Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Оюунчимэг: Нэг удаагийн бэлтгэл дээр хоёр тонн хавьцаа өргөдөг

Б.БУЯНДАЛАЙ

Хүндийг өргөлтийн мастерсын ДАШТ, Дэлхийн цом, Гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшигч ОУХМ Цэрэндоржийн Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хүний амьдралын хамгийн сайхан, гэгээлэг мөчүү­дийн ихэнх нь бага насанд өнгөрдөг гэлцдэг. Таны бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та хэр спортлог хүүхэд байсан бэ?
-Миний бага нас одоогийн Хан-Уул дүүрэгт өнгөрсөн юм. Үнэнийг хэлэхэд би багадаа ер спорт сонирхдоггүй охин байлаа. Биеийн тамирын хичээлд аль болох л суухгүй, чөлөө аваад ч болтугай аргалчихыг эрмэлздэг байж билээ.
Тиймдээ ч тэр үү, бага насанд спортоор хичээллэх бодол огт төрж байгаагүй. Харин спортоос бусдад нь их дуртай, ялангуяа хэлний чиглэлийн хичээлийг бүр их сонирхдог, шимтэж судалдаг хүүхэд байсан юм.

-Алдарт Б.Түвдэндорж аварга таны аавын тань төрсөн ах. Аварга таныг багад чинь тамирчин болгоё, бөхийн спортоор хичээллүүлье гэдэг байсан уу?
-Тийм мундаг аварга хүн байсан мөртлөө дүү нараасаа хэн нэгнийг нь бөх болгоё, спортоор хичээллүүлье гэж зөвлөж байгаагүйг нь бага зэрэг гайхдаг. Гэхдээ би энэ талаар ахаасаа асууж зүрхлээгүй ээ. Түвдэндорж ах 1986 онд өөд болсон. Тэр үед би 24 настай байлаа. Гүндүүгүй, ноён нуруутай, бяр тэнхээтэй, дөлгөөхөн сайхан хүн байж билээ. Хожим би ааваасаа “Түвдэндорж ах манайхнаас нэгийг нь ч болтугай яагаад үндэсний бөхөөр барилдуулаагүй юм бэ” гэж асуухад “Хэчнээн хэлж, зөвлөөд барилдахгүй байгаа хүнийг чинь яалтай билээ. Зодож, цохиод явуулалтай биш” гэсэн юм. Хэрвээ барилдсан бол улс, аймгийн цолд хүрчих хүн манай удамд олон бий. Түвдэндорж ахын хамгийн бага охиных нь хүү Ундрах лав нэлээн юм дуулгах байсан шүү. Харамсалтай нь тэр Японы мэргэжлийн сүмогийн макүчи зиндаанд барилдаж байхдаа айхтар бэртэл авч, спортоо орхисон. Би хоёр хүү, нэг охинтой. Бүгдээрээ л дор дорынхоо ажил төрлийг хийгээд,  тун завгүй амьдарч байна. Хоёр хүү маань фитнесст явдаг. Харин охин маань Б.Энхтайван дасгалжуулагчийн удирдлага дор боксоор хичээллэдэг. Гэхдээ мэргэжлийн тамирчин биш ээ. Чөлөөт цагаараа л оролддог.

-Та хүндийг өргөлтийн спортоор бүр хожим буюу 49 настайдаа хичээллэж эхэлсэн. Ийм насан дээр ихэнх тамирчин зодог тайлдаг гэхэд хилсдэхгүй. Энэ спортыг сонгоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Би Хил хамгаалах ерөн­хий газарт бригадын генерал Д.Ганбаатарын туслахаар ажилладаг байлаа. Гэтэл 2011 онд цэргийн байгууллагад ажиллаж буй 45-аас дээш нас­­ны эмэгтэйчүүдийг тэтгэ­вэрт гаргах тушаал гарчихдаг байгаа. Тэр тушаалыг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гаргасан юм. Би тэр ангилалд нь багтаад ажилгүй болчихдог юм байна. Юу ч хийхгүй, гэртээ суух хэцүү юм билээ. Сүүлдээ бүр тэсэхээ болиод Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бат­тул­­га дээр очлоо. Бид хоёр арван жилийн найзууд л даа. “Найз нь ажилгүй болчихлоо. Тавь дөхөж яваа надад ажил олдохгүй бололтой. Гэртээ зүгээр суугаад байхаар таргалаад, бие өвдөөд байх юм” гээд л хамаг зовлонгоо тоочлоо (инээв).

