Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түүхэн амжилтын эзэн эх орондоо ирлээ

Б.БУЯНДАЛАЙ

Өвлийн спортын олимпын анхны аварга Б.Сумъяа өчигдөр эх орондоо ирлээ. Аварга маань “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн олимпын холимог хосын төрөлд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай хамт оролцон түрүүлсэн билээ. Тэрээр дасгалжуулагч Д.Энхбаярын хамт өглөөний 07.00 цагт эх орондоо ирсэн юм. Түүнийг Эрүүл мэнд спортын яам, Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, “Алдар” спорт хорооны удирдлагууд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд тослоо. Дараа нь тэднийг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Энэ жилийн олимпын үеэр Б.Сумъяа, Д.Энхбаяр хоёроороо үнэхээр их бахархлаа. Залуучуудын өвлийн олимп анх зохиогдож эхэлснээс хойш аваргатай болох юмсан гэж зорьсон. Хоёр дахь олимпод үүндээ хүрсэндээ баяртай байна. Манай тамирчид өвлийн спортын төрөлд өндөр амжилт гаргах боломжийг үүгээр нотоллоо. Алтан медалийн буухиа нь тасрахгүй байхыг ерөөе. Амжилт хүсье” гээд мөнгөн аягатай сүү, дурсгалын зүйл гардуулсан юм. Харин хамгийн түрүүнд тэднийг тосох учиртай Монголын тэшүүрийн холбооныхон “Буянт-Ухаа” –д угтаагүй нь хачирхалтай. Зүгээр нэг олон улсын тэмцээн бус бүхэл бүтэн олимпод түрүүлж, түүхэн амжилт үзүүлээд ирэхэд нь арай ч ингэж үл хүндэтгэж болмооргүй л санагдана. Арай эрт юм гэж унтах нойр, унааныхаа түлшийг харамлаагүй л байлтай.  Бүүр сүүлд МҮОХ-ныхон хүлээж авах үеэр л МТХ-ны ерөнхийлөгч Д.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид тэдэнд баяр хүргэж, цэцэг өгөөд гарна лээ. Гэхдээ арай ч ингээд нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөчихгүй байх гэж найдъя. Харин /маргааш/ өнөөдөр Б.Сумъяа болон түүний дасгалжуулагч Д.Энхбаярыг Шадар сайд Ц.Оюунбаатар хүлээн авч уулзахаар болсон байна. Түүхэн амжилтын эзэд маань ойрын өдрүүдэд хүлээн авалт, шагналын хур, урмын үгэнд нэлээн “булуулах” нь дамжиггүй.


Д.Энхбаяр: Д.Загдсүрэн бид хоёр Б.Сумъяагийнхаа дээлийн захыг мушгисаар байгаад  аварга болголоо

“Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн II олимпын аварга Б.Сумъяагийн багш, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр энэ тэмцээн тэртээ 2012 онд анх зохиогдоход нь А.Энх-Ариуны хамт оролцож, 2008 оноос хойш шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй манай шилдгүүдийн нэг юм. Түүний ОУХМ Г.Ууганбаатар, Б.Сумъяа, Д.Дэлгэрмаа нарын олон шавь нар нь өнөөгийн Монголын тэшүүрийн спортын өнгийг тодорхойлж, амжилтын буухиаг түүчээлсээр байна.

-Сайн явж ирэв үү, та. Юуны өмнө олимпын аварга шавьтай болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайн явж ирлээ. Анхны гэх тодотголтой амжилт бүхэн сайхан. Хоёр дахь залуучуудын олимпдоо дасгалжуулагчаар оролцон, Монголын өвлийн спортын түүхэн дэх анхны аваргыг төрүүлсэндээ баяртай байна. Залуучуудын өвлийн олимпын хөтөлбөрт энэ жил анх удаа тэ­шүүрийн холимог багийн төрлийг нэмсэн. Манай Б.Сумъяа, Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болон оролцож, аваргаллаа. Энэ тэмцээнд өрсөлдсөн тамирч­даас ирээдүйн олимпын аваргууд төрөх нь дамжиггүй. Энэ дашрамд Эрүүл мэнд спортын яам, Монголын үндэс­ний олимпын хороо, Биеийн тамир, спортын хөгжлийн төв,  “Олимпын хөгжлийг дэмжих сан”-гийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Шавиа медалийн тавцанд зогсч байхад танд юу бодогдож байв?
-Энэ спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж, олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа. Шавиа алтан медаль энгэртээ зүүгээд, шагналын тавцанд зогсч буйг харах их сайхан байлаа. Тэр мөчийг өчигдөр болсон мэт одоо ч тодхон санаж байна. Амьдралд маань тохиосон хамгийн сайхан мөчүүдийн нэг нь байлаа. Энэ тэмцээнд МҮОХ-ны Д.Загдсүрэн гуай очсон. Бид хоёр Б.Сумъяа­гийнхаа дээлийн захыг нь мушгисаар байгаад л аварга болголоо (инээв). Тэмцээний дараа Олон улсын олимпын хорооны албан ёсны сайтад “Анх удаа зохиосон холимог багийн төрөлд Монгол Улс анхныхаа аваргыг өлгийдлөө” гэж мэдээлэхэд нь сэтгэл бүр их хөдөллөө.

