Б.БУЯНДАЛАЙ
Бид өвлийн олимпын анхны аваргаа өлгийдөж, бөмбөгтэй хоккейчид маань ДАШТ-д IV байрт шалгарсан нь яах аргагүй түүхэн амжилт билээ. Тэдний энэ амжилтаас өмнө өвлийн спортын төрлөөр манай тамирчид тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргана, медаль авна хэмээн итгэл дүүрэн хэлэх нь байтугай амжилтад хүрсэн аль нэг тамирчны нэрийг онооход ч тун бэрх байсан гэхэд хилсдэхгүй. Бэлтгэлийн орчин нөхцөл тааруу, хэрэглэл материал хангалтгүй байгаа өнөө үед олимп, ДАШТ-д эрх авч чадалгүй, цагаан хуудсаар оролцож буй тамирчдаас өндөр амжилт нэхэх эрх бидэнд байхгүй, тийм боломж ч бүрдээгүй. Гэхдээ манай тамирчдад боломж байгааг, тордоод өгвөл том тэмцээнээс медаль авч болохыг 17-хон настай Б.Сумъяа, бөмбөгтэй хоккейн шигшээ багийн тамирчдын амжилт нотоллоо. Манайхан өвлийн спортын төрлөөр дэлхийн хэмжээнд хүрэх болоогүй гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг энэ үйл явдал өөрчилж чадав.
Газрын асуудлаас болж Буянт-Ухаад баригдаагүй
Хэдийгээр залуучуудын өвлийн олимпын аваргатай болсон ч манай тамирчид олимп, ДАШТ-ээс медаль авах хэмжээнд хэзээ хүрэх вэ? Энэ асуултад хариулахын тулд зайлшгүй хөндөх асуудал бол өвлийн спортын тамирчдын бэлтгэл, сургуулилтын орчин. Тэд урин цагаас урьтан, өвлийн хэдхэн сарын хугацаанд бэлтгэлээ базааж байгаа нь үнэхээр хэцүү. Олимпын аварга Б.Сумъяатай энэ оны өмнө уулзахад “Мөс тавиагүй байгаа болохоор одоохондоо олимпын бэлтгэлээ хуурай бэлтгэлээр базааж байна. Бусад орны тамирчид мөсөн дээр бэлтгэл хийж, тэмцээнд оролцож буй зургаа фэйсбүүкт тавихаар нь атаархах юм. Мөс хурдан тавиасай. Хэдхэн хоног ч болтугай эх орондоо мөсөн дээрх бэлтгэлээ базаагаад олимпод оролцох юмсан” хэмээн санаа алдан өгүүлсэн юм. Энэ жил Монголын тэшүүрийн холбоо өнгөрсөн сарын дундуур Хандгайтад мөс тавьсан. Үүний улмаас Б.Сумъяа эх орондоо мөсөн дээрх бэлтгэлээ базааж чадалгүй, БНХАУ-д 21-хэн хоногийн хамтарсан бэлтгэлд оролцоод ийнхүү аваргалсныг дурьдах нь зүйтэй болов уу. Мөн бөмбөгтэй хоккейн шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн “Мөсөн ордон, бэлтгэл хийх стандарт талбай байхгүй болохоор бид томоохон тэмцээний өмнөх бэлтгэлээ ОХУ-д базаадаг. Төр засгийн дэмжлэг их үгүйлэгдэж байна. Энэ жилийн ДАШТ-д оролцсоны дараа өөрийн эрхгүй уйлсан” хэмээн сэтгэл гонсгор өгүүлжбайна. Энэ бол зөвхөн тэдэнд тохиолдож буй бус, манай өвлийн спортын тамирчдад тулгамдаж буй бэрхшээл.
Одоо өвлийн спортын тамирчдад ямар ч шагнал урамшуулал, урмын чамин үг, бэлэг сэлтээс илүүтэй өндөр амжилт гаргах нөхцөл боломжийг нь бүрдүүлж, мөсөн ордон барьж өгөх хэрэгтэй байна. Гэхдээ энэ бол зөвхөн одоо яригдаж байгаа асуудал биш. 2014 онд Засгийн газрын тогтоолын дагуу тухайн үеийн Соёл спорт, аялал жуулчлалын яам, Монголын тэшүүрийн холбооноос санаачлан БНСУ-ын нэгэн групптэй хамтарч Буянт-Ухаад мөсөн ордон барихаар төлөвлөж байсан юм билээ. Гэвч “Буянт-Ухаа” хорооллыг барьсан гэдэг. Уг нь тухайн үед тэрхүү тавхан га газрын асуудлыг шийдчихсэн бол өдийд сунагар өндөр барилгууд бус мөсөн ордон сүндэрлэх байлаа. Тийнхүү газрын асуудлыг шийдэж чадаагүйн улмаас мөсөн ордон барих ажил гацсан. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвлийн спорт, багийн спортыг дэмжих зарлиг гаргасан. Үүний дагуу одоо л дорвитой, дөмөгхөн ажил хийх хэрэгтэй. Тэр тусмаа мөсөн ордон барих зайлшгүй шаардлагатай байна.
Хандгайтад барихаар төлөвлөж байна
Хандгайтад “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв” нэртэй мөсөн ордон барихаар төлөвлөж байгаа сайхан мэдээ дуулдав. Энэ талаар ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжанаас тодруулахад “Санхүүгийн хямралтай байгаа өнөө үед мөсөн ордонг улсын санхүүжилтээр шууд барих боломжгүй. Тиймээс энэ ордонг концессын гэрээгээр барихаар төлөвлөж байна. Энэ нь мөсөн ордонг албан байгууллага, бизнесийнхэн хамтарч барина, тодорхой хугацааны дараа төрөөс ордон барьсан санхүүжилтийг нь нөхөж олгоно гэсэн үг. Мөсөн ордон барихад газрын асуудал хамгийн хүндрэлтэй байдгийг нуугаад яахав. Одоогоор зураг, төсөл нь хараахан гараагүй байна. 2014 онд мөсөн ордон барихаар төлөвлөж байхад 20 гаруй тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан. Харин энэ удаагийнхад хэдэн төгрөг зарцуулагдах нь зураг төсөл гарсны дараа тодорхой болно. Манай яамнаас өвлийн спортын тамирчдаа дэмжих, бэлтгэл сургуулилтын орчинг сайжруулах тал дээр нэлээн олон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Налайхад өвлийн спортын цогцолбор, Төв аймгийн Эрдэнэ суманд биатлоны бэлтгэлийн талбай барихаар зорьж байна” гэлээ. Энэ ажилд төр засаг, ЭМСЯ-наас гадна өвлийн спортын холбоодын оролцоо, идэвх санаачилга их чухал байна. Манай зарим холбооны удирдлага тэмцээнд оролцох болохоороо л зардал мөнгө гээд яамандаа гэгээн дүрээрээ залардаг мөртлөө бусад үед таг чиг алга болдог гэмтэй. Харин одоо хаа хаанаа уялдаа холбоотой, бие биенийхээ ажлыг дэмжиж, хамтарч ажиллах нь зүйтэй.
Саалиа бэлдэхээр саваа бэлд
Мөсөн ордон барьснаар тамирчдад бэлтгэл хийх орчин бүрдэхээс гадна олон улсын тэмцээн эх орондоо зохиох, хамтарсан бэлтгэл хийх олон талын ач тустай. Монгол Улс 2033 оны оюутны дэлхийн өвлийн Универсиадыг эх орондоо зохиохоор зорьж, өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч К.Галлеантай санамж бичиг үзэглэсэн. Мэдээж энэ том тэмцээнийг эх орондоо зохиох эрх авна гэдэг амаргүй. Хамгийн түрүүнд шахам манай улсад мөсөн ордонтой байх шаардлага тавих нь гарцаагүй. Мөсөн ордон барьсны дараа жижиг хэмжээний тэмцээн эх орондоо зохиож, туршлага хуримтлуулах нь чухал. Ингэхийн тулд манайд зохиох хамгийн боломжтой нь 2029 оны Азийн өвлийн наадам. Гэхдээ энэ бүхэн мөсөн ордонгүй л бол мөрөөдөл, цаасан дээр бичсэн төлөвлөгөө хэвээр л байх болно.
Мөсөн ордонгүйн улмаас ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж чаддаггүй шайбтай хоккейчдод том боломж бүрдэнэ. Учир нь, ДАШТ-д оролцох гэж буй багт хамгийн түрүүнд тухайн орон мөсөн ордонтой байх шаардлага тавьдаг юм. Үүний улмаас манай хоккейчдод энэ тэмцээнд өрсөлдөх боломж бүрдэхгүй байгаа билээ. Харин бэнди буюу бөмбөгтэй хоккейд ийм шаардлага тавьдаггүй. Манай ихэнх өвлийн спортын тамирчид гадны оронд бэлтгэлээ базааж байна. Учир нь, манайд жилийн дөрвөн улиралтай, бэлтгэлийн орчин тааруу болохоор тэр. Харин мөсөн ордон барьснаар тэд гадагшаа явах шаардлагагүй болж, санхүүгээ их хэмнэнэ. Тэмцээний зардлаа яаж олъё гэж сэтгэл зовниж явдаг тамирчдад их нэмэр болох нь лавтай. Мөн манай тамирчид гадагшаа бус бусад орныхон Монголд ирж хамтарсан бэлтгэл хийдэг болно. Ингэснээр манай тамирчдын ур чадвар, амжилт улам сайжрах нь дамжиггүй.
Хамгийн харамсалтай асуудлуудын нэг нь манайх мөсөн ордонгүйн улмаас шилдэг тамирчдаа гадны улсад алдсаар байна. Бэлтгэлийн орчин сайтайг нь бодолцон өөр улсад бэлтгэл хийж, бүр зарим нь ирээдүйгээ бодон, томоохон тэмцээнд оролцохын тулд иргэншлээ сольж буй. Харин мөсөн ордонтой болчихвол энэ бүхэн цэгцэрч, тэдэнд маань эх орондоо амьдарч, шигшээ багтаа хүчин зүтгэх бодол төрөх байх. Хүн бүхэн дор бүрнээ хичээж, дэмжвэл мөсөн ордон барих ажил мөрөөдөл биш. Энэ ажилд сэтгэл зүрхээ зориулж, боломжоороо дэмжихийг монголчууддаа уриалъя.