С.ЭНХ-ҮЖИН
Өнгөрсөн 2015 онд ЭЕШ өгөхөөр 20473 хүүхэд бүртгүүлснээс 19977 нь шалгалтад хамрагджээ. Харин шалгалтаа амжилтгүй өгсөн сурагчдын тоо баримтыг Боловсролын үнэлгээний төв болоод “2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан” номноос ч олсонгүй. Иймээс шалгалтдаа тэнцсэн эсвэл тэнцээгүй хүүхдийн тоо жил ирэх тусам өссөн, буурсан эсэх нь тодорхойгүй байна.
Хуучин бол дээд сургуулийн нэг хуваарьт олон хүүхэд өрсөлдөөд бусад нь юу ч үгүй хоцордог байсныг бодвол хэдэн зуу дахин хялбар, босго оноо давчихсан байхад аль ч сургуульд орж болдог өнөөгийн шалгалт уг нь амар болсон. Үгүй ядахад л оноо дутуу байлаа ч төлбөр мөнгө нь байвал хувийн аар саархан сургуульд орчихно. Гэхдээ л ЭЕШ өгнө гэдэг төгсөх ангийн хүүхэд бүрийн, тэдний эцэг, эх, ангийн болон хичээл заадаг багш нарын “толгойны өвчин”.
Дээр нь сүүлийн жилүүдэд ЭЕШ өгөх хүүхэд бүр Монгол хэлний хичээлийн шалгалт заавал өгч тэнцсэн байх ёстой, энд нь Монгол бичгийн сэдэв орсон байгаа. Энэ жилээс эхлээд хэлний шалгалтуудад ч мөн сонсч ойлгох шалгуур нэмэгдсэн билээ.
Энэ бүхэн дээд сургуульд элсэх сонирхолтой хүүхэд, эцэг эхчүүдийн “толгойны өвчин” болжээ.Өнөөгийн ЕБС-иудын анги дүүргэлт их, нэг ангид 35-аас дээш хүүхэд суудгаас багш сурагч нэг бүрт хандаж, тулж ажиллах боломж хязгаарлагдмал, нөгөө талаар сурагчид ч хэдэн жилийн өмнө үзсэнээ мартаж санасан, дутуу дундуур ойлгосноо давтах сонирхол их байдгаас энэ тэндээс давтлага авах нь ихэссэн.
Зарим сурагч нь сургуулийнхаа багш нарын өгч байгаа давтлагад суудаг байхад зарим нь гадуурх сургалтын төвүүдийн “ЭЕШ-д бэлтгэнэ” гэсэн курст сууна. Харин бийлэгжүү айлын хүүхдүүд гэрийн багшаар заалгадаг болоод удаж байна.Гэвч ерөнхий боловсролын сургуулиуд ихэвчлэн есдүгээр сараас эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан давтлага өгч буй нь чанартай, чанаргүй сургалтын төвүүд олноор бий болоход завшаантай хэрэг болдог аж.
Хүүхдүүд: Давтлага авахгүй бол ЭЕШ өгч барахгүй
Монгол гуравдугаар сургууль, АШУҮИС-ийн лицей, 21 дүгээр сургуулиар ороход сургалтын төвөөс давтлага авдаггүй хүүхэдтэй анги байгаагүй юм.
Үүнээс гадна хүүхдүүд давтлага авахгүй бол элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог давна гэдэг амар биш, давтлага л маш чухал хэмээн ярьж байв. Химийн хичээлээр давтлага авч байгаа 21 дүгээр сургуулийн сурагч Б.Цэндбаяр “Сургалтын төв цөөн хүүхэдтэй хичээллэдэг, хичээл нь дөчин минутаас илүү хоёр цагаар ордог болохоор хүүхэд бүр ойлгоход дөхөм санагддаг. Тэгээд ч давтлага авахгүй бол ЭЕШ-д гайгүй оноо авна гэж байхгүй” гэсэн бол энэ ангийн сурагч М.Хулан ”Хэрвээ сургалтын төвөөс давтлага авах боломж гарвал авмаар л байна. Хэн ч сайн оноо авахыг л бодно шүү дээ” гэж байлаа.
Сургуулиудаар явж хүүхдүүдтэй уулзаж ярилцахад тэдний гэнэн цайлган ярианаас өнөөгийн сургуулиудын сургалтын чанар, багш нарын хичээлээ заадаг арга барилын тухай бүхнийг мэдэж болохоор байв. Ямар сайндаа л нэг хүүхэд “Эгчээ араар суудаг хүүхдүүд багш нарын нүдэнд өртдөггүй. Тэгээд ч багшаас дүн авахын тулд хуулдаг шүү дээ” гэж хэлчихээд цааш гүйгээд явчихсан юм.