Тэр үед Х.Баттулга “Заавал дахиж өөр ажил хийх гээд яах вэ. Миний найз спортоор хичээллэ. Эрүүл мэндэд чинь ач тустай. Энэ бол өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт шүү. Хичээллэх боломжтой олон төрлийн спорт бий шүү дээ. Өөртөө аль ойр дөхмийг нь сонгоорой” гэж надад зөвлөсөн юм. Тэгэхэд нь би өөртөө их эргэлзэж билээ. Яах учраа олохгүй сар гаруй хугацаанд бодлоо. Нас нэлээн хэвийчихлээ, оройтчихсон л гэж бодсондоо тэр. Гэр бүлийнхнээсээ асуутал “Хүндийг өргөлтөөр хичээлэвэл ямар вэ. Хүнийг маш их тэсвэр, тэвчээртэй болгодог гэнэ лээ. Хүнд юм өргөх тусам таны бие чангарч, эрүүлжих байх” гэж урам өгдөг юм байна. Тэгэхээр нь нэг өдөр зориглоод хүндийг өргөлтийн дасгалжуулагч Я.Дөрвөнжинтэй уулзаж учир байдлаа хэллээ. Намайг их дуртай, уриалгахан хүлээж авсан юм. Хүндийг өргөлтийн холбооны удирдлага, тамирчид ч их дэмжсэн л дээ. Тэгж л анх 2011 оны наймдугаар сард энэ спортод хөл тавьж байлаа. Тэр үед надад тив, дэлхийн аварга больё, олон рекорд тогтооё гэсэн бодол ер төрөөгүй. Спортоор хичээллэж, эрчимтэй хөдөлбөл даралт ихсэхээ больж, эрүүлжих байх, чөлөөт цагаа спортлог өнгөрүүлье гэж л бодсон юм.

-Гэр бүлийнхнээс тань бэртэж гэмтэх вий гээд хориглосон хүн бий юү?
-Хамгийн том эгч маань бага зэрэг эсэргүүцсэн. Тэмцээнд амжилт гаргаж, миний бие улам эрүүлжээд ирэхээр эгчийн бодол өөрчлөгдсөн юм. Одоо манай гэрийнхэн бүгдээрээ намайг дэмждэг, үргэлж л урмын сайхан үг хэлдэг.

-Та өмнө энэ спортыг ямраар төсөөлдөг байсан бэ. Бэлтгэл хийж эхлэхэд чамгүй саад, бэрхшээлтэй тулгарсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Нэлээн хэцүү байсан шүү. Үнэнийг хэлэхэд ийм хэцүү гэж төсөөлөөгүй. Хөлс, хүчээ хэдий их урсгаж, хичээнэ тэр хэмжээгээр амжилтад илүү хурдан хүрдэг гэдэгт би итгэдэг. Би өнөөгийн амжилтад зүгээр сууж байгаад хүрээгүй. Бүхий л амжилтад миний өдөр бүр урсгасан хөлс, хүч шингэсэн. Энэ спортоор хичээллэхийн өмнө би 100 гаруй клограмм жинтэй, үргэлж л шахам даралт ихсэн, хавагнаж, хоёр хөл өвддөг байсан. Одоо харин тэр бүхэн дурсамж болж үлдээд байна.