-Б.Сумъяагийн оролцсон VI багийг та дасгалжуулан, аваргалсан нь монголчууд биднийг бүр их баярлуулж байна...
-Надад ч бас их сайхан санагдаж байна. Би эндээс Норвегийг зорихдоо 500, 1000 м-т улсынхаа рекордыг шинэчлэх, багийн төрөлд медальт байрт шалгарах зорил­готой явсан. Олимпын аваргатай болж, түүнийгээ бүр давуулан биелүүллээ. Шавийнхаа ганцаарчилсан төрөлд гаргасан амжилтад нь ч бас сэтгэл хангалуун байна. 500 м-т хоёр удаа уралдан, 26 тамирчнаас 21-т орсон. Нийлбэрээр өөрийнхөө эзэмшиж буй улсынхаа рекордыг шинэчиллээ.

-Холимог багийн төрөлд 13 баг өрсөлдсөн. Тэмцээний өмнө медальт байрт шалгар­на гэх багцаа танд байсан уу?
-Тэшүүрийн төрөлд 56 тамирчин өрсөлдсөн. Тэднийг эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй 13 багт хуваарилж, дасгал­жуулагчдыг нь сугалаагаар сонголоо. Ингэхэд нь би Сумъяагийн оролцсон, VI багт хуваарилагдсан юм. Манай багт энэ жилийн олимпын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль авсан хоёр тамирчин байлаа. Бэлтгэл дээр манай багийнхны гар их сайхан нийлж байсан болохоор медальт байрт шалгарна гэдэгт нь эргэлзээгүй ч түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Зарим хүн Б.Сумъяаг мундаг тамирчидтай хамт оролцоод, түрүүлчихлээ гэж ярьж байгаа бололтой. Тийм биш шүү. Багийн төрөлд тамирчин бүрийн оролцоо, амжилт маш чухал. Сумъяа эхний гараанд түрүүлж, бусдадаа давамгайлал авч ирээгүй бол манай баг түрүүлж чадахгүй байсныг үгүйсгэхгүй.

-Багийн төрөлд хамгийн чухал зүйл бол тактик. Хэч­нээн сайн тамирчдаар ба­гаа бүрдүүлсэн ч буруу тө­лөвлөгөөгөөр уралдвал өн­­дөр амжилт гаргахад бэрх. Та тэмцээний өмнө ямар тактик боловсруулсан бэ?
-Эхний тойргоос л давамгайлах, бусад ба­гаас тасрах төлөвлөгөө боловс­руулсан. Тиймээс эхний гараанд Б.Сумъяаг, удаахад Италийн Б.Ноёмийг, гурав дахид БНХАУ-ын Хань Яныг, сүүлчийнхэд БНСУ-ын Жэ Вүнийг уралдуу­лахаар төлөв­лөсөн юм. Солон­госын тамирчны дасгал­жуулагч “Манай тамирчин ойрын зайд өндөр амжилт гаргадаг. Сүүлчийн тойрогт багийнхаа амжилтыг хойш нь татаж магадгүй. Хоёр юм уу гуравдугаар гараанд уралдуулъя” гэсэн санал надад тавьсан юм. Харин би түүнд “Танай улсын тамирчид тактикийн уралдаан сайтай. Тиймээс уралдааны төгсгөлийг хийлгэвэл илүү үр дүнд хүрэх байх. Шавьд чинь итгэж байна” гэсэн. Тамирчдаа гараа­­наас гарахынх нь өмнө “Багийнхныхаа итгэлийг хө­сөр­­­­дүүлж болохгүй шүү. Та нар маань чадна аа. Өөртөө итгэл­тэй байгаарай” гэж захьсан. Уралдаан ч яг миний төлөвлөсний дагуу боллоо. Ма­­­­­­най багийнхан бусдаасаа нэг секундийн өмнө барианд орсон.

-Хамгийн эн тэнцүү, ширүүн өрсөлдөөнийг аль баг үзүүлсэн бэ?
-Энэ жилийн олимпоос мөнгө, хүрэл медаль авсан гурван тамирчинтай 13-р баг хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн. Тэмцээний өмнө тэднийг түрүүлнэ гэж ихэнх хүн таамаглаж байсан юм билээ. Харин тэд бус манай багийнхан илүү байлаа.

