“Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О.Ариунзул соёлын тэргүүн, дуучин Б.Амархүүтэй хуримлаж, үрийн зулай үнэрлээд буй. Өөрийн цахим хуудсанд үзэл бодлоо тэр бүр илэрхийлээд байдаггүй тэрээр сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүчтэй яригдаж буй “Мүүн”-ий талаар өөрийн байр суурийг илэрхийлж, жинтэйхэн хэдэн үг хэлээд амжжээ.
Тодруулбал, “Улс төр гэж нэгнийгээ хэмлэж суухын оронд, нийгэмд тулгараад буй чимээгүй сүйрлийг хориглож, таслан зогсооцгооё! Энэ бол хоёр хүний хоорондох хэрүүл төдийхнөөр хараад өнгөрөх зүйл биш.
Миний ойлгосноор “Мүүн” гэгчийн ард маш том бүлгэм, бодлого байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, ард иргэдийг санхүүгийн чадамжаар нь урхиддаг иймэрхүү гаж урсгалуудыг хориглох ёстой” хэмээн “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгорын дэлгэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр 14 насандаа “Хаврын гоёл” наадамд оролцож, дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнээс “Азийн топ модель” хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.