Б.БУЯНДАЛАЙ
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Завхан аймгийн Улиастай хотод уржигдар өндөрлөлөө. Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болсноороо онцлог тус тэмцээнд хагас шигшээ тоглолтоос шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер Г.Мөнхгал 11 тоглолтоос ес хожин түрүүлэв. Тэрээр ийнхүү өнгөрсөн онд авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, 56 дахь улсын аварга болсон юм. Харин Их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун нар удаалав. Эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Т.Батчимэг 11 өргөөс есөн хожин, хоёр тэнцсэн амжилтаар түрүүлэв. Тэрээр тэмцээн дуусахаас хоёр өргийн өмнө хошой аварга болох болзлоо хангасан юм. Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Анхчимэг, Олон улсын шатрын холбооны мастер Т.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.