-Хүндийг өргөлтөд хамгийн чухал нь техник. Хэчнээн бяртай хүн ч буруу техникээр өргөвөл санасан амжилтаа гаргаж чадахгүй. Та одоогоор техникээ бүрэн сурч амжсан уу?
-Хараахан амжаагүй л байна. Одоогоор 25 хувийг нь л эзэмшээд байгаа болов уу. Манай улсад дасгал­жуулагчийн хүрэлцээ, бэлтгэ­лийн орчин дутмаг байгаа нь үүнд чамгүй нөлөөлж байна. Энэ спорт огцом болон түлхэлттэй гэсэн өргөлтийн хоёр төрөлтэй. Хоёулаа өөр техниктэй. Нарийн судалж, олон удаагийн уйгагүй бэлтгэлийн үр шимээр л сурдаг зүйл. Одоо л би бага зэрэг техникийн дөртэй болж байна. Өмнө нь өргөж л байвал болно гээд хар бяраар л шахдаг байжээ. Техник сураад, өөрт дадал болгох тусам амжилт илт ахиж, өөрт улам амар болдог юм байна.

-Цэргийн байгууллагад олон жил ажилласан нь спортод өндөр амжилт гаргахад тань хэр их нөлөөлж байна вэ?
-Чамгүй их нөлөөлж байгаа. Цэргийн байгууллагад бүх зүйл хатуу дэг журамтай байдаг. Тийм орчинд ажиллаж байсан маань намайг хатуужилтай, дуулгавартай, ёс зүйтэй болгож хүмүүжүүлсэн. Мөн үүнд гэр бүлийн хүмүүжил их нөлөөлж байгаа нь мэдээж. Аав, ээж хоёр маань надад “Аливаа зүйлийг хойш нь тавилгүй хийж бай. Хүнлэг энэрэнгүй, тусч байх хэрэгтэй. Ямар нэгэн ажлыг эхэлсэн л бол эцсийн үр дүнг нь хартлаа тууштай зүтгэж байгаарай” гэж захидаг байсан юм. Би тийм ч эмэгтэйлэг, уян хатан хүн биш л дээ. Энэ зан чанар маань ч бас хүндийг өргөлтөд зохидог бололтой. Миний насны хүн энэ спортоор хичээллэх амаргүй. Энэ бүгдээс гадна ахын маань гени ч бас нөлөөлж байгаа нь мэдээж.

–Та амжилтын гараагаа ямар тэмцээнээс эхэлж байв?
-Энэ спортоор хичээллэж эхэлснээс дөнгөж дөрвөн сарын дараа болсон Бүх ард түмний спартикиадын +75 кг-д оролцуулах санал Хүч нийгэмлэгийн дасгалжуулагч С.Хөхөө багш надад тавьсан юм. “Техникээ ч сайн сураагүй. Дэмий байх аа” гэтэл “Чи бяртай. Өөртөө л итгэлтэй байгаарай” гэж зөвлөдөг юм байна. Тэр тэмцээнд IV байрт шалгарч их урамшиж билээ. Тэр үеэс л тэмцээнд оролцъё, өөрийгөө сорьё гэх бодол төрж эхэлсэн юм. Харин олон улсын тэмцээний амжилтын гараагаа дэлхийн аваргаар эхлүүлсэндээ их бэлгэшээж явдаг. 2012 оны есдүгээр сард болсон мастерсын ДАШТ-ээс мөнгөн медаль авсан юм. Хилийн чанадад оролцсон анхны тэмцээн маань тэр. Тэгэхдээ дэлхийн долоон удаагийн аварга Сандра Смитээс ганцхан кг дутуу өргөж, мөнгөн медалиар энгэрээ мялааж байлаа.  Огцом шахалтаар 53, түлхэлттэй өргөлтөөр 65 клограммыг өргөсөн юм.

