Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ю.Үнэнбүрэн: Бид өвлийн уралдаанаас татгалзахад бэлэн


-Орон нутгийн уяачид өвлийн уралдаанаас залхаж байна-

Б.БУЯНДАЛАЙ


Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Хангайн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 5-6-нд Арвайхээр суманд болно. Тус уралдааны талаар Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнгээс тодрууллаа.

-Жил бүр өвлийн урал­дааны үеэр олон хүүхэд мориноос унаснаас болж бэртэж, хурдан морь ч эндэж байна. Хамгийн сүүлд л гэхэд “Дүнжингарав-2016”-гийн үеэр 16 хүүхэд мориноос унасан. Та бүхэн энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Зохион байгуулалт муутайгаас болж л тийм асуудал үүсдэг. Бурханы авралаар манай холбооноос өмнө нь зохиосон уралдааны үеэр хүүхэд, морь эндэж, бэртэж байгаагүй. Бид энэ уралдааныг эмх цэгцтэй, ямар нэгэн маргаангүй, хүүхэд, морины аюулгүй байдлыг бүрэн хангасан өндөр түвшинд зохиохоор хичээж байна. Нэг ч хүүхдийг мориноос унагахгүй, бэртээхгүй гэж амлаж чадахгүй. Тийм боломж ч бүрдээгүйг хүмүүс ойлгох болов уу. Зарим уралдааны үеэр хэтэрхий олон хүн машинтай дагадаг. Үүнээс болж зарим уралдаан будилж, хүүхэд мориноосоо унаж байна. Удахгүй болох уралдааны гарааны зурхай руу морьдыг зөөлөн шогшуулж, тавиач хүүхдийг ер явуулахгүй. Мөн уяачид, наадамчин олныг бухимдуулдаг нэг асуудал бол эрлийз, монгол морийг хэрхэн ялгах. Энэ жилийн “Дүнжингарав-2016”-ын соёолон насанд айрагдсан морьд тавуулаа эрлийз байсан тухай хүн бүр шахам ярьж байна. Зарим уяач “Та нар морио эрлийз, монгол гэж шударгаар ялгах уу. Хэрвээ тэгж чадахгүй бол очихгүй. Эрлийз морьтой нь л түрүүлэх байлгүй” гэж  бидэнд хандаж байна. Аливаа зүйл шударга байх ёстой. Ялангуяа ийм улсын хэмжээний томоохон уралдаанд өв уламжлал, уяачдынхаа хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй. Бид энэ тал дээр их анхаарч, морины комисст мэргэжлийн хүмүүс томилсон. 5-нд эрлийз дээд, 6-нд монгол гурван насыг уралдуулна.

-Сүүлийн жилүүдэд өвлийн уралдаан чамгүй их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байна. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Би лав өвлийн улиралд уралдаан зохиохыг эсэргүүцдэг. Хүйтний улиралд морь уралдуулдаг болоод чамгүй удаж байна. Ингэснээр монголчууд бид юу хожсон юм бэ. Олон хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, хурдан буян эндсээр байна. Ингээд бодохоор өвлийн уралдааныг зохиох нь тийм ч зөв үйлдэл биш. Харин хүйтний улиралд бус тавдугаар сарын 1-нээс хойш уралдуулах саналыг бид дуртайяа дэмжиж байгаа.

-Тэгвэл яагаад энэ урал­даа­­ныг зохиож байгаа юм бэ?
-Эрх бүхий байгууллагууд энэ талаар тодорхой шийдвэр гаргасан ч, шударгаар хэрэгжүүлж чадахгүй байна. Тэгвэл л энэ асуудал цэгцэрч, зөв голдиролоо олох боломж бүрдэх нь мэдээж. Хөдөлмөрийн сайд саяхан гаргасан тушаалдаа жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг  хориглосон. Гэвч энэ тушаал одоо хүртэл хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

-Та бүхэн бусад холбоондоо үлгэр, жишээ болж өвлийн уралдаанаас татгалзахад бэлэн үү?
-Бэлэн. Бид ирэх жилээс өвлийн уралдаанаас татгалзахаар төлөвлөж байгаа. Манай холбооны V их хурал удахгүй болно. Тэр хурлаар хамгийн түрүүнд энэ асуудлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх зорилготой. Энэ их хэл амны хажуугаар, хүүхэд, морь хоёрын амь насаар дэнчин тавьж уралдаан зохиох шаардлага байхгүй. Манай монголчууд жил ирэх тусам монгол ахуйгаасаа холдож байна. Би лав гурван настайдаа номхон морь унаж, тавтайгаасаа хурдан морь унаж эхэлсэн. Харин одоо тийм үе ард хоцорчээ. Ихэнх хүүхэд 10-аад настайдаа морь унаж сурч байна. Энэ нь эргээд хүүхэд мориноос унаж, эндэхэд чамгүй нөлөөлж байгаа бололтой.

-Хэрвээ ирэх жил хаврын бүсийн уралдааныг өөр аймгийн морин спорт уяач­дын холбоо зохиовол та бүхний энэ санал, са­наачилга үнэгүйдэх эрс­дэлтэй...
-Хэдийгээр бид эсэргүүц­сэн ч манай аймгийн уяачдын дунд өвлийн уралдаанд морио уралдуулах сонирхолтой уяач байхыг үгүйсгэхгүй. Тийм хүмүүсийн шийдвэрийг хүндэлнэ. Бид бусдадаа үлгэр жишээ болох юмсан, энэ ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж бодсоны үндсэн дээр өвлийн уралдаанаас татгалзахаар төлөвлөж байна.

-Уяачид энэ тал дээр ямар бодолтой байгаа бол?
-Хөдөө, орон нутгийн уяачид өвлийн уралдаанаас залхаж байна гэхэд хилсдэхгүй. Тэд хотынхон шиг морио төрөл бүрийн тэжээлээр тордож, янз бүрийн уураг, амин дэмээр тэжээж чаддаггүй. Тэгээд л өвлийн уралдаанд өнөөх бэл бэнчинтэй хотын уяачдын морьд айрагддаг. Хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн урин дулааны улиралд энэ талаар огт ярьдаггүй мөртлөө хаврын уралдаан эхлэхээр л гэв гэнэт хөндөж эхэлдэг нь энэ асуудлыг нэлээд хүндрүүлдэг. Хэрвээ хүйтний улиралд уралдаан зохиохгүй гээд тодорхой шийдвэр гаргачихвал уяачид морио сойхгүй. Одоо хүн бүр шахам хаврын уралдаан зохиох, хүүхдээр морь унуулахыг эсэргүүцдэг болж. Тодорхой үр дүнд хурдан хүрээсэй.

-Та бүхэн энэ талаар бусад аймгийн морин спорт уяачдын холбоотой санал, бодлоо солилцсон уу?
-Солилцолгүй яах вэ. Бидний энэ санаачилгыг дэмжиж буй чамгүй олон холбоо, уяач бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан