Б.БААТАР
АНУ, Европын холбоо болон барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авах тухай тогтоолд гарын үсэг зураад удаагүй байна. Гэвч үүгээр зогсохгүй ОХУ-ын тамирчдын эрхэнд халдаж эхэллээ хэмээн зарим мэдээллийн агентлаг мэдээлэх болов. Ирэх зун Бразильд болох Риогийн Олимпын наадамд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг оруулахгүй гэх яриа ч гарчээ. Хэрэв Олон улсын Олимпын хороо ийм шийдвэр гаргаж, ОХУ-ын тамирчдыг тэмцээнд оруулахгүй байх шийдвэр гаргах хэмжээнд асуудал хүндрэх юм бол ОХУ-ын эрх баригчдыг “галзууруулна” гэдгийг хэвлэлүүд онцолж буй.
ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын эрхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас түтгэлзүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сэргээш хэрэглэсэн асуудалтай холбоотой ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ түр хугацаанд гэж тодотгож. Олон улсын допингийн эсрэг агентлагийн сэргээшийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ОХУ-ын эсрэг байр суурь илэрхийлэн сэргээшийн төрлийн бэлдмэл тамирчдадаа өгсөн, хэрэглүүлсэн учир тэдний эрхийг хасах санал хураалт явуулсан байдаг. Нийт 23 гишүүний 22 нь дэмжиж нэг нь эсэргүүцсэн гэнэ. Тиймээс тус агентлаг спортын бүх холбоо руу ийнхүү ОХУ-ын тамирчдыг тэмцээн уралдаанаас хасах шийдвэр илгээжээ. Хэрвээ ОХУ допингийн эсрэг тууштай тэмцэхгүй бол хөнгөн атлетикийн тамирчдад нь Олимпын наадамд оролцох эрх олгогдохгүй. Холбогдох байгууллага өөрийн ажил үүргийнхээ дагуу тамирчид “цэвэр” гэдгийг батлах, шударга өрсөлдөөнийг дэмжих үүргээ биелүүлэх шаардлагатай гэсэн байна.
Энэ бүх үйл явдлын хажуугаар олныг алмайруулсан өөр нэг дуулиан дэгдэв. ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэн хэрэгт холбогдож “Олон улсын допингийн эсрэг агентлаг” Оросын тамирчдыг тэмцээнд орохыг хориглосноос сарын дараа ОХУ-ын “Допингийн эсрэг агентлаг”-ийн дарга Никита Камаев хүлцэл эрэн ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл ажлаа өгөөд удаагүй байсан Никита Камаев нас барсан гэдгийг ОХУ-ын зарим хэвлэлд дурджээ. “ИТАР-ТАСС” агентлагийн мэдээлснээр Никита Камаевын ойр дотныхны ярьснаар тэрээр зүрхний шигдээсээр амиа алдсан гэнэ. “Олон улсын Допингийн эсрэг агентлаг” ОХУ-ыг тамирчдадаа сэргээш хэрэглүүлсэн хэмээн мэдээлж улмаар тодорхой системтэйгээр хүч чадал нэмэгдүүлэх сэргээш болон эм бэлдмэлийг тамирчид нь хэрэглэдэг байсан хэмээн буруутгаж Риогийн олимпоос эрхийг нь түтгэлзүүлсэн хэвээр байна. Харин “Ассошэйтэд Пресс” агентлагт “ОХУ-ын тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй байгаа, Оросын эрх баригчид сэргээштэй холбоотой асуудлыг эрс үгүйсгэж, үүнийг улс төрийн шинжтэй явуулга хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байна.
Хамгийн гол нь бие даасан комиссын дарга Ричард Понд ОХУ-ын олон тооны тамирчин, дасгалжуулагч сэргээшийн зохион байгуулалттай хөтөлбөрт хамрагдаж байсныг нотолсон гэж мэдэгдсэн. Тэрхүү хөтөлбөрт хамрагдагсад хууль бус бэлдмэл өдөр бүр хэрэглэсэн, сэргээшийн шинжилгээний хариу буруу гарах элдэв арга хэрэглэсэн зэрэг зөрчил гаргасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ч зөрчлийг нуун дарагдуулахад оролцсон нь илэрсэн” гэж Олон Улсын допингтой тэмцэх агентлагаас томилсон бие даасан комиссын дарга мэдэгдсэн байна.
Энэ үйл явдлын хажуугаар ОХУ-ын газрын теннисний дэлхийн чансааны тамирчин Мария Шарапова АНУ-ын Лос-Анжелос хотноо хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрээр нэгдүгээр сард болсон “Australian Open” тэмцээний шөвгийн наймд АНУ-ын Серена Уильямст ялагдсаны дараа шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон. Энэ талаар Олон улсын теннисний холбооноос зарлахад, Мария Шарапова тайлбар хийхээр хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрээр өнгөрсөн 10 жилийн турш “мельдони” бэлдмэлийг тогтмол хэрэглэж ирсэн ч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хориотой эмийн жагсаалтад бүртгэгдсэнийг мэдээгүй учраас ийм том алдаа гаргасан гэж ярьжээ. Ингээд тамирчин бүсгүй “Би дөрвөн настайгаасаа л талбайн теннисээр хичээллэж эхэлсэн. Өдөр бүр чин сэтгэлээсээ хичээдэг хэвээрээ байгаа. Гэтэл ийм том алдаа гаргаж, шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг алдлаа. Яагаад сэргээшийн дүн ийм гарсныг мэдэхгүй ч, дахиад нэг боломж олгохыг хүсч байна” хэмээн өөрийн зүгээс уучлал гуйсан. ОХУ-ын Ерөнхийлөгч хүртэл энэ асуудалд оролцож ,сэргээш хэрэглэсэн тамирчин бүх хариуцлагаа өөрөө хүлээнэ гэдгийг онцолжээ. Риогийн Олимпт оролцох тамирчдын дасгалжуулагчид төлөөлөгчдийг Путин хүлээн авч уулзахдаа “Спортын тэмцээнд сэргээш хэрэглэн амжилтад хүрч буй тамирчны хувьд дараа нь үүсэх бүх хариуцлагыг зөвхөн өөрөө хүлээнэ гэдгийг хатуу анхааруулья. Түүнээс болж баг хамт олон болон бусад тамирчдын гаргасан амжилт хүчингүй болвол тэрхүү хариуцлагыг сэргээш хэрэглэсэн тамирчинд мөн ногдуулах болно” гэсэн. Мөн ноён В.Путин “тамирчид ямар аргаар сэргээш гэгдэх тариаг олж авсан, хэрэглэж байсан, байгаа болон энэ төрлийн бизнес эрхэлж буй хүмүүсийг илрүүлэх улмаар хариуцлага тооцох ёстой” гэж анхааруулсан байна.
Риогийн олимпын өмнө ийнхүү ОХУ-ын тамирчид сэргээшийн асуудалд орооцолдсон бол Лондонгийн олимпын өмнөхөн 100 гаруй тамирчин мөн эрхээ хасуулсан удаа бий.. Сэргээшийн эсрэг олон улсын агентлагийн ерөнхийлөгч Жонн Фей тамирчдыг Лондон явахаас өмнө авсан шинжилгээний хариуг олон нийтэд танилцуулахдаа “Сэргээш хэрэглэсэн эдгээр тамирчин Лондонгийн олимпод бидэнтэй хамт явахгүй” гэдгийг хэлж тэрхүү тамирчид болон улс орнуудыг дэлхий нийтийн өмнө зарлаж орхисон.
Олимпын наадмын өмнө бүхэл бүтэн зургаан сар явуулдаг шинжилгээгээр 107 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, хасагдсан. Сэргээшийн урьдчилсан шинжилгээг олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, “Лондон 2012” олимпын наадмын зохион байгуулагчид болон улс орнуудын спортын холбоодтой хамтран явуулсан юм.
Риогийн олимпын зохион байгуулагчид ч энэ асуудал дээр ажиллах хэрэгтэй. Асуудал ийм дээр тулсан учраас олон улсын тэмцээн уралдааныг ОХУ зохион байгуулахгүй байх талаар хүртэл хэлэлцэх хэрэгтэй гэдгийг зарим хүн илэрхийлж эхэлсэн гэнэ. Гэхдээ өнөөдөр ОХУ-ын эсрэг барууны орнуудын сонирхол спортод ч давамгайлаад байгаа мэт харагдаж байгааг тамирчид илэрхийлсээр байгаа.