-Та дараа жилийнх нь ДАШТ-д түрүүлж, даагаа нэхсэн. Дэлхийн аварга болох мөчид юу бодогдож байв?
-Сайхан байлгүй яах вэ. Өнөөх Сандра Смитээс 11 кг-аар илүү өргөж, тэр тусмаа дэлхийн рекордыг шинэчлэн түрүүлсэндээ бүр их баярласан. Алтан медалиа энгэртээ зүүн, төрийн дууллаа сонсч байхад төрж өссөн өлгий нутаг, төрүүлж өсгөсөн ижий аав, удам угсаагаараа их бахархдаг юм байна лээ. Тэр үед дэлхийн рекордыг гурван кг-аар ахиулж, 148 болгон шинэчилсэн юм. Тэр рекорд есөн жилийн турш эвдэгдээгүй байсан юм билээ. Тэмцээнийг зохион байгуулагчид надад батламж өгөхдөө “Монголын тамирчин дэлхийн рекорд эвдлээ. Тэгэхдээ бүр түлхэлттэй өргөлт, нийлбэрээр зургаан удаа шинэчиллээ. Бахархууштай үйл явдал болж байна” гэхэд нь өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан.

-Та ДАШТ, Дэлхийн цом, Дэлхийн тоглолт зэрэг томоохон тэмцээнүүдэд хэчнээн удаа түрүүлээд байгаа билээ?
-Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн тоглолтоос нэг алт, ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгө, Дэлхийн цом, Гран при тэмцээнээс тус бүр гурван алтан медаль хүртээд байна. Ер нь оролцсон тэмцээн бүрээсээ л медаль авдаг. Харин Дэлхийн аваргын рекордыг зургаа, Азийнхыг 12 удаа шинэчилсэн. Одоогоор дэлхийн аваргын рекордыг нийлбэрээр 138, Гран прид 151, Азийн АШТ-д 131 кг-аар эзэмшиж байна. Мөн УАШТ-д найман удаа оролцож, хоёр алт, зургаан мөнгөн медаль авсан. Ганцхан удаа медалиас мултраад байна.

-Өдий зэргийн томоохон амжилт гаргасны дараа “Арай залуугаасаа энэ спортоор хичээллэдэг байж. Тэгсэн бол өдийд олимпын аварга болохын төлөө зүтгэх боломжтой байсан” гэх харуусал төрдөг үү?
-Заримдаа тэгж бодогдох л юм. Тэгсэн бол надад цаг хугацааны хувьд ч ашигтай байх байсан л даа. Гэхдээ би өнөөгийн гаргаад буй амжилтдаа сэтгэл хангалуун явдаг. Огт чамладаггүй. Спортыг ойлгож, дэмждэг олон хүний буянаар санасан амжилтдаа хүрч, сайхан амьдарч байна. Энэ дашрамд Монголын хүндийг өргөлтийн холбооны хамт олон, шигшээ багийн тамирчид, олон улсын хэмжээний мастер Ш.Лхагваа ах, багын найз Х.Баттулгадаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.

-Танд олон хүн урмын сайхан үг хэлдэг байх. Сэтгэлээс тань гардаггүй хамгийн гоё үгийг хэн хэлсэн бэ?
-Найз Х.Баттулга маань л надад үргэлж урам хайрладаг. Өөрөө  спортын хүн учраас тамирчны жаргал, зовлонг хэнээс ч илүү ойлгодог юм билээ. Бид хоёр зав чөлөөгөөрөө уулзахыг хичээдэг. Зөвхөн сэтгэл санаагаар дэмжихээс гадна тэмцээн, уралдааны зардал зэрэг бүхий л зүйлд надад тусладаг. Миний өнөөгийн амжилт Х.Баттулгатай салшгүй холбоотой.

-Танаас олон хүн үлгэр жишээ авч явдаг нь дамжиггүй. Ямар нэгэн спортоор хичээллэх гэсэн юм, яах вэ гээд танаас заавар, зөвлөгөө авахаар хэр олон хүн ирдэг вэ. Та ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?
-“Амжилтаар чинь бахархдаг” гээд нэлээн олон хүн ирж байна. Би тэгээд ирж буй хүмүүст их баярладаг. Өөрийн мэдэх хэмжээнд зөвлөж, чадлынхаа хирээр туслахыг хичээдэг. “Өөрийгөө битгий голоорой. Бүх зүйл оройтоогүй, дөнгөж эхэлж байна. Яах уу гэж шаналж, эргэлзэлгүйгээр бүхнийг зоригтой эхлүүл” гэж урам өгдөг юм. Тэдэн дундаас Сэвжидмаа, Дуламжав нарын хүндийг өргөлтөөр хичээллэсэн хүн ч бий. Ахмадын улсын аваргаас чамгүй олон медаль аваад байгаа. Харин тэд энэ он гарснаас хойш бэлтгэлдээ ирж амжихгүй байгаа бололтой. Ойрд ирэхгүй л байна. Ер нь манай монголчууд эрт дээр үеэсээ удам угсаа сайтай, халуун цустай ард түмэн. Бяр тэнхээ, тэсвэр тэвчээр бүгдэд нь бий. Харин түүнийгээ хэрхэн хөгжүүлж, ашиглаж чадахаас л бүх зүйл шалтгаална.

-Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Ихэвчлэн гурван цагаар хийдэг. Суулт, таталтын техникээ түлхүү давтдаг. Сүүлийн үед нэг удаагийн бэлтгэл дээр өргөж буй жингээ тооцдог болоод байгаа. Ихэнх өдрийн бэлтгэл дээр хоёр тонн хавьцаа өргөж байна. Огцомоор 35 кг-ыг гурван удаа өргөлөө гэхэд л 105 кг болно шүү дээ.  Сүүлчийн жилүүдэд дэлхийн хошой аварга Лхагваа ахын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Бүх насаараа штанг өргөж буй мундаг тамирчин. Түүнээс сурах, үлгэр жишээ авах зүйл асар их бий.

-Таны насны хүн өдөр бүр бэлтгэл хийх амаргүй нь мэдээж. Хэт ачаалалтай бэлтгэл базааж, тэмцээнд оролцсоны дараа хэр их ядардаг вэ?
-Нас ахих тусам ядралт бага багаар нэмэгддэг юм байна. Ялангуяа хаврын улиралд бүр ч илүү. Бие маань хэчнээн ядарсан ч, сэтгэлийнхээ хүчээр өмнөө тулгарсан саад, бэрхшээлийг даван туулж байна. Харин хэчнээн ядарсан ч шантарч, больё гэх бодол ер төрдөггүй. Би энэ спортод өдрөөс өдөрт дурлаж байна. Өнөөдөр бэлтгэлээ яаж хийнэ ээ, маргаашийнхыг яана аа гэж огт төвөгшөөдөггүй.

-Та амжилт гаргах боломж, бололцооныхоо хэдэн хувийг ашиглаж байна вэ?
-Би өөрийгөө бүрэн дайчилж, бүхий л бололцоогоо ашиглаж байна гэж боддог юм. Гэтэл тийм биш бололтой. Манай дасгалжуулагч нар “Чи өөрийнхөө нөөц, бололцоог бүрэн дайчлахгүй байна. Техникээ бүрэн эзэмшвэл одоогийнхоос бүр өндөр амжилт гаргана” гэдэг. Тэгэхээр техникээ л бүр сайн сурвал өөрийнхөө нөөц, бололцоог жинхэнэ утгаар нь бүрэн ашиглах боломж бүрдэх бололтой.

-Аливаа зүйл цаг хугацаатай. Та хэдэн нас хүртлээ энэ спортоор хичээллэнэ, тив, дэлхийн аваргаа батлах хэмжээнд формоо хадгална гэж боддог вэ?
-Одоо би 54 настай. Бэлтгэлээ иймэрхүү базаагаад, бэртэл гэмтэл авчихгүй л бол тив, дэлхийн аваргад оролцоод, түрүүлээд байж болмоор санагдаж байна.

-Өмнө нь тив, дэлхийн аварга болох зорилготой байсан нь мэдээж. Одоо харин юуны төлөө зүтгэж байгаа бол?
-Аварга цолоо хамгаалж, өөрийн эзэмшиж буй дэлхийн рекордоо шинэчлэхийг эрмэлздэг. Үүнд л тэмүүлж бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Дөрөвдүгээр сард Дэлхийн цом, зургаадугаар сард Гран при, долдугаар сард Дэлхийн тоглолт, есдүгээр сард ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан