Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчингийн босго өндөрдөв үү, эсвэл...

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Саяхныг хүртэл кибер спортын тамирчдыг “Муусайн “пи си”-чид, хийх ажил, хичээл сургуульгүй дэлгэц гөлөрсөн юмнууд” гээд элдвээр нүд үзүүрлэх нь их байв. Харин энэ спортын төрлөөр Азид цахиур хагалж, Монгол гэх нэрийг дэлхий дахинд сонордуулсан ”The Mongolz” багийн амжилт, ялалт энэ хандлагыг эрс өөрчилж, гэрэл гэгээтэй талаас нь харах боломж олгосон.

Энэ сарын 1-нд болсон Азийн аварга шалгаруулах “IEM Taipei” тэмцээнд түрүүлж, спорт сонирхогчид болоод мэргэжилтнүүдийн таамгийг эвдсэн залуусыг кибер спортын төрөлд “битүү морь” хэмээн тодорхойлох нь ч цөөнгүй байв. Дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг багуудыг буулган авч, Азидаа аваргалсан залуусын дараагийн “тулаан” АНУ-ын Колумбус хотод болох байсан ч харамсалтай нь визны асуудлаас болж өнжихөд хүрээд байна.

Тэд “IEM Taipai”-д аваргалсны хувьд ирэх сарын 4-6-нд Польшийн Котовицэд болох тэмцээнд  орох эрх өвөрлөсөн. Азиас алс хол буурал тивийг зорихоор бэлтгэл сургуулилтаа базааж байсан залуус Котовицийн тэмцээнээс өмнө 250 мянган ам.долларын шагналын сантай “MLG Kolumbus”-д оролцохоор болж, АНУ-ын Элчин сайдын яаманд цагаачлалын бус визэнд хоёр ч удаа орж татгалзсан хариу сонссон. Улмаар гурав дахь буюу сүүлийн удаа визэнд орох хүсэлт тавьсан ч “цаг байхгүй” гэх шалтгаанаар мөн л татгалзсан хариу авчээ.
Учир нь, Америкийн элчингээс тэднийг “Эх орондоо эргэн ирэх шалтгаанаа нотолж чадаагүй” хэмээн хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.

Эл асуудал кибер спорт сонирхогчдын зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, цагаачлалын бус виз олгоогүй АНУ-ын Элчин сайдын яамыг бус спортын энэ төрлийг ойлгож, дэмжээгүй яам тамгын газар цаашлаад төр засагт шүүмжлэлтэй хандаж байна. Цахим ертөнцөд олны анхаарлыг татаад буй асуудлын тухай “Америк элчин хийх ёстойгоо хууль, журмынхаа дагуу л хийж байгаа хэрэг. Спорт гэдэг талаас нь дэмжээд, ядаж л яам, тамгын газраас батлан даалт гаргаад өгчихөж болох л байсан” хэмээх нь их байна.

Магадгүй манай баг 250 мянган ам.доллараас атгаад алдсан ч байж болох. Ямартай ч, тэдний хийх “аян дайн” энэ хүрээд эцэс болохгүй. Гэхдээ ирэх сард болох Котовицийн тэмцээнд энэ мэт асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан