Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Тайландад өчигдөр эхэллээ.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, Т.Сүхбаатар нарын удирдлага дор 16 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын барилдаан боллоо. 75 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Узбекстаны Л.Оринбаева, хагас шигшээд Казахстаны А.Гулмарал нарыг ялж, финалд 2013 оны залуучуудын дэлхийн аварга Р.Абетай барилдаж 2:0-ээр өрсөлдөгчөө яллаа. Гавьяат маань энэ тэмцээнд өмнө нь гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан бол энэ удаад аварга болж чадлаа. Харин 63 кг-д барилдсан Б.Нямгэрэл эхний тойрогт хийлсэн ч удаахь даваанд Энэтхэгийн Р.Анитад өвдөг шороодож, үзэгчийн суудалд шилжлээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар барилдана.