“Боломжтой бол хүүхдээ сургалтын төвд явуулмаар л байна”
Дунд сургууль төгсөх ангийн хүүхэдтэй айл бүрт л өглөө оройдоо “За нөгөө шалгалтад бэлтгэх юу болж байна. Багш нар чинь давтлага өгч байна уу. ЭЕШ-д бэлтгэнэ гэсэн сургалтын төвийн зар байна уу, хараарай, судлаарай, үнэ төлбөр нь ямар байна” гэсэн яриа үргэлжилж, бэл хөрөнгөтэй зарим нь “Гэрийн багш авах юм уу” гэцгээнэ.
Ингэж л эцэг, эхчүүд үхтэл үр гэдэг болохоор хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгөө тэднийхээ төлөө, сурахад нь зориулдаг. Сурагч Мандширын ээж Б.Сод-Од ”Ер нь 12 дугаар анги хүртлээ сурсан хэрнээ л давтлага авахгүй бол болохгүй санагддаг.
Сургуулийн багш нар тэр олон хүүхэдтэй ажиллахад ч хэцүү байдаг байх. Иймд би хүүхдэдээ сургалтын төвөөс давтлага авахуулж байгаа” гэсэн бол сурагч Отгонсүрэнгийн ээж Н.Түмэндэмбэрэл “Манай хүүхэд одоогоор сургуулийнхаа давтлагад л сууж байгаа. Уг нь, боломж бололцоотой бол гадуур давтлага авмаар л байна” гэж байв.
Сургалтын төвүүдийн дундаж ханш 450-550 мянган төгрөг
ЭЕШ-ын давтлага авах нь үнэхээр хэрэгцээ болж. Нэгэнт хэрэгцээ байгаа бол зах зээл бий болдог, үүнийг дагаад бизнес цэцэглэдэг нь жам. Ийм ч болохоор сонин хэвлэл, интернэтээр “ЭЕШ-д бэлтгэнэ” гэсэн зар хаврын хаварт ёстой л борооны дараахь мөөг шиг олширдог. Харин сургалтын энэ олон төв, тэнд зааж байгаа багш нар үнэхээр хүүхэд эцэг, эхийн хүсэлд хүртэл зааж, давтуулж эрэлт хэрэгцээг нь бүрэн хангаж чадаж байна уу гэдэг л асуудал.
“Нарийн гарц жим” сургалтын төвд гэхэд Солонгост гурван жил амьдарч байгаад монголд ирсэн гуравдугаар курсийн оюутан хичээлийнхээ зав чөлөөгөөр солонгос хэл заадаг байсныг санаж байна. Эх оронд нь хэдэн жил болсныхоо хувьд хэлээ ч яахав мэддэг юм гэж бодоход тухайн хэлний хэлзүй, дүрмийг хэр мэддэг юм бол. Үүн дээр заах арга, сургалтын төлөвлөгөө систем, дэс дараалал гээд багшлах аргазүйн хэр туршлагатай бол.....
Энэчлэн нэгэнт л сургалт явуулах зөвшөөрөл авчихсан төвүүд олон нийтийн эрэлт хэрэгцээг дагуулаад “ЭЕШ-д бэлтгэнэ” гээд зүтгэчихдэг ч сургалтын материаллаг бааз, хөтөлбөр, багшлах мэргэжилтэн зэргээ хэр бэлтгэдэг юм бол. Мэргэжлийн багш нартай ч тэд нь үнэхээр ЭЕШ-д хүүхэд бэлтгэж байсан туршлагатай байна уу үгүй юу.
Харин “Цөм” сургалтын төвийн захирал Д.Ууганбаяр “Манай зарим багш 2006 оноос хойш хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэж байгаа. Гэхдээ залуу багш нар Монгол хэл, Монгол бичгийн хичээл заадаг. Харин гадаад хэлийг тухайн оронд нь амьдарч байсан монгол багш нар заадаг” гэж байна. Сурагчдыг бүртгэхдээ мэдлэгийн түвшинг нь тогтоож байж авдаг ололттой сургалтын төв ч байна.
Сургалтын төвүүдийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх дундаж ханш гурван сар хичээллэхэд 450-550 мянган төгрөг байна.
Гэхдээ зарим сургалтын төв яг хичээл эхлэх, дуусах тодорхой товгүй, хүмүүсийг бүртгүүлж төлбөрөө төлсөн өдрөөс нь эхлэн хичээлийн дундаас суулгадаг, гэсэн атлаа төлбөрийг нь бүтэн авдаг явдал ч байна.
Сургалтын төвүүдийн ерөнхий төрх ийм алаг цоогтой. Энэ бүхэнд хяналт тавих ёстой газар бол төр. Яагаад гэвэл сургалтын төв ажиллуулах зөвшөөрлийг тэд л өгч байгаа.
Манай сайтад бүрэн мэдээлэл байгаа
Нэгэнт сургалтын төвүүд эрэлт хэрэгцээ болоод, хүмүүс түүн рүү итгээд хошуураад байгаа юм бол төр үүнд нь хэрхэн анхаарал, хяналтаа тавьдаг бол. Энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнтэй утсаар ярихад сайтад байгаа мэдээллээс хар гээд утсаа тавьчихлаа.
Ингээд hudulmur.mn-ээс харахад сургалтын төв ажиллуулахын тулд бүрдүүлэх материал болоод сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, багшийн дэлгэрэнгүй анкет зэрэг шаардлагыг хангасан үед боловсролын хэлтсээр дүгнүүлсний дараа сургалт явуулах зөвшөөрөл олгох эсэхээ хөдөлмөрийн хэлтэс шийддэг гэсэн байгаа юм. Гэхдээ үүнийгээ тухай тухайн үед нягтлан шалгаж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу, багш боловсон хүчин нь өөрчлөгдөж үү, зааж байгаа хичээл нь чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэж хянадаг эсэх нь тодорхойгүй. Үүнд боловсролын байгууллага уу, өнөөх зөвшөөрөл олгосон хөдөлмөрийн байгууллага уу, эсвэл мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих ёстой юм уу, тодорхойгүй.
Давтлага юм чинь давтуулж л байгаа байх
“Мөнгөө төлсөн хүн дуугаа захиалдаг” гэсэн бизнесийн нэг алтан зарчим бий. Тэгэхээр нэгэнт л хүүхдэдээ хичээл заалгая, давтуулъя гээд мөнгө төлбөрөө төлчихсөн эцэг эх энэ сургалтын төвүүд хэрхэн ажиллаж байгааг хянаж харж байх нь үүрэг. Харамсалтай нь, манай эцэг эхчүүд энэ талаар тун бага санаа тавьдаг нь энэ сурвалжлагыг бэлтгэх явцад харагдсан юм. Олонхи нь “За мөнгийг нь төлчихлөө. Одоо чиний хичээх л үлдлээ шүү” гэж хүүхдээ шаардахаас биш тэр сургалтын төв нь ямар багш нартай, тэд нь хэр туршлагатай, өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалууд дээр ажиллаж байна уу, сургалтын төлөвлөгөө нь хэр юм, ямар дэс дарааллаар зааж, ямар үр дүнд хүргэх юм гэдгийг нэг их анзаарахгүй хүүхдээ явуулдаг байна.
Эцэг, эхчүүдийн гол анхаардаг зүйл нь ердөө л төлбөр нь хэд юм, гэрээс хэр хол байдаг юм, нэг ангид хэдэн хүүхэд хичээллэх юм бол.... гэсхийгээд л дуусдаг бололтой.
х х х
Цагаан сар, элдэв баяр ёслол ойртоод ирэхээр хуурамч архи, чанаргүй цагаан идээ, хүнс хоол зах зээлд элбэгшдэг нэгэн муухай жишиг манайд бий. Цаана нь үнэ хямд бараа авах эрэлт хэрэгцээ ихэссэнээс тэр.
Үүн лүгээ ЕБС-ийн хаврын шалгалт, ЭЕШ дөхөөд ирэхээр сурагчдад, их дээд сургуульд элсэх сонирхолтой хүүхдэд давтлага өгнө гэсэн сургалтын төв газар сайгүй олширч зар сурталчилгаа нь хэвлэлээр нэг түгдэг. Энэ бүхнийг Цагаан сарын хүнс шиг, хүний хэрэгцээ далимдуулан түрийвчээ зузаалдаг хулхи бизнес болгочихгүйн тулд төр, хувь хүн, эцэг эх, хүүхэд гээд аль аль талаасаа анхаарч хяналт, шаардлага тавьж байх нь нэг их илүүц болохгүй л болов уу.
Үнэхээр чанартай сайн байгаад, хүүхэд залуучуудын маань мэдлэг чадвар сайжраад хожимын амьдралынхаа гол зам болох их, дээд сургуульдаа элсч чадаад байвал аштай юу даа.