нь тулгамдаж буй асуудал, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ямар арга зам байна вэ гэдгийг ярилцах зорилгоор нэгдэн чуулж байна.
-Эрдмийн ажлыг голцуу их сургуулийн багш нар хийдэг санагддаг. Та бүхэнд тийм боломж бололцоо нь хэр байна вэ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тал дээр хэр боломжтой байж чаддаг вэ гэж асуух гэсэн юм?
-Өнөөгийн их сургуулийн боловсролд алдаж оносон зүйл олон. Мэдээж сайн тал ч буй, дутагдалтай тал ч бий. Монгол Улсын хэмжээнд анагаахын салбартаа тодорхой бүтээн байгуулалт хийсэн гэдгийг манай иргэд мэднэ дээ. Бид дэлхийн жишигт хүрэх гэж өөрсдийн бүхий л боломжоо хичээж ажиллаж байна. Гэхдээ сайн мэдлэгтэй боловсон хүчин төрүүлэхийн тулд багшийн хөгжил их чухал. Тэр дундаа залуу эрдэмтдийн судалгаа шинжилгээний тал дээр санхүүгийн хувьд үнэхээр хүрэлцээ муу, бэрхшээлтэй асуудал олон.
-Танай сургуулийнхан Азидаа тэргүүлэх болно гэсэн зорилт тавьжээ. Боломж ойрхон харагдаж байна уу?
-Сургуулийн маань гол том зорилго нь Ази Номхон далайн орны 100 шилдэг (топ) сургуулийн нэг болох. Эхлээд олон улсын хэмжээнд топыг хэрхэн тодруулдаг талаар судлах нь зөв байх. Тэр дундаа Анагаахын сургуулийн топыг хэрхэн тодорхойлдог талаар хэлэлцэж ярилцах нь нэн түрүүний асуудал болоод байна. Олон улсад ерөнхийдөө практик, ур чадварт чиглэсэн сургалт голлож байна. QS rankings-ээс 2013 онд гаргасан 12 шалгуур үзүүлэлтэд нийцсэн тухайн орны сургуулийг топ сургуулиар тогтоодог. Үүнд нь олон улсад тохирсон түвшний сургалтын чанар, багшлах боловсон хүчин, багш оюутны харилцаа, багш нарын ажил эрхлэлт, гадаад харилцаа зэргийг харгалзан үзэж шийдвэрлэдэг. Мөн тодорхой салбараар нь ном сурах бичиг гаргах, хурал зөвлөгөөнд оролцох, энэ салбарын багш нарын илтгэх байдал зэрэг нь шалгуур үзүүлэлтэд чухал юм билээ. Иймээс АШУҮИС нь үндсэн бодлогоо энэ чиглэл рүү баривал зохистой хэмээн үзэж байна.