Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ирээдүйн инженерүүд” техник сэтгэлгээгэрээ өрсөлдөв

Э.УНДРАЛБАЯР

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд тус дүүргийн Ерөнхий боловсролын  10 сургуульд “Робот кабинет” байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн инженерүүдийг бэлтгэж эхэлсэн.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах “Лего Робот” тэмцээнийг өчигдөр анх удаа зохион байгууллаа.
Уралдаанд Хан-Уул дүүргийн харьяа ЕБС-ийн 100 гаруй сурагч 18 баг болон оролцсон юм. Тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлсэн бол 130 дугаар бага сургуулийн таеквондогийн клубийн бяцхан тамирчид бие хамгаалах урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн.

“Хан-Уул Робо-2016” тэмцээнд оролцогчид робот машин зогсоолд байрлуулах, алтан гадас, гүүр, хог цэвэрлэх, дугуй, нэмэлт оноо гэсэн нийт 620 оноо бүхий зургаан даалгавар гүйцэтгэж ур чадвараа уралдуулсан юм.

Тэмцээний дүн гарахад техник сэтгэлгээ, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучлан 41 дүгээр сургуулийн “Онлайн 11” баг 410 оноогоор тэргүүлсэн бол 26 дугаар сургуулийн “Ирээдүйн инженер” баг 400 оноогоор дэд байрт шалгарч, 41 дүгээр сургуулийн “Робокоп” баг 370 оноогоор удаалсан. Тэмцээнд түрүүлсэн баг мөнгөн шагнал, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагддаг, олон улсын стандартад нийцсэн лего роботын талбайн эзэд болсон.

Дашрамд сонирхуулахад, “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэх үндсэн хоёр чиглэлээр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг 2016 онд ч үргэлжлүүлэхээр дүүргийн төсөвт 500 сая төгрөг суулгасан аж. Хан-Уул дүүрэг төрийн өмчийн 16 ерөнхий боловсролын сургуультай бөгөөд үлдсэн зургаан сургуульд роботын кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр зэхжээ.

0 Сэтгэгдэл
Юун 500 сая төгрөг вэ? Одоо уул нь 5000 төгрөгөөр микропроцессорыг нь авж болно ш дээ.
Хамгийн их уншсан