Бурхан Халдун уулын оргилд хаясан хогны зургийг хараад хүн бүр л өөр өөрсдийнхөөрөө дүгнэн хэлэлцэж байна. Тэдний дундаас уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн бичсэн мэдээллийг бид энэ удаагийн “Фэйсбүүк” буландаа онцоллоо.
“Миний бие уул овоо, тахилга,өргөл барьцын талаар мэдлэг хомс нэгэн. Гэвч олон жил энэ тухай бодож бусдад өөрийн санаа бодлоо хэлж, хувийн зарчмыг мөрдөж ирсэн. Энэ нь өөрийн үзэл бодлоо бусдад тулгах санаа ер биш гэдгийг тунгаан болгооно биз дээ.Сүүлийн үед байгалийн унаган төрх гэж ярьсан хэрнээ энд тэнд овоо босгож, суврага барьж, эрээ цээргүй зам мөрөө гаргаж, нэр усаа сийлж, хүчит техник хүрч болох цэг бүрт хөрсийг нь эргүүлж үнэхээр дэлхийд байхгүй гайхамшигтайгаар бид байгалиа хайрлаж байна. Алд алд хоргой торго, хадаг яндар овоонд хөглөрч, хаа сайгүй мөнгөн тэмдэгт салхинд хийсч, шил шилээр сөн түшиж,сав саваар сүү өргөж, уут уутаар амттан өрж, нугаар цаас хөглөрч байна. Уул усны хишиг хүртэхийн төлөө, өөрийгөө бас бусдыгаа даатгахын төлөө, түүгээрч зогсохгүй газар шороондоо хайраа түгээж хайртайгаа харуулах, мэдрүүлэх гэж хөл алдан, хүч үзэн, цаг заран хичээж л явна даа бид.
Миний зарчим таныхтай агуулгын хувьд адил, хэлбэрийн хувьд арай өөр.
Тухайн уул ус,газар шороондоо сөгдөн мөргөж,ивээл буяныг нь гуйж байгаа бол савдаг нь болсон ард түмнийг нь баярлуул. Хоргой торго баримаар бол овоонд бус хормойд нь цэцэг шиг өсч яваа залуу бүсгүйн хуримын гоёлыг даачих. Савтай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөчихөөд үлдсэнийг овоон дээр тавих биш бэлд нь насыг элээж суугаа бууралд нэгэн өглөөний аяга цай болгочих. Хадагны үзүүрт зангидан уяж үлдээх таван зуун төгрөгөө хурга хариулж яваа халтар хүүд чихэр авч идээрэй гээд сайртай хөөрхөн гарт нь атгуулчих. Ядаж улсын мөнгөн тэмдэгт гүйлгээнд орно. Бид чинь тийм баян бил үү. Овооны эх тандаа олзны эх наддаа гээд өргөж байгаа идээ чинь ядаж шувуу хооллож болох,байгаль өөрөө шингээж чадахаар сав баглаа боодлоос нь цэвэрлэчих. Идэж уусан, эдэлж хэрэглэсэн бүхнээ энд тэндгүй үлдээж хаясан олиггүй нэгний хогийг сэтгэл гаргаад цэвэрлэчих. Уул нүдтэй, чихтэй. Таныг хардаг бас сонсдог юм шүү. Дээрх бүхэнд чинь уул сэтгэлээсээ баярлаж, та ивээлд нь багтах болно оо” гэжээ.