Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урмыг нь хугалчихгүй юмсан

Б.БУЯНДАЛАЙ

Монголын өвлийн спортын анхны олимпын аварга Б.Сумъяа уржигдар эх орондоо ирсэн. Түүний энэ амжилт бүхий л спортын тамирчдын төдийгүй монголчууд бидний баяр, бахдалыг төрүүлж байгаа нь дамжиггүй.

Монгол Улс тэртээ 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод анх удаа өрсөлдөж, олимпизмын үйл хэрэгт улам эрчимтэй оролцож эхэлсэн түүхтэй. Тэр үеэс өдийг хүртэл өвлийн спортын холбоодын үе үеийн удирдлага, тамирчдын чин хүсэл, мөрөөдөл нь  олимпоос медаль авах байсан нь лав. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү.

Түүхэн амжилтын эзнээ төр, засаг маань хэрхэн хүлээн авч, яаж урамшуулах нь спорт сонирхогчдын анхаарлыг чамгүй их татаж байна. Ер нь, Б.Сумъяаг түрүүлснээс хойш л нийгэм тэр аяараа үүнд анхаарлаа хандуулж, хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй.

Түүнийг эх орондоо ирэхийн өмнөхөн олны танил нэгэн сэтгүүлч фэйсбүүк хаягаараа дамжуулан “Монголын төр 17-хон настай олимпын аваргаа хүлээж авахад бэлэн үү. Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын баатар цол, мөнгөн шагналаа бэлдсэн үү. Аж ахуйн нэгж, компаниуд гарын бэлгээ базаасан уу” хэмээн бичсэний доор олон хүн сэтгэгдэл үлдээж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна лээ. Одоогоор Б.Сумъяаг Эрүүл мэнд, спортын яамнаас “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан бол Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, “Алдар” спорт хорооныхон хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар алтан медалийг нь мялаагаад байна.

Харин хамгийн түрүүнд түүнд анхаарал хандуулах учиртай Монголын тэшүүрийн холбооныхон тамирчныхаа амжилтыг арай л дутуу үнэлээд байх шиг. Унтах нойр, унааныхаа түлшийг харамласандаа ч тэрүү,  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас ч тосоогүй тэд өдрийн хоолоор дайлж, даруухан хүлээж авсанд нь олон хүн гайхаж байна. Бүхэл бүтэн олимпоос алтан медаль авч, түүхэн амжилт үзүүлээд ирэхэд арай ч ингэж боломгүй санагдах юм. Эсвэл чимээгүй байж байгаад гэв гэнэт том шагнал өгөх гэж байгаа юм болов уу.

Уяачгүй хурдан морь байдаггүй шиг тамирчны амжилтад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүн бол дасгалжуулагч. Түүний амжил­тыг Д.Энхбаяр багш­гүйгээр төсөөлөхийн аргагүй. Харамсалтай нь холбооны зүгээс түүнийг ч үл ойшоосоор байгаа бололтой. Аливаа шагнал урамшуулал, халуун амьсгаан дээрээ л улам үнэ цэнэтэй, утга учиртай. Хожим хойно “Тэгсэн бол, ингэсэн бол” гэж хэчнээн яриад, яаж ч шагнаад нэмэргүй.

Зарим хүн “Залуучуудын олимпын багийн төрөлд түрүүлсэн. Амжилтыг нь хэт их дөвийлгөх хэрэггүй” гэж бодож байгаа бололтой. Түүний энэ амжилтаас өмнө манай тамирчид өвлийн спортын төрлөөр олимп, ДАШТ-ээс медаль авна гэдэг биелшгүй мөрөөдөл мэт байсан гэхэд хилсдэхгүй. Бидэнд боломж байгааг, тордоод өгвөл том тэмцээнээс медаль авч болохыг 17-хон настай Б.Сумъяагийн амжилт нотолсон. Манайхан өвлийн спортын төрлөөр томоохон амжилт гаргах хэмжээнд хүрээгүй гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг энэ үйл явдал өөрчилж чадав. Түүхэн амжилт байгуулснаас дутахааргүй түүний бүтээсэн гавьяа бол энэ.

Саяхан л бөмбөгтэй хоккейчид ДАШТ-д медалийн оосроос атгаад алдахад нь амаа олохгүй магтаж, түүхэн амжилт байгуулснаар нь бахархаж байсан мөртлөө эх орондоо ирэхэд нь холбогдох яам, тамгын газрынхан нүдэн балай, чихэн дүлий л өнгөрсөн. Ядахдаа ганц нь ч хүлээж аваад, урмын үг хайрлачихаагүй шүү дээ. Тэд төр засагтаа яасан их гомдсон бол. Харин одоо Б.Сумъяад “тэргүүний ажилтан” сэтэр зүүгээд чимээгүй өнгөрчих вий дээ. Монгол Улс залуучуудын зуны олимпын анхны аваргаа 2010 онд өлгийдөхөд юу болсон билээ. Тэр үед гимнастикийн Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн Б.Батцэцэг хоёр ёстой “од” болсон доо. Төрөөс хоёуланг нь “Алтан гадас” одонгоор шагнаж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч шагналаар “булж”, бараг бүхий л томоохон үйл ажиллагаанд урьсан шүү дээ. Тэгвэл яагаад Б.Сумъяад тийм хэмжээний хүндэтгэл үзүүлж болохгүй гэж. Одоо түүнийг юу юунаас илүүтэй амьдралын болоод бэлтгэлийн таатай нөхцөлөөр хангах нь чухал байна. Тэднийх Дархан-Уул аймагт байдаг тул Б.Сумъяа хотод ахтайгаа хамт байр хөлсөлж амьдардаг. Ядахдаа түүнд байр бэлэглэчихвэл амьдралд нь бага ч болов нэмэртэйсэн.

Төр засаг маань тамирчдынхаа амжилтыг шударгаар үнэлж, урамшуул­бал тэд эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргахын төлөө улам хичээнэ шүү дээ. Ер нь Б.Сумъяаг дөмөгхөн шагнах нь ганцхан түүнд бус өвлийн спортын бусад тамирчинд томоохон урам өгөх нь дамжиггүй. Харин цэцгийн баглаагаар “булаад” өнгөрвөл жинхэнэ шоовдорлосон хэрэг болно. Мөн манай зарим компани, аж ахуйн нэгжүүд олны өмнө томоохон шагнал амлаж, шоудчихаад таг чиг болдог гэмтэй. Тийм зүйл битгий давтагдаасай.

Б.Сумъяаг энэ амжилтад хүрэхэд төр засгаас үнэхээр дөмөгхөн дэмжиж, тусалж чадсан билүү. Ер нь, өвлийн спортын тамирчид айлын шоовдор хүүхэд шиг байсаар өдий хүрсэн гэхэд хилсдэхгүй. Өдий хүртэл мөсөн ордонгүй, Хандгайтад тавьсан овон товон бүхий мөсөн дээр л гулгаж байгаа шүү дээ. Мэдээж тив, дэлхийд гаргаж буй амжилтаараа зуны спортын төрлийн тамирчид илүү ч адил түвшинд дэмжиж, тордож гэмээнэ тэд өндөр амжилтад хүрнэ.

Ирээдүйд олимпын тэн­­гэрт төрийн дууллаа эгшиг­лүүлэх бололцоотой түүнийг тэшүүрийн спорт өндөр хөгжсөн орны сургуульд сурал­цуулбал зохилтой. Хэчнээн санхүү, мөнгөний гачигдал­тай байгаа ч ганцхан тамирчныг гадагш явуулж, тоймтойхон дэмжиж дөнгөмөөрсөн. 17-хон настай охин бор зүрхээрээ зүтгэсээр өдий хүрлээ. Цаашид ч хийж бүтээхээр төлөвлөсөн, гаргахаар зорьсон амжилт олон байгаа нь дамжиггүй. Урмыг нь л хугалчихгүй юмсан.

0 Сэтгэгдэл
Yost goliign olood bichjee. Arai ingeed l ongorchhgui bgui dee
Хамгийн их уншсан