Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн Польш улсад, эрэгтэйчүүдийн гран при Чехэд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Европын нээлттэй тэмцээнд өрсөлдсөн манай бүсгүйчүүд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багаараа дэд байрт шалгарсан юм. 52 кг-д ОУХМ А.Цолмон эхний тойрогт хийлж, удаах даваануудад Чех, Мехсик, Украины бөхчүүдийг сөхрүүлж, шигшээд шалгарсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Украины О.Старковаг цэвэр ялж, аваргаллаа. Уг жинд зодоглосон гавьяат тамирчин М.Бундмаа эхний даваанд гоц мөргөж, удаах тойрогт Нидерландын бөхийг ялсан ч Польшийн бөхөд дийлдсэн. Улмаар торгуулийн тойрогт Румины Л.Флориан, хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн А.Перенийг яллаа.
63 кг-д өрслдсөн Б.Мөнгөнчимэг эхний тойрогт гоц мөргөж, Грекийн К.Ивана, нутаг нэгт Ц.Цэрэннадмид, Нидерланд, Испанийн бөхчүүдийг ялж, түрүүлэв. Харин түүнд ялагдсан Ц.Цэрэннадмид торгуулийн тойрогт Мексик, хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын бөхийг ялж, хүрэл медалийн эзэн болов.
70 кг-д зодоглосон ОУХМ Ц.Наранжаргал эхний тойрогт хийлж, Германы Ж.Вернер, Казахстаны З.Кашкин, ОХУ-ын В.Малцева нарыг ялж, шигшээд шалгарсан ч аваргын төлөөх барилдаанд Польшийн К.Клисэд дийлдлээ.
Харин Чех улсад болсон гран прид манай улсаас 15 жүдоч өрсөлдөж, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авлаа. 66 кг-д зодоглосон Д.Алтансүх эхний тойргуудад, Украин, Польш, ОХУ-ын бөхчүүдийг ялж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ өвөртөлсөн юм. Улмаар шигшээд Слованийн А.Жеребт торгуулиар ялагдан, мөнгөн медалиар энгэрээ мялаав. Мөн 60 кг-д Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль авлаа.