-Энэ жил нэгдүгээр сард мөс тавьсан. Үүнээс өмнө тавь­сан бол бүр өндөр ам­­­жилт гаргах байсан нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. Бид энэ тэмцээний өмнөх бэлтгэлээ БНХАУ-д 21 хоногийн хугацаанд базаасан. Харин олимпын эрх авахдаа БНСУ-д есхөн хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн. Ийм богино хугацаанд бэлтгэл хийсэн ч аваргалсан шавиараа бахархаж байна. Хэдий хэр удаан хугацаанд мөсөн дээр бэлтгэл хийснээс тэшүүрийн тамирчны амжилт шууд шалтгаалдаг. Хэчнээн хуурай бэлтгэл хийсэн ч мөсөн дээрхийг гүйцэхгүй. Энэ спортод техник, хурдны бэлтгэл үргэлж хийж, формоо удаан хадгалах нь чухал. Хэдхэн хоног завсардсанаас болж алдсан бэлтгэлээ нөхөж, формдоо орох их хэцүү. Хэрвээ бид эх орондоо арай урт хугацаанд бэлтгэл хийсэн бол үүнээс илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой байсан. Сумъяа олимпын эрхээ оны өмнө болсон Дэлхийн цомын цуврал, олимпын эрх олгох тэмцээнээс авсан. Хэрвээ үүнээс илүү нөхцөл боломж сайтай орчинд бэлтгэлээ базаасан бол Я.Зоригтбаатар ч бас “Лиллехаммер-2016”-д өрсөлдөх боломжтой байсныг итгэл бардам хэлье. Тэр олимпын эрхийн болзол биелүүлсэн ч, эхний 28-д багтаж чадаагүй.

-Таныг мундаг дасгал­жуу­лагч гэдгийг тань манай ун­шигчид андахгүй. Харин та­мирчин байх үеийг тань тийм ч сайн мэдэхгүй болов уу?
-Багадаа тэшүүрийн спортод их дуртай, хорхойтой хүүхэд байлаа. Зав чөлөө л гарвал гулгадаг байсансан. 14 настайдаа Л.Цэнд багшийнхаа удирдлага дор хичээллэж, энэ спортод хөл тавьж байлаа. Миний тамирчин байх үед өрсөлдөөн ширүүн байсан шүү. УАШТ-ээс алт, спартикиадаас хүрэл медаль авч байлаа.

-Тэшүүрийн спорт бага зэрэг уналтад орчихсон байх үед буюу 2008 онд та шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед нэлээн саад, бэрхшээл тулгарч байсан болов уу?
-Багаасаа дурласан, сэтгэл зүрхээ зориулсан спортоо хөгжүүлье, мундаг тамирчин бэлтгэе гээд л дасгалжуулагч болж байлаа. Хэрэглэл материал, бэлтгэлийн орчноос авахуулаад их хэцүү байсан. Заримдаа бүр шантардаг байлаа. Харин түүнийгээ шавь нар маань мэдчих вий, сэтгэлээр унах вий гэж их эмээдэг байсан. 2009 онд болсон олон улсын тэмцээнд гурван шавьтайгаа хамт оролцохдоо гаргасан амжилт намайг их хурцалж, урам өгсөн. Ууганбаатар, Ургаацэцэг нар бүх зайн улсынхаа рекордыг шинэчилж, Мөнх-Амьдрал залуучуудын рекордыг ахиул­сан юм. Тэр тэмцээнээс Ууганбаатар Дэлхийн цомд өрсөлдөх эрх авч байлаа.

-Энэ жил Хандгайтад мөс тавьсан газрын эрхийг саяхан цуцалсан. Ирэх онд хаана мөс тавих юм бол?
-Мэдэхгүй. Төв цэнгэлдэхэд хөл бөмбөгийн талбай байгуулсан. Мөс тавиулахгүй гэж байгаа юм билээ. Бидний үед голын мөсөн дээр ч болтугай бэлтгэл хийж байгаад л тэмцээнд орчихдог байлаа. Харин одоо тийм үе ард хоцорсон. Мөсөн ордон бариад, улсаас сайн дэмжвэл манай тамирчид дэлхийн түвшинд хүрэх цаг ойрхон байна. Үүнийг би нүүр бардам хаана ч хэлж чадна. Хэдийгээр олимпод өндөр амжилт гаргаж чадахгүй байгаа ч тэшүүр, цанын төрлөөр байнгын шигшээ баг байх хэрэгтэй.

-Сочигийн олимпын дараа шигшээ баг тарсан. 2018 оны олимпод сойх шигшээ баг хэзээ бүрдэх вэ?
-Энэ жилээс шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг холбооны удирдлага сонгодог болсон. Энэ удаа зургаан та­мирчин бүхий шигшээ баг бүрдүүлнэ гэнэ лээ. Ирэх гуравдугаар сараас шигшээ ба­гийн бүрэлдэхүүн тодрох байх.

-Та цаашид юуны төлөө зүтгэх вэ. Ямар зорилт өмнөө тавиад байна вэ?
-Юун түрүүнд 2018 оны олимпод эрх авч оролцохыг зорьж байна. Төр засаг, яамнаас л сайн дэмжиж, дөмөгхөн тордвол манай тамирчдад боломж бий. Мөн дараагийн залуучуудын олимпод медалийн буухиагаа таслалгүй, улам ахиулахын төлөө хичээнэ ээ. 





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан