Б.БИЛГҮҮН
Хурдан морины унаач хүүхэд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байдаг тул хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг Хүний эрхийн комиссоос Монголын морин спорт унаачдын холбоонд жил бүр анхааруулдаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүртэл Монголд зохиогддог морин уралдааны талаар жич ярьж, мориноос унаж бэртсэн, тахир дутуу болсон, нас барсан хүүхдүүдийн асуудалд Засгийн газрыг анхаарал хандуулах ёстой гэж үзсэн байдаг. Гэсэн ч хуанлийн хуудсаар хавар цаг ирсэн даруйд хаврын тодотголтой морин уралдаанууд товлогдож, хасах хэмийн хүйтэнд наанадаж хацраа хайруулах хүүхдүүд цөөрсөнгүй. Үүний тод жишээ нь, өнөө жилийн “Дүнжингарав-2016” бүсийн морин уралдаан байв. Хэдийгээр хаврын тодотголтой ч сарын энэ үед цаг агаар хасах хэмээс барагтай л бол буудаггүй тул хүйтний улиралд зүй ёсоор тооцогддог. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд болоод УИХ-ын дэд хорооноос Засгийн газарт хандан энэ уралдааныг цуцлах тухай шаардлага хүргүүлсэн ч Засгийн газрын тогтоолоор Дүнжингарав, цаашлаад хангайн бүсийн морин уралдааныг хийхээр тогтсон нь өчигдрөөс эхэллээ.
Хэдийгээр монголчууд морь уралдуулах нь өв уламжлал, эрийн гурван наадмын нэг гэдэг ч хасах хэмийн хүйтнийг 20-с дээш км цагийн хурдтайгаар сөрөх унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудлыг нэгдүгээрт тавих нь зүйн хэрэг гэж үзэж байгаа юм. Өчигдөр гэхэд л “Дүнжингарав-2016” морин уралдааны Их насны уралдаанд 300 гаруй, Соёолон насанд 250 гаруй хүүхэд хурдан морь унаж уралдан, зам дагуу хүүхдүүд мориноос унаж ямар нэг хэмжээгээр бэртэв. Гэтэл үүнээс 10-хан хоногийн өмнө УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцуулсан “Хүний эрхийн үндэсний институтын төлөвшил” сэдэвт өргөтгөсөн хэлэлцүүлэг болж, хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх талаар санаа бодол нэгдсэн байв. Тухайлбал, Хөдөлмөрийн сайд “Өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай” 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаал гаргасан боловч “Дүнжингарав” хаврын уралдааныг энэ сарын 28-ны өдөр, Хангайн бүсийн уралдааныг гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байгааг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар шүүмжилж, Ерөнхий сайдад “Өвлийн морин уарлдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай” тушаалын хэрэгжилт хангуулах тухай албан тоот хүргүүлсэн юм.
Мөн Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос хурдан морины “Дүнжингарав-2016” уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж, хурдан морины уралдааны унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг бөгөөд өнгөрөгч онд “Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн тоо баримт бий гэдгийг дуулгасан байдаг. Тиймээс Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж хурдан морины өвлийн уралдааныг хүйтний улиралд зохион байгуулахыг эсэргүүцэж байгаагаа Засгийн газар, холбогдох газар нь уламжилсан юм. Гэвч, урьд жил ч, өнөө жил ч ялгаагүй “Дүнжингарав” уралдаан болдгоороо болж, барианы зурхайд хүүхэдгүй морь орж ирдгээрээ л ирэв.
Тиймээс олон улсын байгууллага, Хүний эрхийн комисс, иргэний нийгмийн байгууллага гээд олон газраас Засгийн газарт шахалт үзүүлж байгаа ч өнөө хэр нь өвлийн уралдаан зогсохгүй байгаа нь олны анхаарлыг татаж, алдар цуут уяач нарын сүр хүчийг иргэд гайхаж, цахим ертөнцөд морин уралдааны эздийг “эрэн сурвалжилж” эхлэв.
Тэгвэл Монголын морин спорт уяачдын холбоог МАН-ын дарга М.Энхболд тэргүүлдэг. Гэхдээ өнөө жилийн сонгуульд сөрөг хүчнийг толгойлж орох тэрээр холбооны ажлаа түр хойш тавьж, долдугаар сарын таван хүртэл “чөлөө” хүссэн юм. Одоогоор түүний ажлыг Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж хэрэгжүүлж байгаа бөгөөд сонгууль дуусч, найр наадам эхлэх үеэр Морин спортын уяачдын холбооны тэргүүн Миеэгомбын Энхболд хэмээн дахин өргөмжлөгдөх нь.
Түүнээс гадна, морь машинд хоббитой хэд, хэдэн УИХ-ын гишүүн, групп, компанийн захирал гээд нөлөө бүхий хүмүүс энэ холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Тухайлбал, Аймгийн алдарт уяач, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсын манлай уяач Ч.Улаан, Тод манлай уяач Г.Батхүү, Ц.Даваасүрэн, Ховд аймгийн уяачдын холбооны тэргүүн Д.Батцогт, Дорнод аймгийн уяачдын холбооны тэргүүн Х.Болорчулуун нар бий.
Мөн 45 тэргүүлэгч гишүүн энэ холбоог удирддаг. Үүнд нь, Я.Батсуурь, Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Ц.Цэнгэл гэдгээс эхлээд энэ тэнэдхийн газрын дарга, групп компанийн захирлууд багтсан бөгөөд тэдний ихэнх нь “уяач” гуншигтай байгаа юм.
Хамгийн харамсалтай нь хууль батлах дээд байгууллагын гишүүд морин спортын холбоонд жин дарж, хүүхдийн эрх, эрүүл мэнд хохирч байгаа асуудалд төдийлэн анхаарал хандуулахгүй байгаа юм. Хэдийгээр хурдан морины уралдаан нь монголчуудын уламжлалтай нягт холбоотой ч эрт үед хүйтний улиралд хурдан морины уралдаан хийж, цэнгэдэг ёс байгаагүй гэж судлаачид үздэг байна. Гэсэн ч “Дүнжингарав”-ынхан нийгмийн бухимдал болоод УИХ, Хүний эрхийн комисс, хамгийн гол нь унаач хүүхдийн эрүүл мэндийг үл ажран бүсийн тэмцээнээ зохион байгуулав.