Б.БУЯНДАЛАЙ
Олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 4-6-нд ОХУ-ын Якутск хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас Ц.Гантөгс дасгалжуулагчийн удирдлага дор 10 бөх зодоглож, алт, хүрэл медаль тус бүр нэгийг авав. Тодруулбал, Якут үндэсний хапсагайн +66 кг-д Б.Отгонбаяр таван барилдаанд ялж, аваргалжээ.
Мөн чөлөөт бөхийн 60 кг-д “Арслан” клубийн тамирчин Т.Тулга хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт ОХУ-ын бөх Р.Самсоновт ялагдсан ч дагах барилдаанд Тажикистаны А.Файзиевийг 13:2, ОХУ-ын М.Идрисовыг 8:7 оноогоор ялж хүрэл медалийн эзэн болжээ. Мөн 74 кг-д Б.Отгонбаяр V байрт шалгарлаа. ОХУ-ын Саха-Якутын бөхийн холбоо, Монголын “Арслан” клубтэй байгуулсан гэрээний дагуу манай тамирчид энэ тэмцээнд оролцсон юм.